Элэгний
архаг өвчин юунаас болж үүсдэг, ямар дэглэм баримтлах шаардлагатай талаар бага
зэргийн мэдээлэл оруулъя.
Элэгний архаг өвчин үүсгэх голлох шалтгаануудад элэг
гэмтээгч 13 төрлийн вирусын халдвар, архи хэтрүүлэн хэрэглэх, эмийн бодисын
замбараагүй хэрэглээ, таргалалт, цөөн тохиолдолд аутоиммун болон бодисын
солилцооны өвчнүүд ордог. Монголд их тохиолддог шалтгаан нь элэгний В, С
вирусуудын архаг халдварууд болон архи юм.
В, С вирусуудын халдвар нь цус, цусан бүтээгдэхүүн, хэрэглэсэн шприц, бэлгийн
зам болон гэмтсэн арьс салстаар дамжин халдварладаг. Тийм болохоор 1 удаагийн
зүү тариур, хамгаалалттай бэлгийн харьцаа, баталгаатай цус цусан бүтээгдэхүүн
хэрэглэх замаар өөрийгөө хамгаалах боломжтой.
Нэгэнт халдвар авсан тохиолдолд вирусын эсрэг эмийн
эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Түүнээс гадна дараах арга хэмжээнүүдийг авч, элгээ
улам гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй.
-Эмчийн хяналтанд орж, улирал тутам шинжилгээ
хийлгэж, өвчнөө хянуулж байх
-Ханасан өөх-тос ихтэй, уураг ихтэй хоол хүнсийг
бага хэрэглэж, эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн голчилсон зөв зохистой хоолны
дэглэм баримтлах
-Элэгний архаг өвчтэй, эдгэрч байгаа хүмүүс архийг
огт хэрэглэхгүй байх хэрэгтэй
-Жирэмслэлтээс сэргийлэх эм нь элгийг гэмтээдэг тул
элэгний өвчтэй эмэгтэйчүүд хамгаалах өөр аргыг хэрэглээрэй
-Дур мэдэн эмийн бодисуудыг их тунгаар хэрэглэх нь
элгийг гэмтээдэг тул эмчийн заавраар эм уухыг зөвлөж байна.
-Элгийг хамгаалж, цөсний ялгаралтыг сайжруулдаг гэх
мэт элэгний өвчин тустай dandelion/багваахай, milk thistle, артичок, чихэр өвс
зэрэг ургамлууд агуулсан бэлдмэлүүдийг хэрэглэж байж болно.