Нэг ч төгрөгийн татаасгүй Эрдмийн баяр

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Нэг ч төгрөгийн татаасгүй Эрдмийн баяр

Жаргалантийн  сургуулийг 2012-2013 оны хичээлийн жилд 59 сурагч бүрэн дунд боловсрол, 92 сурагч суурь боловсрол, 77 сурагч бага боловсрол эзэмшин төгсч Эрдмийн баярын үйл ажиллагааг 2013.05.17-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрдмийн баяраа шинэлэг өвөрмөц цар хүрээтэй зохион байгуулсан тус сургуулийн  төгсөх ангийн сурагчид нэг өдрийг жинхэнэ эрдмийн баяр утгаар нь тэмдэглэж сургууль дээрээ өдрийг маш зугаатайгаар өнгөрөөв. Сурагчид  өглөө 9.00-11.00 цагт нээлтийн үйл ажиллагаа, дурсамж хичээлдээ орж, өдрийн турш 9 өртөөгөөр аялцгаасан юм.  

Тус сургуулийн удирдлагын баг, 41 багш 9 баг болж хуваагдан өртөө байгуулж ангиудыг цагийн хуваарийн дагуу хүлээн авсан юм. Тухайлбал, "Хөгжилтэй АХА", "Дуун жигүүр", "Буухиа",  "Амттай зоог", "Хамтдаа бүжиглэе",  "Зургийн цомог", зэрэг өртөөгөөр аялж дуулж бүжиглэхээс гадна сурагчдын танин мэдэхүйг сорьсон тэмцээн уралдаан өрнөлөө. 

Сурагчдаас нэг төгрөг ч хураалгүй эрдмийн баяр тэмдэглэн, "Ном" "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд сурсан мэдсэн зүйлээ есөн өртөөгөөр аялан бие биенээсээ суралцсан сайхан өдөр болж өнгөрлөө. 

Энэ үйл ажиллагаанд эцэг эхчүүд талархалтай хандаж "Анх 11 жилийн өмнө 1 дүгээр ангид ороход нь хүүхдээ хөтөлж сургуулийн босго алхуулж байсан бол өнөөдөр бид бүхэн хүүхдээ мөн сургуулиас нь ирж хүлээж авч байна. Энэ нь хүүхдийг гэнэтийн осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа нь сайшаалтай байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан. Мөн сурагч, эцэг эхчүүд, багш нарын хамтын оролцоог нэмэгдүүлсэн, хүүхэд бүрийг тэгш эрхтэй оролцох боломж бололцоог бий болгосон бахархууштай ажил боллоо гэж дүгнэсэн  байна.

Эрдмийн баярын нээлтэнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ГХУСЗ-ийн нарийн бичгийн дарга Түмэнжаргал, Аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн ОНХ албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн, Жаргалант сумын орлогч дарга Б.Шинэзориг, БСГ-ын мэргэжилтэн Д.Гантуяа, Аймгийн Хүүхэд Гэр бүл Хөгжлийн хэлтсийн дарга Л.Энхбаяр нар оролцож энэ хичээлийн жилд сургууль, анги хамт олноо сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: www.meds.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж