Пропорционалийг тойрсон намуудын уулзалт

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Пропорционалийг тойрсон намуудын уулзалт

Иргэний Зориг-Ногоон намаас “Монгол Улсын сонгуулийн тогтол­цооны шинэчлэл” сэдэвт улс төрийн намуудын хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ИЗ-НН-ын дарга, дэд тэргүүн, удирдлагууд болон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Уламжлалын нэгд­сэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Х.Жекей нарын төлөөлөгчид оролцон сонгуу­лийн тогтолцооны талаар байр сууриа илэр­хийлсэн байна.

ИЗ-НН энэ удаагийн хэлэл­цүүл­гийг зохион байгуулсан нь хүлээлт үүсгээд буй асуудлыг түр­­гэвч­лэх, сонгуулийн тог­тол­­­­цоонд сонгогчдын саналыг алдаг­дуулахгүй байх, пропорциональ тогтолцоог санал бол­гож, дэмжлэг авах зорилго­той байв. Улс төрийн намын удирдлагууд зарчмын хувьд пропорциональ шинжтэй тогтолцоог дэмжихэд бэлэн бай­гаа­гаа илэрхийлсэн хэдий ч шийдвэрлэх олон асуудал байгаа талаараа ч тайлбар хийсэн байна.

СОНГОГЧДЫН САНАЛ ПАРЛАМЕНТАД ТУСГАЛАА ОЛОХ УЧИРТАЙ

ИЗНН-ын Дэд Тэргүүн С.Оюун хувь хүмүүсийн үзэл бодлоос гадна эрдэмтэн судлаачдын судалгаа дүгнэлтийг харах хэрэг­тэйг бусад намынхан санал болгосноор уулзалт эхэлсэн юм. Тэрээр “Сонгуулийн төгс систем байхгүй ч хамгийн сайн тохирсон системийг олох учиртай. ИЗНН -аас пропорциональ тогтолцоог үүнд илүү нийцэх байх гэж үзэж байгаа.

Мажоритар тогтолцооны үед сонгогчдын өгсөн санал УИХ-д тусгалаа олж чаддаггүй. Түүнчлэн өнгөрсөн онуудын сонгуулийн үр дүнг харахад үр дүн нь ихээхэн савлалттай байсан. Тухайлбал 10 хувийн саналын хэлбэлзэл парламентын суудлын 60 хувийн савлагаанд хүргэж байж.

Үүнийг жишээгээр тайлбар­лавал, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл 46 хувийн санал авч, 2000 онд 22 хувийн санал аван 20 гаруй хувиар буурсан. Гэтэл суудлын тоог нь харвал 66 -аас ганцхан хувь руу буусан байх юм. Хоёрдугаарт, мөнгөний хүчин зүйл мажоритар системд тод илэрч байна. 2000 онд нэр дэвшигч тойрогтоо 10-20 сая төгрөгийг гаргаад сонгуульд оролцож бай­сан бол 2008 онд 100 саяас доошгүй төгрөг зарцуулж, бүр тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэх ч мэдээлэл гарсан.  Гишүүдийн тойрогт хувиарлах тэрбум төг­рөгийн асуудал ч сонгуульд нөлөөлж байна. Хэдий гишүүн шууд зарцуулах эрхгүй ч тойрогт нь очиж туузыг нь хайчлаад, үйл ажиллагаанд нь оролцож байгаа үед өөр хэн нэгэнтэй өрсөлдөхөд гарааны тэгш байдлын зарчим гэх зүйл алдагдах нь тодорхой шүү дээ.

Түүнчлэн УИХ дээр намын бодлого гэхээс илүүтэйгээр хувь хүний санаачилсан бод­лого явагддаг нь мажоритар тогтол­цооны нэг сул тал гэж үзэж болно.
2004 онд жижигсгэсэн мажори­тараар явж байгаад 2008 онд томсгосон мажоритараар сонгуулиа явуулсан. Тухайн 2004 онд МАХН-д өгсөн санал 49,3 хувьтай байсан бол 2008 онд 43 хувийн санал болж буурсан. Гэтэл сонгогчдын санал ийнхүү буурсан байтал авсан суудлын тоо нэмэгдэж байгааг эрүүл гэж үзэж боломгүй байна.

Иймд ИЗНН-ын зүгээс улс төрийн намуудыг тогтвортой болгох, савлагааг арилгахын тулд пропорциональ тогтолцоог санал болгож байна. Пропорциональ тогтолцооны сул талыг хэт олон нам бий болж тогтворгүй байдалд хүргэх гэсэн тайлбартай холбож шүүмжилдэг. Гэтэл манайд энэ үзэгдэл гарах нь бага. Учир нь мажоритар тогтолцоогоор хорин жил явчихсан тул намуудын нэгдлийн үйл явц явагдчихсанд байгаа юм.

Ер нь бид нар парламентад 2004-2008 онд сонгуулийн хуу­лийн реформын ажлын хэсгийг байгуулж холимог тогтолцоог өргөн барьсан атлаа хийж чадаа­гүй. Тэр үед тогтолцоогоо сүүлд нь ярья, бусад асуудлаа эхлээд ярья гэж явсаар байгаад эцэст нь томсгосон мажоритар дээр гэнэт буусан. Дэлхийн улс ор­нууд хэрэглэхээ больсон ийм ойлгомжгүй тогтолцоог сүүлд нь гэнэт баталсан шигээ юм болчих вий дээ гэж болгоомжилж байна” гэв.  

ПРОПОРЦИОНАЛЬ ЭЛЕМЭНТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИНЭ

Ардчилсан намын дарга Н.Алтан­хуяг энэ асуудлаар “Мажо­ритар тогтолцоо нь үнэхээр олон сул талтай. Үүний горыг хамгийн их амссан нам бол Ардчилсан нам. 1990 онд пропорциональ маягийн сонгууль явагдсан. Үүнээс  хойш шинэ Үндсэн хууль гарснаас алга болсон. Ардчилсан нам үнэхээр 10 орчим намын нэгдэл. Бид тусдаа орж ялагдаад л байсан Уг нь нийлбэр дүнгээрээ 30 хувиас дээш боловч суудлыг авч чадахгүй байсан. Ингээд л нэгдэхээр болсон.
Ер нь бүгдийг нь биш гэхэд тодорхой хэмжээнд пропорцио­налийн хэлбэр оруулаад сонгуу­лийн хуулийг өөрчилсөн нь дээр гэдэг дээр манай намын байр суурь нэгдмэл байгаа.  Шууд пропор­циональ гэхээр Үндсэн хуулийн шууд сонгогдох тухай заалтаар нураалгачих гээд байна. Иймд судлаачид оролцуулаад гаргалгаа үндэслэлийг нь гаргах хэрэгтэй.

2000 онд Ардчилсан нам үнэхээр 20 орчим хувийг авсан боловч ганцхан суудлыг л авсан. 1992 оны сонгуульд нийт хүн амын 40 хувь нь манай намыг дэмжсэн байтал УИХ-д зургаахан суудал авсан. Энэ нь сонгуулийн тогтолцоонд л байгаа хэрэг.   

Жижигсгэсэн мажоритар нь мөнгөний сонгууль болох үндсийг бий болгодог гэдэг нь ч үнэн. 2008 оны томсгосон мажоритар үүний хажууд бас арай гайгүй. Аймаг дамнаж мөнгөөр сонгууль хийх нь хэцүү. Ер нь сонгуульд намууд бодлогоороо л өрсөлдөх учиртай. Гэвч 100 хувийн пропорциональ Монголд тийм сайн тохирно гэж бодохгүй л байна. Ардчилсан нам жижиг мажоритар гэх зүйлд үгүй гэж байгаа. Холимог тогтолцоотой тогтолцоог хэлэлцэхэд бэлэн байна. Пропорциональ элемэнт оруулахыг дэмжиж байна” хэмээв.

САНАЛ ХАЯГДДАГГҮЙ ТОГТОЛЦООТОЙ БОЛОХ ЧИГЛЭЛ БИЙ

Харин УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан мажоритар тогтолцоог шууд буруут­гах бодолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэлэлцээний үндсэн дээр тодорхойлох зүйл гэдгээ ч илэрхийлэв. Тэрээр “Манай намын бага хурлаар сонгуулийн тогтолцоог өөрчлөн боловсронгуй болгох нь зүйтэй гэдэг дээр нэгдмэл нэг санаатай байгаа. Сонгогчдын санал хаягддаггүй, ард түмний төлөөллийн шинж чанарыг хангасан сонгуулийн боловсронгуй тогтолцоог сонгож авах нь зүйтэй гэх чиглэл өгсөн. Гэвч ярвигтай зүйл байна. Олон нийт чинь барьж үзэж байж сонголтоо хийх сонирхолтой бай­даг. Шинэчлэлтийн үед энэ олон намд хуваагдаж байсныг мажоритар тогтолцоо нэгтгэж, төлөвшүүлж чадсан. Ийм зүйл байгаагүй бол өдийд 60-аад нам үзэж таарч байгаа. Пропорциональ тогтолцоотой болох цаг нь одоо болжээ гээд шууд үзчих юм бол парламентат суудалтай жижиг намуудад бас хортой зүйл ажиглаж байгаа юм. хүнээрээ дамжуулан суудалтай болох нь бараг илүү ч байж магадгүй. Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой 200 гаруй санал ажлын хэсгийнхэн ирээд байгаа. Зөвхөн эдгээр саналыг Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоног тутамд хуралдаад байсан ч барах эсэх нь тодорхойгүй байна. Манай намын бүлгийнхэн процессоо эхлээд яриад явъя, үүнтэй зэрэгцүүлээд мэдээж тогтолцооны асуудал ч яригдана. Аль аль тогтолцоонд эерэг сөрөг тал бий.  Мөн зүдэрч зүдэрч нэг хууль гаргатал Үндсэн хуулийн цэц дээр уначих вий гэх болгоомжлол ч байна” хэмээн яриагаа өндөрлөв.

ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ГЭХ ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ

УИХ-д суудалгүй намуудыг төлөөлөн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан үг хэлсэн бөгөөд “юуны өмнө сонгуулийн тогтолцоог яагаад өөрчлөх гээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй” гэв. Тэрээр  “Дэлхийд байхгүй холимог тогтолцоо гэх завхралаа ч болих хэрэгтэй. Дэлхий даяар хаашаа явж байна, түүнийг нь сонгох хэрэгтэй. Сонгуулийн луйвар иргэний бүртгэлээс л эхэлдэг. Шилжүүлэг, бичилт гэх зүйлээр санал завшдаг. Сонгуу­лийн хэсэг, дүүргийн хороод бүхэлдээ намын удирдлагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ажиг­лагчдыг 10 метрийн цаана зогсоож байгаад улаан цайм худлаа тоолоод гаргадаг. Компютерь, технологийн дэвшлийг ашигласнаар энэ бүхэн алга болчихгүй. Эцэст нь түүнийг хүн л ажиллуулж байгаа биз дээ. Үүний оронд хуулиар СЕХ-нд эрх биш үүргийг л өгье” гэв.

Үүний дараагаар бусад орол­цогчид ээлж дараалан саналаа хэлсэн бөгөөд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжит хугацаа “таван сар арав хоног” үлдээд байгааг дуулгасан байна. Эхлэх хугацаанаасаа  нилээдгүй хожимдож,  дэлгэрэнгүй хуралдаж чадаагүй ч энэ уулзалт улс төрийн намын удирдлагуудыг хэвлэлээр дамжуулан харьцуулах биш, нүүр нүүрээ харан ярилцах боломжийг олгосноороо ач холбогдолтой аж.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж