
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нэгэн цагт буруу хөл дээрээ боссон бололтой. Жил гаруйн өмнө Газрын тосны газрын даргаар ажиллаж байхдаа шатахууны үнэ өсгөсөн буруутан болж ажлаасаа халагдаж, эргээд Төрийн албаны зөвлөлд гомдол мэдүүлэн байж ажилдаа эргэж орохоор болж байсан билээ. Тэр цагт шударга дарга байна даа гэж олон хүн зөвтгөөд л өнгөрсөн. Хэсэг хугацаанд чимээ сураггүй болсон Д.Амарсайхан саяхнаас 50 тэрбумын хэргээр шалгагдаж эхэлжээ. “Петрочайна Дачин Тамсаг”-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгийг угаачихсан юм байх. Ганцаараа юу, олуулаа гэдгийг нь хууль хяналтынхан тогтоох биз. Бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос Хонконг руу хууль бусаар мөнгө шилжүүлж байгаад л “гардуулчихсан” бололтой юм. Санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлтээр Хятадад өгөх Монголын мөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөг сох дутаж, Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан тэргүүтэй хэдэн ажилтныг гайтуулж орхив. ОХУ-аас шалтгаалж тасарсан нефтийн экспортоос болж өөрөөсөө том дарга нарт зүйр цэцэн үгээр загнуулж байхдаа юу ч болоогүй мэт суусан тэрбээр өөрийгөө буруугүйг мэдээд л дуугүй суугаад байсан юм билээ. Харин одоо тав биш тавин, сая биш тэрбум төгрөгийн хэрэгт холбогдчихлоо. Тэр өмнөх шигээ дуугүй суух болов уу, яах бол. Тэрбээр дотроо нэгийг бодож яваа биз. Магадгүй “эр хүн долоо дордож найм сэхдэг юм чинь” гэчихсэн хээвнэг алхаж яваа ч байж мэдэх хүн шүү.
Б.ОЮУНГЭРЭЛЭх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
