
Сүүлийн үед хөгжим сонирхогч залуусыг байлдан дагуулаад буй Английн “folk rock” хамтлаг “Mumford & Sons”-ийн басс хөгжимчин Тэд Дуайн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлэгт хүргэгджээ. Дуайнд эмч нар тархины цус бүлэгнэх эмгэг гэсэн онош тавьсан гэнэ. Энэ тухай хамтлагийн залуус өчигдөр цахим хуудсандаа нийтэлж, Тэдийн биеийн байдал сайнгүй байгааг фэнүүддээ дуулгасан байна. Хамтлагийнхны мэдээлснээр Тэд яаралтай мэс засалд орох шаардлагатай гэнэ.
“Mumford & Sons” эдгээр өдрүүдэд Хойд Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлж, Техас, Нью-Орлеанд тоглолтоо хийхээр төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хамтлагийн нэг гишүүний биеийн байдал тааруу байгаа тул тоглолтоо хойшлуулах болсон байна. Түүнчлэн Грэммийн шагналт, Brit award-ийн эзэд тус хамтлагийнхан ирэх сарын 6-нд болох хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Glastonbury”-д оролцох эсэх нь эргэлзээтэй болжээ.
Э.АНХТУЯА