Сонгуулийн ирц залуучуудаас хамаарна гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ирц залуучуудаас хамаарна гэв

Монголын залуучуудын холбооноос “Залуус аа, сонгуульдаа идэвхтэй оролцьё” хоёр долоо хоногийн аяныг зохион байгуулахаар болжээ. Учир нь удахгүй болох сонгуульд хэн нь ялах бол гэхээс илүү ирц хүрэх эсэх нь чухал асуудал юм гэж зохион байгуулагчид үзэж байна.

Санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 хүртэлх насны оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоожээ. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг байна. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насныхны ердөө 10 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ. Нийт сонгогчдын тал хувийг бүрдүүлж байгаа залуучуудын идэвх, оролцооноос сонгуулийн ирц хуульд заасан хэмжээндээ хүрч чадах эсэх ихээхэн хамаарахаар байгаа аж. Хэрэв ирц хүрэхгүй тохиолдолд татвар төлөгчдийн мөнгөөр дахин сонгууль явуулж, давхар зардал гарах болно гэсэн үг.

Иймд Монголын залуучуудын холбоо залуучуудыг санал хураалтад иэдвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийн уриалж буй аж. Зохион байгуулагчид “Бид аливаа нэг нам хүчин, нэр дэвшигчийн талд ажиллаагүй, ажиллах ч үгүй. Харин нийт залуусаа идэвхитэй байж ирээдүйгээ шийдэх сонголтынхоо эзэн нь байгаасай, хариуцлагатай байгаасай гэж уриалж байгаа юм” гэж тодотголоо.

Дашрамд сонирхуулахад тус холбоо 2013 оныхоо бүхий л үйл ажиллагааг “ОРОЛЦЬЁ” уриан дор зохион байгуулж байгаа юм.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж