590 мянган га талбай ойн түймэрт сүйджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

590 мянган га талбай ойн түймэрт сүйджээ

Он гарсаар нийслэлд ой хээрийн гурван түймэр гарсан.  Уг гурван түймэр зөвхөн энэ дөрөвдүгээр сард  гарчээ. Нийт 11,2 га газар түймэрт сүйдсэн байна.  Cүүлийн таван жилийн дотор ой хээрийн түймрийн 759 удаагийн тохиолдол бүртгэгдэж, экологид 496.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Ойн түймрийг унтраахад 88.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.  Түүнчлэн 2001 оноос өдийг хүртэл 590 мянган га талбай бүхий ой мод түймрээс болж сүйдсэн байх юм. Энэ сарын байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Хангал сумын  дөрөвдүгээр багийн нутаг Салуужингийн гол, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт гарсан түймэр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гуравдугаар багийн нутагт гарсан ой хээрийн түймэр, Дорнод аймагт гурав, Хэнтий аймагт хоёр  тус тус гал гарсан.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн ой модны нөөцийн тал хувь нь сүүлийн 30 жилд устан үгүй болсон гэсэн судалгаа бий. Манай орны нийт нутгийн 6.7 хувийг ой эзэлдэг. 1970 оноос хойш 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын байгалийн нөхөн сэргээх чадваргүй болжээ. Ойн нөөцийн  хомсдлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэх, хортон шавьж, ойн түймэр юм.  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шатны байгууллагуудаас анхааруулга, сэрэмжлүүлэг явуулдаг ч нийт түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог гэнэ. 2000 оноос ойд анхаарал тавихаа сэргээж олон төрлийн ажил, төсөл хөтөлбөрүүд манайд үүд хаалгаа нээж эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн 2010 онд 5056 га газарт ойжуулалт хийжээ. Түймэрт өртсөн талбай ихэнхдээ нөхөн сэргээх боломжгүй болдог гэнэ. Учир нь ойн түймэр их хэмжээгээр гарах нь Монгол орны аль ч бүс нутагт цөлжилт болж ургамал ногоо үндсээрээ устаж, элсний нүүх хөдөлгөөн хурдтай идэвхжих  шалтгаан болдог аж.  Өнгөрсөн оны зургаагаас долдугаар сарын хооронд Монголын нийт нутгаар 45 хэм хүртэл халсан. Үүнээс болж нийт нутгаар хэт хуурайшилт улам ихээр явагдах болжээ. 2010  онд улсын хэмжээнд 56 удаа ой хээрийн түймэр гарчээ.

Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг юм байна. “Модноос болж гол горхи, булаг шандны усаар тэжээгддэг хээр болон говийн  экосистем хуурайшиж, усны эргэлтийн горим алдагдан уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байгааг хүн бүр мэддэг хэрнээ хэзээ ч хайрладаггүй. Санаатай болон санамсаргүй байдлаас болж сүйдсэн ой нөхөн сэргээхэд маш их хугацаа шаарддаг гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй” гэж Ойн газрын мэргэжилтэн Ч.Мөнгөншагай хэлж байсан юм. Богд ууланд гарсан галын шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй. Нийт 3.5 га газар шатсан  бөгөөд галын шинжээчид тогтоох юм байна. Гал гарсан энгэрт  автомашин очих боломж бага  бөгөөд явган хүн очих боломжгүй газар бөгөөд энэ гал бас л хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй. Ойн түймрийн улмаас  учирсан хохирлын 496,9 тэрбум төгрөгөөр  өнөөгийн ханшаар 20 мянга гаруй айлд хоёр өрөө байр барих боломжтой байж.  Хэдий байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг ч ойн түймэр гарч буй ихэнх тохиолдол нь хүмүүс бид ой модонд явж байхдаа татсан тамхиныхаа цогийг бүрэн унтраагаагүйгээс, амралт зугаалгаар яваад асаасан түүдэг галаа сайн манаагүй гэх мэт хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ойн түймэр гарч байна. Бид “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж өвөг дээдсээс сургаалтай. Гэтэл газар шороогоо өөрсдөө сүйтгэж, өөрсдөө үгүйрүүлж байна. Монгол улсын иргэн бүр ой  мод устгах нь цөлжилтийн эхлэлийг тавих аюултай бөгөөд үүнээс болж ой хээрийн түймрээс байгаль дэлхийгээ хамгаалах нь  үр хойчдоо үлдээх том бэлэг болно гэдгийг ухаарахсан.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж