Т.Ариунаа: Амьдрал бол хамтын ажиллагаа юм | News.MN

Т.Ариунаа: Амьдрал бол хамтын ажиллагаа юм

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа: Амьдрал бол хамтын ажиллагаа юм

Т.Ариунаа: Амьдрал бол хамтын ажиллагаа юм
“Ярилцъя” булангийн хоймор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа уригдлаа.

-Шинэ цомгоо их содон нэрлэжээ. “Дурлал шиг асна” гэж. Өөрийг тань энэ ажилдаа их сэтгэл хангалуун байгаа гэж сонссон?

-Шинэ цомгийн ажил дуусах дөхөөд ирэнгүүт нэрний тухай асуудал толгой өвтгөж эхэлдэг л дээ. Энэ удаа ч ялгаагүй. Бид лав хоёр сар ярилцаж байж өгсөн. Урьд урьдын цомгуудаа харж нягталсан. Энэ шинэ цомог маань юугаараа ялгаатай билээ. Ямар нэр шинэ цомгийг маань бүрэн гүйцэд илэрхийлж чадах вэ гээд л. Тэгээд энэ цомог дээр хамтарч ажилласан яруу найрагч Батрэгзэдмээ, Төрмөнх нартайгаа зөвлөсөн. Төрмөнхийн бичсэн “Дурлал шиг асна” гэдэг нэртэй нэгэн сайхан дуу энэ цомогт маань орсон байсан. Тэгээд л энэ нэрийг сонгож нэрлэсэн дээ. Ариунаа энэ нэр чамд их тохирно. Цомгийн хэмнэл, өнгө төрх, дуучны дотоод ертөнц эд бүхнийг нэгтгээд харахад энэ нэр илүү зохиж байна гэж тэд зөвлөсөн. Нөгөө талаас нийгэм маань одоо жаахан стресстэй байгаа. Тийм учраас цомгоо илүү гэгээн байлгая, тэр стрессийг өөрийн уран бүтээлээрээ гэгээлж, тайвшруулъя, зүрх сэтгэлийг нь цоглог хэмнэлээр хөгжөөё гэж бодсон. Цомгийн нэр төрсөн түүх энэ. Энэ бол миний хувь уран бүтээлчийн зүгээс нийгэмдээ илгээж байгаа гэгээн мессеж гэж ойлгож болно. Хамгийн гол нь цомгийн нэр өөрийн дотоод хэмнэл, үзэл санаатайгаа гайхалтай дүйсэн.

-Таны цомгийг сонсож үзсэн. Уучлаарай, гомдохгүй байх гэж найдаж байна. Их тийм хөнгөн, хөөс ихтэй санагдсан ?

-Би олон цомог гаргасан. “Эрос ¹1”, “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “Миний шинэ орон зай” гэх мэт цомгууд маань бүгд өөр өөр өнгө аясыг илэрхийлж байсан. Өөрийн урьд өмнө гаргасан эдгээр цомгуудыг харж байгаад дуучин хүнийхээ хувьд өөрийнхөө дуулж байгаагүй тийм хэмнэлийг, тийм жанрыг барьж авъя гэж шийдсэн. Миний шинэ цомог бол тэр аяараа хотын хөгжмийг үнэртүүлж байгаа. Эрч хүчтэй, залуу байгаа дээрээ би ийм цомог хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ. Би энэ цомгоороо өөрийн уран бүтээлийг ахин нэг шат урагшлуулсан гэж бодож байгаа. Дуу заавал тансаг яруу найрагтай, хүнд хөгжимтэй байх албагүй. Тийм дуунууд бий л дээ. Гэхдээ хөнгөн хөвсгөр гэж таны тодорхойлж байгаа ийм дуунууд ч бас үлддэг. Ер нь хүмүүс хэлдэг л дээ. Ариунаагийн дуунуудыг нэг сонсоод ойлгодоггүй. 4-5 удаа сонсоод ирэхээр өөрийн эрхгүй тэр дуунуудад автаж, ойлгож эхэлдэг гэж надад их олон фенүүд маань хэлж байсан. Тэгэхээр би ахин хэлэхийг хүсч байна. Хөнгөн хөвсгөр дуу ч гэсэн уран бүтээл. Үүний цаана уран бүтээлийн бодлого, дууны яруу найргийн шинэчлэл байгаа шүү. Цомгийн хуудаснуудыг эргүүлж сайн үзээрэй. Нэг дууны доор тэр дууг босгох гэж хичнээн олон хүн ажиллаж, хөлс хүчээ шингээснийг ойлгоорой. Хөгжмийнх нь хувьд, хөгжлийнх нь хувьд, чанар чансаа, цаг үеийх нь хувьд олон талаас нь жинлэж үзэхэд харин ч жинтэй цомог болсон гэж би үзэж байгаа.

-Нэг биш хэд дахин уншиж байж үзэл санаа нь орж ирдэг роман гэж, хоёр гурав үзэж байж ойлгодог жүжиг гэж байдгийг мэдэхээс дуун дээр ийм тайлбар сонсч байгаагүй юм байна. Сүүлийн үед манай дуучид л нэг ийм үг унагаад байх болжээ дээ. Дуу яг сонсч байгаа энэхэн агшинд л зүрхэнд эм шиг тусдаг, тийм ойрын, шууд нөлөөтэй эд биш юм уу?

-Нэг хэсэг манай рок попийнхон алтан үеийнхний дуунуудыг сэргээх ажлыг сэдэж, тэр аяараа энэ зүг анхаарлаа хандуулсан шүү дээ. Дараа нь зохиолын дуучид тэр буухиаг залгуулж аваад явж байх шиг байна. Үүнээс болоод нийгэм маань тэр аяараа хуучны дуунуудаар амьсгалж, хуучны гэх тэр хөгжим, хөг аялгуунд эргэн орсон. Бүгдээрээ эргэн санагалзсан, дурсамжаар амьдарсан, одоогийн байгаа бүх зүйлээ үгүйсгэсэн хандлага руу өөрийн эрхгүй яваад орчихсон. Эргээд харсан чинь рок поп хөгжмийн ертөнц ч ялгаагүй таг зогсож байсан. Үүнийг зогсоох ёстой гэж би бодож байна. Залуус юу хүсч байгаа нь бидэнд хамаагүй хэрэг үү. Үгүй шүү. Би тэгж бодохгүй байна. Нэг талаар дуучин өөрийнхөө өмнө их том эрсдэл босгож байж хотын гэх тэр хөгжим рүү орж, залуус руу анхаарлаа хандуулж байгааг эрхбиш судлаачид, сонсогчид анхаарч байгаа байлгүй.

-Саяхан МУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцлага хийж байхад тэр “Бид байнга өнгөрснөө ярьж, эргэж харан уярлын нулимс дуслуулж суудаг сул дорой ард түмэн болчих вий дээ” гэх үг унагаж байсан. Таны яриа яагаад ч юм явсаар бас тийшээ орчихлоо. Ингэхэд та дурсах, эргэн санагалзах дуртай юу. Эсвэл шууд л урагшаа давших таны үзэл үү?

-Миний нэг дуунд ийм мөрүүд байгаа. Өнгөрсөн амьдрал, бас ирээдүйн амьдрал…энэ бүхэн чинь тэгээд бодитой юу гэж. Монголчууд бидний дунд яс маханд шингэчихсэн юм шиг нэг зуршил байдаг. Тэр бол өнгөрсөнтэйгөө зууралдах явдал. Бүр хэтэрхий их шүү. Өнгөрснийг л яриад байна. Маргаашаа ерөөсөө ярихгүй. Өнгөрсөнтэйгөө тавьж өгөхгүй зууралдаад явна уу гэхээс өнөөдрөөрөө амьдарч сурдаггүй. Урлагийн хүн бол цаг үеэ маш зөв мэдэрч байх ёстой. Би хувь хүнийхээ хувьд сул дорой, унжийж үлбийгээд суухыг тэвчдэггүй.
-Сараа, Ариунаа хоёр уран бүтээл хийхгүй байна. Энэ хоёр дуучин чинь арай гавьяат болохын төлөө л амьдарч байсан юм биш биз дээ гэх шүүмжлэл гарч байсан

Та ойрын үед тоглолт хийх үү?

-Монгол улсын гавьяат жүжигчин гэх цол хүртсэний дараа уран бүтээлч хүнд аягүй том хариуцлага ирдэг юм билээ. Нуруун дээр нэг л том хүнд ачаа үүрүүлчих шиг санагдсан. Би одоо юу хийх вэ. Уран бүтээлээ яаж хийх ёстой болов оо гэх асуулт миний өмнө гарч ирсэн. Жил хэртээ би их хачин байсан. Эсвэл нэг их хөгшин болчихсон ч юм шиг. Тийм сонин шок надад байгаад байсныг нуухгүй. Юу гэж хэлмээр юм бэ дээ ямар ч байсан уран бүтээлчийн хувьд сэтгэл зүйн нэг тийм сонин дарамтад орсон л доо. Тэгээд л ерөөсөө би уран бүтээлийн эрэл хайгуул хийх хэрэгтэй юм байна. Олон хүмүүстэй уулзаж санаа оноог нь сонсох хэрэгтэй юм байна гэж бодсон. Их явсан. Олон хүнтэй уулзаж уран бүтээлийн яриа өрнүүлсэн. Олон арван залуучуудтай уулзсан. Тэдний үгийг сонссон. Тэдний шүүмжлэлийг сонссон. Ардын уран зохиолчидтой уулзсан. Тэдний эрдэнэ шиг сургаалуудыг цаг зав харамгүй явж сонссон. Өөрийнхөө рок попынхонтой уулзсан. Хөгжмийн зохиолчидтой уулзсан. Тэр бүхний дараа энэ чиглэлээр уран бүтээл хийх сонголтыг хийсэн. Тэгээд “Дурлал шиг асна” цомгийнхоо бүтээл дээр суурилан өөрийнхөө “Миний шинэ орон зай” цомгийн уран бүтээлээс оролцуулан нэг ёсондоо гавьяатыг хамгаалах тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтоо 11 дүгээр сарын 2,3,4,5 гэсэн өдрүүдэд тавина. Би гурван жилд нэг тоглодог юм байна. Гурван жилд нэг тоглохдоо гуравхан удаа тоглодог. Гэтэл Улаанбаатар хот маань хэдэн хүнтэй билээ. Тэрний 15-хан мянган хүнд нь л бид уран бүтээлээ хүргэдэг юм байна. Бид менежментийн хувьд алдаатай бодлого барьж байжээ. Ийм байж таарахгүй гэж би бодсон. Бид нэгэнт шинэ уран бүтээл хийж байгаа юм бол ядаж нийслэлийнхээ иргэдэд ханатал нь тоглож өгөх ёстой юм байна.

-Гавьяат цолыг хамгаалах тоглолт гэсэн үг тань үнэхээр содон үг байна. Ямар ч дуучны амнаас сонсч байсангүй. Одоо чинь хоёр жил халтар хултар зохиолын дуу дуулаад л гавьяат болно гэж хашгирдаг болсон шүү дээ ?

-Би одоо 21 дэх жилдээ дуулж байна. 16 насандаа анх урлагт хөл тавьсан. Уран бүтээлч хүн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, түмэндээ үнсүүлж, хүндтэй цол хэргэмийг нь зүүлээ. Тэгээд дараа нь яах ёстой юм бэ. Зүгээр л ханачих хэрэг үү. Нэгэнт та мэргэжлийн уран бүтээлч болж заяагаад, урлагийн төлөө хөлс хүчээ урсгасан юм бол, тэгээд түүнийгээ төр засгаараа үнэлүүлж дүгнүүлсэн юм бол тэр алдар суугаа хамгаалах тайлан тоглолтыг хийх ёстой. Түүнээс биш ханаад л элсэнд шингэсэн ус шиг алга болчихож болохгүй гэж би бодож байна. Энэ тоглолтод би өөрийгөө хувь хүнийхээ хувьд асар их бэлтгэж байгаа. Бэлдэж байгаа гэхээр хүмүүс буруу ойлгож магадгүй юм. Өдөр шөнөгүй хоолойныхоо дасгалыг хийгээд л байна гэж ойлгож болохгүй л дээ. Би өөрийнхөө оюуныг бэлтгэж байна. Тайзан дээр өөрийгөө ямар байдалтай байлгах вэ. Ямар дуун дээр яаж ажиллах вэ гээд олон асуудал намайг эзэмдэж байна. Балетын хичээлээр гэхэд би яг мэргэжлийн багштай бүтэн жил хичээллэж байна. Базаад хэлэхэд аливаа гавьяа шагналыг тойрон явдаг янз бүрийн аман яриа, олон түмний хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн үнэлэлт дүгнэлтүүд гээд тэр бүх зүйлүүдийн эргэн тойронд би энэ удаа том асуултын тэмдэг босгож ирнэ гэж бодож байгаа.

-Сүүлийн жилүүдэд рок попынхон үзэгчдээ зохиолын дуучдад алдаж эхэллээ. Массын хямдхан урлагт түрэгдлээ гэх шүүмжлэлүүд их явж байгаа?

-Рок попын үзэгчид зохиолын дуу руу их хошуурсан гэдэгтэй би санал нийлж байгаа. Би Соёл Урлагийн Их Сургуульд их эмзэглэж байгаа. Дуулаачийн школоо дүүргээгүй, дуучин болоогүй оюутнууд олноороо дуучин нэрийг сайн дураараа зүүж байгаад болсон болоогүй баахан дуунууд үйлдвэрлэж байна. Энэ эмх замбараагүй явдлыг ядаж энэ сургууль эмхэлж болдоггүй юм уу. Намайг оюутан байхад сургуулиасаа гадуур ажиллах гэхээр “Уучлаарай, та чөлөө авч байж тэр ажлаа амжуулна уу. Таны өмнө мэргэжлийн боловсрол олж авахад зориулагдсан олон жил хүлээж байна” гэж соёлтойгоор анхааруулдаг байсан. Дуучин гэж хэнийг хэлэх ёстой вэ гэх асуулт манайд алга. Хэн дуртай нь хоёр хоёроороо хөтлөлцөж уул хадан дээр авирч гараад юу ч юм дуулаад байгаагаас үзэгчид үнэхээр залхаж байна. Ард түмэн ялгаад өгдөг л дөө. Гэхдээ хэтэрхий замбараагүй, хямд төсөр, сайн дурын урлаг цэцэглэж байна шүү дээ. Маш олон тоглолт тавигдаж байна. Харамсалтай нь тэндээс нь хөлс хүч үнэртэхгүй байна. Жилд хоёр гурван удаа тоглож ч байх шиг. Би ойрхон тоглохоос ичдэг. Ойрхон тогловол миний уран бүтээл чанаргүй болчих юм шиг санагдаад байдаг. Одоо манай “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан ахыг хар л даа. Энэ хүн бараг 10 жилд ганц тоглодог. Нэг юм хэлж байгаа биз.

-Манай рок попд өндөр эрэмбэтэй дуучид цөөхөн байдаг. Харин тэд маань сүүлийн үед аль нэгэн намын ажил хийгээд яваад байх шиг харагдах болж. Улс төрд нэг талыг барьсан энэ хандлага тань та бүхнийг аль талаар тань илэрхийлж байгаа юм бол?

-Би ийм асуултад хариулах юмсан гэж хүсдэг байсан. Баярлалаа. Уучлаарай, эрхэм сэтгүүлч гуай тэгээд урлагийг ойлгоод дэмжиж байгаа нам нь хаана байнаа гэж би танаас сөргүүлэн асуумаар байна. Би өнөөдөр их баярлаж байгаа. Тэр Ардчилсан социалист залуучуудын холбоо(МАСЗХ) гэдэг байгууллага захиалаад , анхаарал тавиад, хөрөнгийг нь гаргаад биднээр Монгол Улсын Төрийн дуулалыг дуулуулсанд. Дуучин болж энэ монгол орныг олж төрөөд, тэгээд улсынхаа төрийн дууллыг, улсынхаа хамгийн сор болсон дуучидтай хамтран дуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Хүүхэд байхдаа би төрийн дууллаа сонсож унтаад, сонсож сэрдэг байсан. Тэр цаг үед бид улс, эх орондоо ямар хайртай байгаа вэ. Хойно сурч байхдаа бушуухан сургуулиа дүүргэж эх орондоо очихсон, очоод эх орныхоо урлагийн төлөө ажиллах юмсан гэсэн оргилуун хүсэл дүүрэн явдаг байлаа. Тийм халуун сэтгэлийг эргүүлж ирэх үйлсэд бид хувь нэмрээ орууллаа гэж би бодож байгаа. Одоо миний зургаан астай хүү зүрхэн дээрээ гараа тавиад төрийн дууллыг дуулдаг. Энэ бол маш сайхан явдал. Дараа нь бид Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хийсэн тэр дуун дээр ажилласан. Бас л МАСЗХ санаачилсан. Урлагийг сэтгэл зүтгэл гаргаж дэмжиж байгаа хүн бүхэнд бид баярлана. Тэрнээс биш надад цаана наанаас нь гаргаж ирж ярих явган улс төр нь бидэнд хамаагүй.

-Өөрийг тань хөдөө тоглодоггүй хотын дуучин гэж шүүмжилдэг байсан. Харин сүүлийн үед хөдөө тоглоод байгаа сураг байсан. Хаагуур хаагуур тоглов?

-Завханы Сонгино, Зүүнхараа, Сүхбаатар аймаг, Булган аймаг зэрэг газруудад тоглолоо. Хэдийгээр би шинэ цомгоо гаргах гэж маш их ажилласан ч завсар зайгаар нь хөдөө орон нутгийн үзэгчиддээ уран бүтээлээ хүргэхийг зорьдог. Булган хотод гэхэд би товлосон цагаасаа замдаа саатсаны улмаас хоцорч очсон. Тэгэхэд миний тоглолтыг үзэх гээд шөнө дөл болтол хүлээж байсан нь маш сайхан санагдсан. Уг нь тэр өдөр би гадаа тоглох ёстой байсан. Гэтэл бороо ороод дотор хаалгаа дэлгэж байгаад тоглосон. Бүжигчидтэйгээ хамт очиж бүтэн хоёр цагийн бүрэн хэмжээний тоглолт тавьсан. Үнэхээр намайг хүлээж байсан байна лээ. Энэ тоглолтыг УИХ –ын гишүүн, ЗТАЖЯ-ны сайд Ц.Цэнгэл зохион байгуулж хийлгэсэн. Үнэхээр мэргэжлийн урлаг, сайн дурын урлаг хоёрыг ялгаж салгадаг, мэдрэмжтэй, сонгогчдоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн байна лээ.

-Бүтэн тоглолт их үнэтэй биз дээ. Тэр танд хэдийг төлсөн бэ?

-Яг тоог нь хэлмээргүй байна. Хотод яаж яригддаг вэ тэр хэмжээнд нь ярилцаж тохироод тоглосон. Хамгийн гол нь 800 жилийнхээ ойг тохиолдуулж сонгогч түмнээ жинхэнээс нь баярлуулъя гэсэн тэр хүний сэтгэл нь надад таалагдсан. Бүх юм хамтын амжилттай үйл ажиллагаан дээр тогтдог. Хэл үгээ ололцохгүй бол юу ч босч ирдэггүйтэй адил. Ерөөсөө амьдрал бол хамтын ажиллагаа шүү дээ

/2007 оны 10 сарын 14/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж