Анодын хэрэг ”томчууд”-ын булхайг илчлэх нь…

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Анодын хэрэг ”томчууд”-ын булхайг илчлэх нь…

Анод банкны 1200 гаруй хувь­цаа эзэмшигч­дийн мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээ­ний хохирол учруулсан хэрэгт яллагдаг­ч­аар татагдсан тус банкны захирал Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энх­төр нарын хэргийг өнгөрсөн долоо хоногт хя­налт­ын шатнаас мөр­дөн байцаалтад буцаагаад буй. Уг хэрэгт Монгол банкны Тэргүүн дэд ерөн­хийлөгч асан Б.Энххуяг, Сан­хүүгийн зохицуулах хороо­ны дарга Д.Баярсайхан нар ч холбогдсон юм. Эх сурвалж­ийн мэдээллээр тухайн үед Сан­хүү­г­ийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай хамтран ажил­ласан тус хорооны гишүүд болох Б.Шаравсамбуу, Д.Дүгэр­­жав нар­ыг нэмж шалгах шаардлагатай гэж хяналтын прокурор үзэн хэр­­гийг нэмэлт мөр­дөн байцаал­­тад буцаасан гэнэ. Анод банк­ны удирдлагуудад Эрүүгийн хуул­ийн тусгай ан­гийн 156.3 буюу банкны байгууллагын ажил­­тан шунахайн буюу хувийн ашиг сонирх­лын үүднээс банкны болон мөнгөн хад­галамж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйлчлэлээр хэрэгт татсан билээ. Уг хэрэгт  яллагдагчаар татагдсан  Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар Анод банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн  болохыг нь мөрдөн  байцаагчид хөдөлшгүй баримтаар тогтоожээ.  Мөн сүүлийн үеийн мэдээллээр Анод банкны Хохирогчдын түр хорооноос шуурхай хуралдаан зарлаж тодорхой асуудлаар хэлэлцжээ. Тодруулбал, тус хорооноос эл хэргийн эцэслэн шийдэхгүй байгаа тул хохирлоо төрөөс бүрэн гаргуулах үүднээс өмгөөллийн томоохон компани хөлслөхөөр тохиролцоонд хүрчээ. Учир нь яллагдагчаар татагдаад буй төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг хоёр жил шахам сунжран эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий гэх хардлага төрүүлээд буй гэнэ. Дээрх уулзалтаар хувьцаа эзэмшигчид хохирлоо Харилцаа, хадгаламж гаргасан мөнгийг төр даах тухай хуулийн дагуу хүү бодож төрөөс гаргуулах ёстой гэж үзсэн байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох талаар хуралдаж, шийдвэр гаргахыг хүссэн албан тоотыг УМБГ-аас хүргүүлжээ. Гэтэл “Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул  тогтоолыг хүчингүй боломжгүй” гэж мэдэгджээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж, мөрдөн байцаах ажилгаанд саад учруулж байна гэж үзсэн байна. Үүнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбатыг Анод банкны Хохирогчдын түр хорооноос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ ч уламжилсан байна. Түүнийг Анод банкны удирдлагуудаас хахууль авсан байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн сард Авлигатай тэмцэх газарт гомдол мэдүүлж, шалгуулах хүсэлтээ СЗХ-нд илэрхийлжээ. Гэвч тэдний гомдолтой АТГ-ын холбогдох ажилтнууд танилцаж үзээд харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгах шаардлагатай гэж мэдэгджээ. Дуулиан дагуулсан Анод  банктай холбогдох хэрэгт ийнхүү Сангийн яамны төрийн өндөр албан тушаалтан холбогдон шалгуулж магадгүй гэнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга асан Х.Бум-Эрдэнийг сэжигтнээр татаж шалгах тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Учир нь түүнийг Анод банкны Хохирогчдын түр хорооноос IPO-ийн төсөлтэй танилцаж зөрчлийг арилгуулалгүй, Санхүүгийн зохицуулах хорооны удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзсэн бололтой.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж