
Эрчим хүчний зохицуулах газар өнгөрсөн оны нэгдүгээр сард цахилгааны үнийг 17,35, дулааны үнийг 14,5 хувиар нэмэхэд “Атар” талхны үнэ 10,6 төгрөг, “Алтан тариа” компанийн гурил нэг кг нь 4,6-5,3 төгрөг зэрэг өсөлт гарах тооцоог гаргаж байжээ. Гэвч тухайн үед бодит байдал дээр хүнсний дээрх бүтээгдэхүүний үнэ уг тооцооноос илүүтэйгээр өссөн байна. Тиймээс цахилгаан дулааны үнийн энэ удаагийн өөрчлөлт хэдий бага гэж харагдавч бодит байдал дээр мөн л өмнөх шигээ тооцоолсноос илүүтэйгээр өсөх вий гэж тэд сэрэмжилжээ. Иргэдийн хэрэглэж буй цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдсэн, дээрээс нь өдөр тутмын хэрэглээ болсон талх, гурил, сүүний үнэ өсвөл Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан шийдвэр иргэдэд ачаалал авчрах нь дамжиггүй. Хэрвээ өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн нуруун дахь ачаалал ихэсвэл цахилгаан, дулааны үнэд оруулсан өөрчлөлтийг цуцлуулахын төлөө тэмцэнэ гэдгээ мөн тэд хэлж байлаа. Энэ тухай мэдэгдлээ Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар тус тус хүргүүлнэ гэж байв.
Түүнчлэн Засгийн газар энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ үед эрчим хүчний үнийг нэмсэн нь жижиг дунд үйлдвэрийг сөхрүүлэх, ажлын байрыг цөөрүүлэх зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах магадлалтай гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулиар олгогдсон эрхийн дагуу үйлдвэрлэгч, борлуулагчид, аж ахуйн нэгж, газруудад шударга бусаар үнээ нэмэгдүүлэхгүй байх талаас хяналт тавьж ажиллах шаардлагатай анхааруулав.
Энэ талаар зарим хүнсний үйлдвэртэй холбогдож тэдний байр суурийг авсан юм.
“Сүү” ХК-ийн Маркетингийн албаны дарга Б.Алтантуяа: Манай компанийн үнэ нэмэх шийдвэр гараагүй байна. Эдийн засагчид тооцоо хийж үзэж захирлуудад танилцуулна. Ингэхдээ цахилгаан, дулааны үнийн өөрчлөлт бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхүйц хэмжээгээр өсч үү, үгүй юу гэдгийг тэд тогтоох юм. Тэд тооцоо гаргаж дуусаагүй байгаа тул одоогоор албан ёсны хариу өгөх боломжгүй байна гэлээ.
Харин “Алтан тариа” компанийн тухайд цахилгаан, дулааны үнэ өссөнийг буруутгахгүй байгаа юм. Эрчим хүчний компани алдагдалтай ажиллаж болохгүй, нэмэх шаардлагатай байсан болоод нэмсэн биз хэмээх хариултыг өгсөн. Одоогоор тус компани гурилын үнэд өөрчлөлт оруулах эсэхээ хараахан шийдээгүй байна.
Харин цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргасан Эрчим хүчний зохицуулах газар дараах тооцоог гаргасан байгаа юм. Тус байгууллага өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох талх, сүү, мах, гурилын үнэд хэрхэн нөлөөлөлхийг харуулах зорилгоор “Талх чихэр”, “Сүү”, “Мах импекс” болон “Алтан тариа” компаниудыг сонгон авч тооцоо хйижээ. Эрчим хүчний зардлын өсөлтөөс эдгээр компаниудын нийт зардал 0,5-1,0 хувиар нэмэгдэхээр тооцоо гарсан байна. Жишээлбэл, “Атар” талхны үнэ 3-4 төгрөг, “Алтан тариа” компанийн нэг кг I зэргийн болон дээд гурилын үнэ 4-6 төгрөгөөр тус тус нэмэгдэх магадлалтай гэжээ.
Юутай ч хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах тус байгууллага үүнд хяналт тавьж ажиллахаа ийн мэдэгдлээ.
Б.СҮРЭН /сурвалжлагч/