“Сперс” цувралыг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

“Сперс” цувралыг тэргүүлж эхэллээ

Монголын цагаар өнөөдөр өглөө болсон тоглолтод “Сан-Антонио Сперс”-чүүд илүү байж 113:77-ийн харьцаагаар хожсоноор NBA-ын аваргын төлөөх цувралын харьцааг 2:1 болгож, тэргүүлж эхэллээ. Мөн тэд NBA-ын финалд хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай болгосон багийн тоонд багтсан юм. Өнөөдрийн тоглолтод Данни Грийн 27 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тим Данкан 14 оноо авчээ. Өрсөлдөгч “Майами Хит” багийн довтолгоо өнөөдөр төдийлөн амжилтгүй болсныг “Сперс”-ийн хамгаалалт сайн байсантай холбон тайлбарлаж болох юм.

“Хит”-ийн орчин цагийн их гурвалын хоёр нь буюу Леброн Жеймс, Дуейн Вейд нар нийлээд 31 оноо авсан нь “Майми”-гийн финалын хамгийн муу үзүүлэлт болж байна. “Өнөөдөр бидний орой биш байлаа. Довтолгоо ерөөсөө болсонгүй. Бидэнд ярих зүйл их байна” гэж “Майами” Хит багийн дасгалжуулагч Эрик Споестра ярьжээ. Харин “Сперс”-ийн дасгалжуулагч Грег Попович “Бид ийм л тоглолт гаргах хэрэгтэй байсан юм. Сагсан бөмбөг гэдэг бол багийн тоглолт, зарим нэг тоглогчид тааруу байсныг эс тооцвол өнөөдөр манай баг сайн тоглолоо. Дараагийн тоглолтод ч бид энэ эрчээрээ тоглох болно” гэж ярьжээ. Өнөөдрийн тоглолтын сүүлийн таван минутад “Хьюстон Рокетс”-т нэгэн цагт гялалзаж байсан Трейси МакГрейди гарсан нь олны анхаарлыг татсан хэрэг болсон юм. Дараагийн тоглолт Монголын цагаар цагаар 14-ний өглөө “Сперс”-ийн талбайд болно.

Б.СҮХ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж