
Ноён Ким Шинь Ху нь 2007 оноос хойш Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэжон хотын Боловсролын газар хоорондын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. БШУЯ Дэжон хотын Боловсролын газартай мэдээлэл, технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2007 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд Дэжон хотын Боловсролын газраас нийт 15 удаагийн мэдээлэл технологийн сургалтуудыг Солонгос улсад зохион байгуулж, 284 монгол багш нарыг хамруулаад байгаа юм.
Ноён Ким Шинь Хуний удирдсан Дэжон хотын Боловсролын газар манай улсын боловсролын байгууллагуудад 4450 ширхэг суурин компьютер, 531 ширхэг зөөврийн компьютер, 3 ширхэг дижитал самбар, өндөр хүчин чадалтай орчин үеийн 2 ширхэг проектор зэргийг үнэ төлбөргүй нийлүүлсэн. Энэ нь боловсролын салбарт мэдээлэл, технологийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд ихээхэн ач холбогдол, үр дүнгээ өгсөн болно.
Түүнчлэн ноён Ким Шинь Ху нь монголын залуу боловсон хүчинг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн найман монгол сурагчийг БНСУ-ын ахлах сургуульд элсүүлэн, суралцуулж байна.