Сү.Батболдтой халз мэтгэлцээнд оръё

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Сү.Батболдтой халз мэтгэлцээнд оръё

Сү.Батболдтой халз мэтгэлцээнд оръё
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэлээр хоёр өдөр чууллаа. Яригдсан зүйл бол хуулиудад өөрчлөлт оруулахгүйгээр хуулийн байгулллагууд цааш явахгүй гэсэн санаа. Гэтэл өнөөдөр байгаа хуулиуд маань бас тийм муу хуулиуд уу, хууль хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг яаж засах юм бэ гэдэг бас нэг сэдэв орхигдоод байгаа юм биш үү?
-Нэг зүйлийг бодох ёстой. Хорин жил ардчиллыг хөгжүүлж бэхжүүлэх тухай ярилаа. Гэтэл ардчилал бэхжиж, хөгжихийн тулд бүх зүйлийг хууль тодорхойлдог, хуульд давуу хүч олгодог, хэн нэг эрх мэдэлтний дур зорго, хэсэг бүлгийн эрх ашгаас түрүүнд хууль өөрөө засаглалаа тогтоож байж ардчилал оршин тогтнодог, хүний эрх хамгаалагддаг. Бид ч тэр зарчим руу явж байгаа учраас нэг зүйлийг анхаарах ёстой. Төрийн албан хаагчид, шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудыг хууль өөрөө хязгаарлаж, зохицуулж, тодорхой бөгөөд зохистой байдал руу шахаж чадахгүй байна гэдэг чинь хуульд өөрт нь асуудал байна л гэсэн үг. Түүнээс биш сайн, шударга гэсэн хүнд итгээд, “Эд муу юм, солиод сайн хүн авчихвал илүү сайн ажиллана” гэвэл хуульд хүч чадал өгөхөөс илүү хувь хүнээс шалтгаалсан тогтолцоо байна гэсэн үг. Тэгэхээр хүний асуудлаас илүү хуулийн асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хуулийг хэрэгжүүлэх биш зөрчөөд, зүгээр өнгөрөөд байгаа албан тушаалтан, хуулийнхныг яах юм бэ?
-Хууль хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь тэр хүнийг зайлуулдаг систем нь алга л гэсэн үг. Хуулийг хэрэгжүүлэхгүй, хуулийн дагуу ажиллахгүй бол дараагийн хууль нь үйлчлээд тэр хүнийг албан тушаалаас нь зайлуулдаг, дахиж сонгон шалгаруулдаггүй тийм л хуулийн тогтолцоо байх ёстой. Бид хуулийн нэг дэх зорилгын тухай яриад, цаана нь байдаг давхар, давхар зорилгуудын тухай ярихгүй байна. Монголд хууль байна уу, байна. Хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэдэгт хариулт байхгүй. Энэ нь хэрэв улс төрд ойрхон бол, эрх мэдэл, албан тушаалтнуудад ойрхон, эсвэл мөнгө хөрөнгөтэй бол хууль биелүүлэхгүй ч байсан албан тушаал дээрээ байж болно гэдэг хандлагыг гаргаж ирээд байна. Тэгэхээр энд хуулийн асуудал байна л гэсэн үг. Хуулийг сайжруулахаас гадна хувь хүмүүсийг өөрчлөх ёстой гэдэг үнэн. Гурван зүйл л яригдаж байгаа юм л даа. Хуулийн тогтолцоог өөрчлөх, түүндээ тохирсон боловсон хүчинг олж сонгох, дээр нь тэр боловсон хүчин шударгаар ажилладаг соёл, ёс зүй, зан суртахууны тогтсон хэм хэмжээ байх ёстой. Гэхдээ тэр соёл, ёс зүй, зан суртахуун маань дахиад л ямар нэг байдлаар хуулиар турхирагдаж, хамгаалагдаж, шахагдаж байх ёстой. Тэр нь байхгүй бол нөгөө л хувь хүний дур зоргын асуудал болно. “Та ууртай байна уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалаад энэ хуулийг мөрдөх ёстой, чадахгүй бол зайлаад өг” гэдэг хариуцлагын механизм нь л хуульчлагдах ёстой гэсэн үг.

-Тэгэхээр тэр хуулийн хоёр дахь шаардлага буюу хуулийг зайлшгүй хэрэгжүүлэхийг шаарддаг тэр бүтэц нь байхгүй гэсэн үг үү? 
-Үндсэндээ хууль, эрх зүйн системд хоёр том бүтэц байгаа юм. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа нэг төрлийн хуулиуд. Тэр хуулиуд амь хүчтэй байж, бодитой хэрэгжиж байхын тулд дараагийн асуудлыг нь шийдэж байгаа бас нэг төрлийн хуулиуд байдаг. Хуулийн хэллэгт “имфра бүтэц” гэдэг, хуулийн дэд бүтэц гэсэн утгатай. Манайх өнгөрсөн 20 жилд дэд бүтцийнхээ хуулиудыг хийгээгүйгээс эрх зүйн шинэтгэл зогсчихоод байгаа юм. Жирийн иргэдэд ямар хууль үйлчлэх ёстой тухай хангалттай сайн хийсэн боловч тэр хуулиудыг хэрэгжүүлэхийг шаардах албадлагын болон эрх мэдлийн хүч чадалтай болчихсон албан тушаалтнуудыг яаж хязгаарлах, хариуцлагажуулах, яаж ажиллуулах ёстой юм гэдэг, тэр чиглэлийн хуулиуд нь дутагдалтай. Эрх зүйн шинэтгэл гэхээр Эрүүгийн хууль, ЭБШХ-ийг яриад байгаа болохоос тэр хуулиудыг дагаж гардаг маш олон хуулийн асуудал хөндөгдөхгүй байна. Монголд УИХ нь ч, шүүх нь ч, хуулийн байгууллагууд нь ч эрх зүйн дутагдалд орчихсон. Ганц шүүхийн тухай хуулиар асуудлыг зохицуулж чадахгүй гэдэг нь харагдчихсан. Ганц УИХ-ын тухай хуулиар ч мөн адил.

-Харин ч манайхыг хэт олон хууль баталдаг гэдэг биш үү, болсон, болоогүй?
-Чөлөөт нийгэмд шаардагдаж байгаа хуулиудын ¼ нь л чүд чад гарсан. Нийгэм бол яг цаг шиг. Маш олон төрлийн араануудаас бүрддэг, тэгж байж цаг зөв заадаг. Энэ хорин жилд бид том араануудыг л хийсэн. Тэр том араануудыг зөв ажиллахад тусалдаг жижиг холбогч араануудыг ерөөсөө хийж чадаагүй. Гэтэл бүтцээр нь харвал тэр том араанууд чинь нийт хуулиудын ¼ л байгаа байхгүй юу. Үлдсэн жижиг араанууд нийлээд тэр том араануудаас хэд дахин олон хууль гарах ёстой. Хооронд нь зөөллөдөг, хариуцлагыг нэмэгдүүлдэг, уялдааг нь хангадаг, зүй зохистой чиглэл рүү шахаж чаддаг завсрын хууль тогтоомжоо бид ерөөсөө хийгээгүй. Тэгэхээр энэ бол эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгаа, цоо шинэ хандлага, шинээр гарч ирж байгаа бэрхшээлүүдээ зөв олж тодорхойлох тухай яриа.

-Манайд өнгөрсөн 20 жилд хамгийн олон хуульч бэлтгэсэн гэдэг. Гэтэл одоо байгаа 400 гаруй шүүгч нь ачааллаа даахгүй байна, шүүгчийг нэмэгдүүлье, төсвийг нь улсын нийт төсвийн хоёр хувьд хүргэе гэж ярьж байна. Яагаад?
-Хоёр шалтгаантай. Улсын хэмжээнд 430 шүүгч л ажиллаж байна. Нэгдүгээрт, бид шүүгчид, хуульчдынхаа зохион байгуулалтыг зөв хийгээгүйгээс болоод Улаанбаатарт нэг хэсэг шүүгчид хэтэрхий их ачаалалтай, хөдөөд зарим шүүгчид бараг ажилгүй шахуу байна. Хоёрдугаарт, бид зах зээлийн нийгэмд  ороод хамгийн чухал мэргэжлийн боловсролоо ямар ч бодлогогүй сул тавьчихсанаас чанарын шаардлага хангахгүй, нийгмийн хүлээлт, зах зээлийнхээ шаардлагыг хангахгүй боловсон хүчнийг маш ихээр үйлдвэрлэсэн. Сургуулиуд нь ч гэсэн хагас дампуу байдалтай, үүнээс шалтгаалаад хульчдын нэр хүнд маш их унаж байна. Нийгмийнхээ шаардлагыг хангаж чадахгүйгээс тогтолцоогоороо шүүмжлэгдэж байна, өнөөдөр Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд энэ салбар өөрөө асуудал, садаа болж байна. Уг нь энэ салбар хөгжлөө ч дэмжээд, эдийн засгийн өсөлтөө ч түлхээд явах ёстой. Иргэд бизнес эрхэлж байна, нэг нэгнийхээ эсрэг маргаан зайлшгүй гарна. Гэтэл энэ маргаанийг шийдэх гээд бизнесийг нь дампууруулж, хөрөнгө оруулалтыг нь алга болгочихож болохгүй биз дээ. Маргааныг зохистой шийдээд, бизнес нь өргөжөөд, хөрөнгө оруулалт нь улам үр ашигтай болоод явах ёстой байтал манай хууль, шүүхийн энэ тогтолцооноос болоод маргаан шийдэх процесс аль алинд нь ч ашиггүй, хэтэрхий алдагдалтай явж байна. Шүүх рүү аваачлаа, шийдэхгүй 2-3 жил болдог. Эцэст нь баахан үхмэл хөрөнгөтэй, шинэ санаа нь дампуурч, зах зээл нь тэс өөр болоод явчихдаг. Ямар ч хэрэгцээ хангаж чадахгүй маргаан шийдэх процесстой байна. Хүний эрхийн асуудал ч мөн ялгаагүй. Гомдол гаргалаа, шүүх асуудлыг шийдэн шийдтэл эрх зөрчигдсөн, доромжлуулсан, хохирсон хэвээрээ л байгаад байна. Эрхээ хамгаалуулах биш, илүү их хохиролтой байдалд аваачихад л маргаан шийдэж байгаа процесс, шүүхийн тогтолцоо, хуульчдын үйл ажиллагаа тусалж байна шүү дээ. Тэгээд сүүлдээ хүмүүс “шүүхээр явахын оронд болдоггүй хэдэн нөхдөд мөнгө өгөөд шийдүүлчихвэл мөнгөө ч хурдан олж аваад, асуудлаа ч түргэн шийдүүлчих юм биш үү, шүүхийн бус замаар шийдэх нь илүү дээр юм биш үү” гэсэн хандлага бий болоод байна. Хууль бусаар шийдэх нь хуулийн дагуу шийдүүлснээс илүү ашигтай, хэмнэлттэй, түргэн шуурхай гэдэг зүйл рүү орчихвол энэ улс орон чинь дампуурна.

-Авилга өгөөд, айлгаж сүрдүүлээд үү?
-Тийм. Энэ бол авлига цэцэглэж байгаа нэг том шалтгаан. Энэ байдлаас маш түргэн гарахгүй бол энэ улс оронд хууль гэж байхгүй, мөнгө, эрх мэдэл, танил тал, өөр бусад хүчин зүйл чухал болох гээд байна. Ийм эх захгүй, замбараагүй байдал руу явчихгүйн тулд хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх ёстой гэж яриад байна. Тэр тусмаа Монголын хувьд энэ асуудал яг хоолойд тавьсан хутга шиг. Уул уурхайн их мөнгө орж ирж байгаа нөхцөлд засаглалаа сайжруулж, хариуцлагажуулахгүй бол тэр мөнгө монголчуудад ямар ч ашиггүй. Хажуунаас нь “хууль ийм байна” гэж яс шахаж чаддаг хуулийн байгууллага, шүүх тогтолцоогүйгээр засаглалыг сайжруулна, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэвэл мөрөөдөл. Тийм учраас энэ бол одоо шийд, шийдэхгүй бол цаашид шийдэж чадахгүй гэдэг цаг хугацааны шахаанд байгаа асуудал.

-15 салбар хуралдаан болсон, маш олон зүйл яригдсан. Эндээс гарсан саналууд бүгд одоо УИХ-аар хэлэлцүүлэх гээд байгаа Шүүхийн тухай багц хуулинд тусч чадах уу? Хэлэлцүүлгийг хэтэрхий өргөн хүрээнд хийсэн учраас учир замбараагаа алдчих шиг л харагдсан?
-Форумаас маш олон санаа түүсэн. Хүмүүс салбар дотроо байгаа асуудлаа л гаргаж ярьж байгаа юм. Дараа нь үүн дээр мэргэжлийн төвшний бүхэл бүтэн судалгааны баг суух ёстой. Аль нь нэгдүгээрт, аль нь хоёр, гуравдугаарт вэ гэдгийг ач холбогдлоор нь, нэн даруй шийдвэрлэх ёстой гэдэг шаардлагаар нь эрэмбэлэх ёстой. Маш олон санаа байгаа боловч шийдэл нь нэг байж болно, 1-2 санаа байгаа ч шийдэл нь 3-4 байж болно. Тиймээс бодлогын төвшинд үүнийг харж, ямар хуулиар яаж шийдэх, манайд маш хурдан үр өгөөжөө өгөх нь юу байж болохыг мэргэжилтнүүд суугаад түүх ёстой. Энэ бол хоёр дахь ажил. Гэхдээ энэ салбарын асуудал энэ дөрвөн хуулиар шийдэгдэхгүй. Миний тооцоолсноор лав ойролцоогоор 36 хууль үүнд өртөх юм байна. Шинээр гарах хууль дор хаяж долоо байна. Зарим хууль хүчингүй болж, зарим хууль нэг нэгэндээ шингэж, зарим нь задарч, 2-3 хууль болох юм байна. Зөвхөн Цагдаагийн байгууллагын тухай хууль гэхэд хоёр том хууль болж задрах ёстой. Удирдлага зохион байгуулалтын хувьд бус, эрх зүйн тогтолцооных нь хувьд хэлж байна шүү дээ. Энэ хоёр хуулиа дагаж гарах дүрэм журмууд нь дор хаяж 5-6 байх нь. Шүүхийн хувьд одоо өргөн баригдсан дөрвөн хууль байгаа, энэ дөрвөн хууль ч хангалттай биш. Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, ЭБШХ, тэдгээрийн цаанаас гарч ирж байгаа дүрэм журмуудыг аваад үзэхээр нэлээд өргөн хэмжээний шинэтгэл хийх ёстой. Үндсэндээ Монголд эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь давалгааг хийх тухай асуудал.

-Гэхдээ энэ анх удаагаа яригдаж байгаа сэдэв биш. Өмнө нь энэ чиглэлээр ажил хийж, төсөл хэрэгжүүлж байсан биз дээ?
-2002 онд эрх зүйн шинэтгэлийн нэлээд том алхам хийсэн. Гэхдээ энэ шинэтгэл 1996 оноос эхтэй. 1996 оны сонгуулийн дараа одоо Цэцийн гишүүн байгаа Ж.Амарсанаа Хууль зүйн сайд болоод иргэний, эрүүгийн чиглэлийн гол гол хуулиудыг шинэчлэхээр Германы GTZ-ийн туслалцаатай шинэтгэлийн анхны алхмуудыг хийсэн. Хуулийн төсөл боловсруулаад, судалгаанууд хийгээд маш их цаг авсан. Гэвч 2000 онд сонгуулийн дүн өөр тийшээ эргэж, МАХН олонхи болсон. Энэ үед нөгөө судлагааны үр дүнгүүд парламент руу орж ирсэн юм. Харьцуулж хэлэх юм бол яг тэр үед байсан цэгээсээ дор хаяж  6-7 алхам хийх шаардлагатай болсон. Гэтэл тухайн үеийн эрх мэдлийг барьж байсан хүмүүс, шийдвэр гаргагчид “Ийм том өөрчлөлтийг Монгол Улс одоогоор авч чадахгүй, ажиллаж байгаа боловсон хүчний хүлээн авах чадвар сул, тогтолцооны том өөрчлөлт хийхэд бэлтгэгдээгүй байна” гэсэн учраас ядаж нэг, хоёр алхъя гэдэг утгаар нь тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ өөрчлөлтийг чирж явсан, судалгаанд оролцсон хүмүүст “Энэ нэг хоёр алхмыг хийчихээд энэ алхмынхаа хүрээнд одоо ажиллаж байгаа хуульчдаа, шийдвэр гаргагчдаа цаашдын том өөрчлөлтөд бэлтгэе” гэж ярьж, тайлбарлаж байсан. Тэгээд Эрүүгийн болон ЭБШХ, Иргэний хуулиуд, Шүүхийн тухай хуулиудаа гаргасны дараа “Энэ чинь бидний алхах ёстой алхмын 1/3 л байсан шүү” гэдгээ мартчихсан, “Шинэтгэл болчихсон, хангалттай” гэдэг байдал руу яваад орчихсон. Олон ч хүмүүс, ялангуяа практик дээр ажиллаж байсан хүмүүс үүнд нь итгээд илүү бэхжээд, өөрчлөх ёстой байсан тогтолцоогоо буцаагаад хүчирхэгжүүлээд эхэлсэн. Үүний л урхаг өнөөдөр гарч байгаа юм. Саяны форум бол тодорхой хэмжээний ойлголцол руу шахлаа. Олон бэрхшээл ярьж, олон санал гарч байна гэдэг нь энэ салбарт дутуу хийгдсэн зүйл олон байна гэдгийг харуулж байгаа юм. Одоо энэ саналуудыг нэгтгээд цогц бодлого болгох дээр бодлого боловсруулагчид, судлаачид нэг том даалгавар авлаа гэсэн үг.

-Ийм хэмжээний цогц бодлогыг боловсруулах чадалтай мэргэжлийн боловсон хүчин манайд бий юу?
-Энэ 20 жилд тэр хэмжээний боловсон хүчин бойжсон уу, бойжсон бол тэднийгээ оруул. Ийм хэмжээний бодлогыг улс төрийн хүсэл эрмэлзэлтэйгээр чирээд явах бодлого боловсруулагчид байна уу, байхгүй бол тэр бодлого тодорхойлогчдоо бойжуул. Ийм л асуудал байна. Харамсалтай нь, сүүлийн 20 жилд, өнгөрсөн 70 жилд ч гэсэн бодлогын мэргэжилтэн Монголд байгаагүй юм. Бодлогыг оросууд л хийж ирсэн, бид хэрэгжүүлдэг байсан. Ерэн онд бид бодлогоо өөрөө авъя гэдэг улс төрийн шийдвэрээ гаргасан, шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд нь бий болсон ч тэр бодлогыг боловсруулдаг үндэсний хэмжээний бодлогын мэргэжилтнүүдээ бэлтгэж чадаагүй. Манай дотоодын их сургуулиуд хэн нэгний үгийг хэрэгжүүлдэг мэргэжилтнүүдийг л бэлтгэдэг байснаас биш, ямар шийдвэр гаргаж, ямар бодлого боловсруулах вэ гэдгийг өөрийнхөө оюун ухаан, уураг тархиар боловсруулдаг мэргэжилтнүүдийг хараахан бэлтгэж байсангүй. Одоо л эхнээсээ бойжиж эхэлж байна. Хорин жил бид зөвлөлтөөс ангид бодлоготой байх тухай ярьсан боловч өөрсдөө бодлогоо гаргаж чадаагүй. Баруунынхан л бидний бодлогыг зааж, чиглүүлж ирсэн. Хэрэгцээ шаардлагыг бүх хүмүүс ярьдаг, маш олон асуудлуудыг гаргаж ирж ярьдаг, шүүмжилдэг. Гэвч тэр олон асуудлын шийдэл нь энэ юм гээд хувилбар ярьдаг, боловсруулдаг мэргэжилтнүүдээ бойжуулах цаг болсон. Үндсэндээ 20 жил ярьж байгаа асуудал шүү дээ, оюуныг үнэлдэг үнэлэмж манайд байна уу гэж.

-Шүүхийн тухай багц хуулийг Б.Чимид багш боловсруулсан. Ерөнхийлөгч анх сонгогдсоныхоо дараа шүүхийнхэнтэй уулзахдаа шинэчлэлийн асуудлыг мөн хөндөж, хуулийн төслүүд танилцуулсан нь нэлээд шүүмжлэл хүлээж байсан. Тэр үеийнхээс өөрчлөлт, дэвшил гарсан юм уу?
-Үндсэндээ манайд дутагдаж байгаа зүйл л тэр шүү дээ, Б.Чимид багшаас, С.Нарангэрэл гуайгаас өөр хууль бичдэг хэн байгаа юм. Хуулийн бодлогуудыг цэгцлээд, зохион байгуулалтад оруулдаг мэргэжилтэн байхгүй. Ц.Нямдорж сайд ч үг үсэг л засдаг болохоос бодлогын мэргэжилтэн биш. Өнгөрсөн 20 жилд гарсан Монголын хууль нэг бол орчуулгын, нэг бол социалист хууль л байсан шүү дээ. Энэ хоёроос өөр, бодлогын төвшний мэргэжилтнүүдийг гаргаж ирэхгүй бол зөвхөн л шүүмжилдэг, шүүмжлэлийнхээ араас асуудлын шийдлийг олдог гарцгүй улс болчихоод байна. Гудамжинд ч тэр, парламентад ч тэр болохгүй байгаагаа л ярьдаг. Тэгээд одоо яах ёстой вэ гэхээр хариулт байхгүй. Мэргэжлийн төвшний, судалгаатай, шинжлэх ухаанд ойрхон тийм шийдлүүд байхгүй учраас хэн нэгний эрх ашиг, байгууллагын амбиц, эсвэл нэг намын хор л явж байна. Ийм боломж олгохгүйн тулд илүү ул суурьтай, судалгаатай, асуудлаа зөв тодорхойлсон  бодлого гаргах ёстой. Энэ бодлогыг хийхийн тулд хуучин шинээрээ хэрэлдээд явж байна. Манай хамгийн том зовлон энэ.

-Хуучин, шинийн тэмцэл үү?
-Сая АНУ-ын нэг шүүгч ирээд ярьж байна. Би 44 насандаа шүүгчээр томилогдсон, их залуудаа гэж. Тэнд удаан жил ажилласан, туршлагатай, харьцангуй бие даачихсан, хүчтэй чадалтай хүмүүс шүүгчээр ажиллаж байна. Яагаад гэвэл АНУ-ын шүүхийн тогтолцоо олон жилийн турш эрүүлээр хөгжсөн учраас. Яг энэ шалгуурыг Монголд хэрэглэж болохгүй. Монголд удаан жил ажилласан гэдэг нь хоцрогдсон, социалист арга барилаасаа салаагүй, одоогийн хэрэгцээ шаардлагыг хүлээж авч чаддаггүй, хамгийн их өөрчлөгдөх шаардлагатай хэсэг нь. Илүү шинэ соргог, залуу, эрч хүчтэй хүмүүс хэрэгтэй. Хуучин хүмүүсийн нөөц дууссан, шинэ хандлага, шинэ арга барил тэднээс гарахгүй. Хууль бичсэн ч буцаад л хуучнаараа бичнэ. Яагаад гэвэл тэд чинь өөрчлөгдөж байгаа цаг үеийн өөрчлөлт дотор нь байгаа хүмүүс. Хуучин хүмүүс эргэж суугаад асуудлыг шийдэж чадахгүй. Улс төрд ч, шинжлэх ухаанд ч, хуулийн байгууллагад ч тэр аль алинд нь шинэ хүмүүс, шинэ хандлага хэрэгтэй. Миний хувийн байр суурь бол энэ. Ерөнхийлөгч ч шүүгч нарыг томилохдоо он удаан жил ажилласан, туршлагатай хүмүүсээс илүү баруунд боловсрол эзэмшсэн, шинэ соргог, эрүүл зөв хандлагыг манлайлж чадах, эрч хүчтэй залуу хүмүүсийг томилох хэрэгтэй. Үеэ өнгөрөөсөн нэг генерал, хэдэн хурандаагаар цагдааг удирдуулаад байхаас илүү зарчим, асуудлыг шинээр харж байгаа шинэ боловсон хүчнүүдийг цагдаагийн толгой руу мацуулах хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн хувьд ч ялгаагүй. Үүнийг хийхгүй бол хуучин хүмүүс хуучин арга барилаараа ажиллах гээд байна. Яах вэ, улс төрдөө шинэ хүн оруулж чадахгүй атгаг санаад, давчуураад байгаа бол ядаж наад салбаруудаа улс төрөөс чөлөөлж өгөөд шинэ хүмүүсийг оруул. Яах хэрэгтэй вэ гэдгийг арай өөр нүдтэй, өөр толгойтой хүмүүс олж харж байна.

-Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөс болж та Ц.Нямдорж сайдтай бас л муудалцаад амжсан. Салбарын сайд нь “Болж байна, өөрчлөх шаардлагагүй” гэж зүтгээд байхад яаж шинэчлэл явах юм бэ?
-Монгол Улсад Эрүүгийн хуулиар 4-5 төрлийн хариуцлага заасан, түүнээсээ гурван төрлийг нь л хэрэглэдэг юм. Хамгийн сайн хэрэглэдэг нь хорих, тэгээд баривчлах, торгох. Цаана нь уг нь хоёр төрлийн ял байгаа юм. Нийгэм баялаг учраас асуудал улам өргөсөөд, улам олон утга, олон төрөлтэй болж байна. Үүнтэй уялдуулаад ялынхаа төрлийг ч гэсэн нэмэгдүүлэх ёстой. Жишээ нь, З.Энхболд гишүүн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд “Сонгуулиар давхар санал өгсөн иргэнийг шийтгэх” санал оруулж ирсэн. Яаж шийтгэх вэ гэхээр ахиад л шоронд хийх болдог. Тэгэхээр ялынхаа төрлүүдийг нэмэгдүүлье. Бусад улс оронд нөлөөллийн үр ашигтай маш олон төрлийн ялууд байдаг. Жишээлэхэд, хоёр удаа санал өгсөн иргэнийг албадан сургалтад хамруулдаг. Дараа нь тэр хүнээр ЕБС-д хичээл заалгадаг. Сонгуулийн эрх гэдэг ямар үнэ цэнэтэй болох тухай. Тэгээд сургалтын зардал болоод хичээл заасан хугацааны зардлыг өөрөөр нь төлүүлдэг. Энэ нь тэр хүний торгууль байхгүй юу. Торгуулийн мөнгийг нь төрд өгөөд, нэг даргын жийпэнд бензин хийж, үрэн таран хийснээс илүү үр ашигтай. Сонгуулийг хэн будилаантуулдаг юм, төрийн албанд ажилладаг, эсвэл ирээдүйд албан тушаалтан болно гэж найдсан нөхдүүд л хийдэг. Тиймээс сонгуулийг будилаантуулах ажиллагаанд оролцсон нөхдүүдийг төрийн албанаас зайлуулж, төрийн албанд орох эрхийг нь нэг сонгуулийн хугацаанд хасдаг ч юм уу. Сонгуульд санал өгөхөөс өөрөөр тойргийн хороонд 100 метр-ээс илүү ойртохыг хориглочих хэрэгтэй. Ийм давхар хариуцлагуудыг бий болгох ёстой. Бусад улс оронд ийм хууль байж болж л байна шүү дээ. Нэр дэвшигч хэрвээ сонгууль луйвардахаар оролдсон бол нэр дэвших эрхийг нь хасах хэрэгтэй. Үндсэн хуульд заасан хүний эрхийн зарчмуудыг зөрчиж сонгогдох гэж оролдсон учраас та тэдэн жилийн хугацаанд сонгогдох эрхээ эдлэхгүй ээ гээд. Ингэвэл хариуцлагатай болно. Гэхдээ үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангиуд руу хийх биш, ерөнхий ангид байгаа хариуцлагын төрлүүдийг өргөжүүлэх хэрэгтэй. Үүний тулд хуулийг илүү цогцоор нь харах хэрэгтэй болж байна. Цогцоор нь харах чадавх, эрх мэдэл Хууль зүйн яаманд байгаа. Гэтэл яам ажлаа хийгээч ээ гэхээр арзас гээд уурлаж байна шүү дээ. УИХ-ын гишүүд ЭХ-ийн тусгай ангийн нэг зүйл заалт дээр нэмэлт оруулж, гэмт хэргийн төрлийг нэмэх гэж оролдоод байна. Тэр хүмүүсийн буруу биш. Монгол Улсад хууль зүйн бодлогыг зангидаж нэгтгээд алсын хараатай, цогцоор нь харж чирэх ёстой эрх мэдэл Хууль зүйн сайдад байгаа. Гэтэл та ажлаа хийхгүй, хариуцлагатай байж чадахгүй байгаа учраас энэ олон УИХ-ын гишүүд ЭХ санаачлаад гүйгээд байна. Засгийн газар, УИХ хоёрын чинь байр солигдчихлоо. Хөл толгой нь солигдчихоод байна, хэн ямар ажил хариуцаж байгаа нь мэдэгдэхээ болилоо гэдгийг л хэлсэн. Үүнээс болоод бас л хэрүүл болсон л доо.

-Сонгуулийн хууль бас л зогсчихоод байна. Тогтолцоотой хөөцөлдөж байхаар сонгуулиа шударга явуулах зүйлсээ эхлээд ярья гэсэн санал яваад байгаа?
-Яг эсрэгээрээ. Шударга байлгах эсэх нь бол алга урвуулахтай адилхан, сонголтын асуудал байхгүй юу. Хамгийн хэцүү асуудал нь тогтолцоо. Улс төрийн хүсэл эрмэлзэл маань хаана нь байна вэ гэдгээ шийдэхгүйгээр цааш нь явуулна гэвэл 2004 оны парламентынх шиг л зүйл болно. Тэр үед “Тогтолцоогоо хамгийн сүүлд шийдье, эхлээд бусдыг нь явуулж байя” гэж явсаар санал хураалт дээр очоод тогтолцоогоо хамгийн муу хувилбараар баталсан. Тэгээд тогтолцооноосоо болоод бүх зүйл дампуурч байгаа юм. Тийм байдал руу орж болохгүй. Гэтэл эсрэг “пиар” яваад, “тогтолцоо яах вэ, сонгуулиа шударгаар явуулья” гэдэг нь тогтолцоог хаах, нуух хэрэгсэл болчихлоо. Шударга байлгах зүйл нь илүү тодорхой болчихсон шүү дээ. Хариуцлагын төрлүүдээ нэмэгдүүлнэ, машинаар тоолно, бүртгэлээ сайжруулж, тойрог, хэсгийн хороодод том эрх мэдлийг өгөхгүй гээд. Ойлгомжтой. Хамгийн ойлгомжтой юм аа ярья гэхийн оронд хамгийн ойлгомжгүй байгаа юмаа ярих ёстой. Тогтолцоо ямар байх вэ гэдэг. Сонгуулийн шударга байдлыг сайжруулна гэдэг яриа нь тогтолцоог ярихаас зугтах нэг арга болчихоод байна л гэж би харж байна. Тийм учраас хоёуланг нь ярих ёстой.

-Хоёр танхимтай парламенттай болох тухай МАН-ын санаачилга ч бас тогтолцооноос зугтах гэсэн л арга биз дээ?
-Энэ загварыг хамгийн үр ашигтай ашигладаг тогтолцоо зөвлөлт маягийн социалист систем байсан. Эзэнгүй, тэгсэн хэрнээ хүн болгон оролцоод байгаа юм шиг харагддаг, тэр эзэнгүй байдлын ард  цөөн хэдэн хүн хөшигний ард нуугдаад бүх шийдвэрийг гаргаж, эрх мэдлийг атгаж байдаг. Энэ тогтолцооны загвар одоо Хятадад хэрэгжиж байгаа. Энэ загварыг хэзээ ч парламент гэдэг ойлголтод хамаатуулдаггүй, угаасаа ч парламент биш. Гэтэл хоёр танхимтай парламент гэдэг нэрийн дор өөр зүйл чирж орж ирж байгаад нь миний дургүй, эгдүү маш ихээр хүрч байна. Э.Бат-Үүлийн, М.Энхсайхан, Сү.Батболдын ярьж байгаа зүйлүүд бол хоёр танхимтай парламент угаасаа биш. Харин Су.Батболд “Хоёр танхимтай парламент гэдэг чинь энэ биш, тэр юм” гээд дүр зургийг нь их зөв гаргаад ярьсан байна лээ. Хоёр танхимтай парламент гэдгийнхээ учрыг ойлгохгүй байгаа хүмүүс яагаад хоёр танхимтай парламентын санаачилга гаргаад гүйгээд байгаа юм бэ гэдгийн хамгийн товч бөгөөд тодорхой хариулт нь сонгуулийн тогтолцооноос зугтах арга замаа үүгээр хийж байна гэж дүгнэхээс өөр аргагүй.

-Тэгвэл Ардчилсан намынхан үүн дээр илүү чанга дуугарах ёстой биш үү?
-Энэ асуултыг манай намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас асуух хэрэгтэй байх. Ардчилсан нам 20 жилийн өмнө хийсэн тэмцлээсээ ухрахгүйн тулд байр суурь зарчмаа тодорхой илэрхийлэх ёстой. Гэхдээ би намын шийдвэр гаргахад оролцдог, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны хүн биш. Тийм учраас нам дотроо бол шийдвэр гаргахад оролцож чадахгүй, УИХ-аас гарах шийдвэрт бол оролцоно. Энэ хоёрын ялгаа заагнаас болоод яг ямар байр суурь илэрхийлэх ёстой вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Магадгүй, намын дарга өөрөөр харсан байж болно. МАН сонгуулийн тогтолцоог шийдэхээс иймэрхүү аргаар бултах гэж байгаа юм байна. Үүнийг нь дагаж чулуу хөөж гүйгээд хэрэггүй гэж бодсон байх. Тиймээс хоёр танхимтай парламентын асуудлаар ярилцъя гэвэл бараг Э.Бат-Үүл М.Энхсайхан, Сү.Батболд нартай, хоёр танхимтай парламентын ард өөр зүйл хавчуулж яриад байгаа хүмүүстэй телевизээр халз мэтгэлцээнд орсон нь дээр.

Б.СЭМҮҮН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж