Эрх баригчдыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Эрх баригчдыг огцрохыг шаардав

Хөдөлгөөнийхний  тэмц­­лийн хэлбэр өөрчлөгд­сөөр… Өчигдөр өглөө  “Монголын гол нууруудын нэгдсэн” хөдөлгөөн, “Хүдэр гол” хөдөлгөөн,  “Гал үндэстэн” холбооныхон 100 га­руй морьтон залуус дагуулан  морин тэргэнд гэр ачсаар уухайн дуу хадуулан Сүхбаатарын талбайд буудаллав. Тэд жанжны хөшөөг нар зөв гурвантаа тойрч, гэрүүдээ барих ажилдаа шуурхайлан орсон юм.

Хөдөлгөөнийхөн энэ сарын 4-нөөс эхэлсэн “Бүгдээрээ хэлэлцье” сэдэвт хэлэлцүүлгээ үргэлж­лүү­лэхээр найм хоногийн өмнө есөн гэр ачиж яваад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гэрүү­дээ хураалган тэдний хэлэл­цүүлэг хэсэг саатсан билээ.

Харин тэд найм хоногийн дараа гэрүүдээ машинд бус модон тэргэнд ачиж,  морьтой хүмүүсийнхээ тоог ч эрс нэмэгдүүлэн дахин ирсэн нь энэ. Хөдөлгөөний гишүүд, дэмжигчид  бүх ард түмний хэлэлцүүлэг хийж,  УИХ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэ­хүүнээрээ огцрохыг шаардаж байгаа юм. Хөдөлгөөнийхний олонхийг орон нутгаас ирсэн малчид эзэлж байв. Энэ удаа Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь зэрэг аймгийн малчид байгаль орчны эсрэг явуулж буй үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, нутаг, нутгийнхаа уул усыг хамгаалах зорилготой ирсэн гэх. Энэ үеэр хэлэлцүүлгийг анхнаас нь зохион байгуулж, жагсаалыг тэргүүлж буй “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяртай уулзсан юм. Тэрбээр “Бидний сонгосон төрийн түшээд, энэ төр засаг ард түмнийхээ төлөө ажиллахгүй байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа монгол хүн бүрийн эрх ашгийн эсрэг чиглэж эхэллээ. Ард түмнийхээ эсрэг ажилладаг ийм төр засгаар яах юм бэ. Огцрох хэрэгтэй. Бид энэ сарын 4-нөөс бүх нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Одоо бид ээлжит бус сонгууль явуулах тухай ярьж байна” гэв. Сүхбаатарын талбай дээр  найман гэр барих, жагсаал цуглаан зохион  байгуулах зөвшөөрөл хөдөлгөөнийхөнд байхгүй. Гэхдээ тэд зөвшөөрөл авахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт хүргүүлсэн ч Төрийн онцгой хамгаалалтын бүсэд олон гэр барьж, жагсаал зохион  байгуулахыг хориглосон гэх хариу ирүүлжээ. Үүгээр зогсохгүй  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүртэл хандсан тухай дуулгалаа. Харин хаанаас ч нааштай хариу ирүүлээгүй учир бидэнд үүнээс өөр сонголт алга гэцгээж байв. Үдээс   өмнө тэд  гэрүүдээ барих, морьдоо хооллох  ажилд  зарцуулсан юм. Харин 16.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүмүүс ирж Ц.Мөнхбаяр, Г.Баяраа, н.Дашдэмбэрэл нартай уулзаж, мэдэгдэл өгч харагдсан. Хариуд нь хөдөлгөөний төлөөллүүд “Сүхбаатарын талбайд эмх замбараагүй байдал үүсгэхгүй, тайван замаар   хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ” гэж байгаа дуулдсан. Харин СБД-ийн Засаг даргын Тамгын газрынхан “Албан ёсны зөвшөөрөл аваагүй тул энэхүү үйл ажиллагаагаа зогсоох  нь зүйтэй” гэх. Энэ үеэр дүүргээс ирсэн  Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх А.Нэргүй “Аливаа жагсаал цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахад гэр майхан барих, хоноглох, мал оруулах, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэж  Жагсаал цуглаан зохион байгуулах  журмын тухай хуулийн 11.8-т заасан байдаг” гээд явж одов. Тэднийг явсны дараа “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн  гишүүн М.Баатархуягаас мэдэгдлийг хэрхэн хүлээн авч байгаа талаар тодруулсан. Тэрбээр “Бид бүх зүйлийг тайван замаар хийхийг эрмэлзэж байна. Бие биеэ албан тушаалаар айлган сүрдүүлж, хоёр цагийн дараа гэрээ хураа зэрэг үгнээс айж, хулчийж,  гэрээ буулгахгүй. Яагаад гэвэл бид эх орныхоо төлөө явж байгаа хүмүүс. Ямар ч хууль зөрчөөгүй  шүү дээ. Холбогдох байгууллагуудад нь хүсэлт тавьсан ч зөвшөөрөл олгоогүй. Тэдний яриад байгаа Жагсаал цуглааны тухай хуульд жагсаал цуглаан зохион  байгуулах газрын хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ордноос хойш, урагшаа 80 метр, баруун зүүн талдаа тус бүр 33 метрийн зайд дээрх хууль хамаарна. Харин үүнээс урагшаа бол нийтийн эзэмшлийн талбай. Энэ талбай дээр улс эх орныхоо хувь заяаг түмэн олонтойгоо хэлэлцэж болохгүй гэж үү” гэв.

Тэд ийм байрь суурьтай байна. Биднийг ийн ярилцаж байхад  10 гаруй хөдөлгөөнийхнийг зангидаж байгаа “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг хоёр цагдаа  дагуулан явж одлоо. Түүнийг нийслэлийн Цагдаагийн газрын дарга хүлээн авч уулзаад “Жагсаалыг албадан тараах Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарсан тохиолдолд гэрүүдийг албадан буулгах болно” гэдгээ хэлжээ.  Харин өдөржин салхинд зогссон малчид гэртээ эсгий дэвсэн тухалж, хуушуур сэлтхэнээр хооллож байгаа харагдана лээ. Өвөрхангай аймгаас л гэхэд 15 морьтой залуус долоо хоногийн турш довтолгож, нийслэл хотод ирсэн гэнэ. Харин гэрүүдийн гадаа толгой гудайлган зогсох 100-аад морьдод өгөх өвс, усны асуудлаа шийдээгүй байв. 

Ахмадуудын тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхийг  шаардсан Г.Баасан ажаа,  “Бөмбөгөр”-тэй хамт хөрөнгө шатаалгасан түрээслэгчид, хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө  алдсан иргэд үсээ хусах нь хусч, төрийн ордон руу өндөг хүртэл цацаж тэмцлээ илэрхийлж байв. Оюутнууд, ахмадууд, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ж.Батзандан, О.Магнай гээд жагсаал цуглааны шинэ шинэ хэлбэрүүд гарч байсан цаг  саяхан. Жагсаал цуглааны дээрх  хэлбэрүүд үеэ өнгөрөөсөн бололтой. Монгол дээл өмсч, морин тэрэг хөлөглөн, монгол гэрээ эгнүүлэн барьж жагсдаг жагсаалын “шинэ үзэгдэл” гарч ирэв. Хөдөлгөөнийхний ярьж буйгаар баруун аймгуудаас 300 гаруй морьтон Улаанбаатар хотын зүг улсынхаа хувь заяаг хэлэлцэхээр замдаа гарсан гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж