
Учир нь УМБГ-ын даргын тайлбар ярьсан зүйлүүд УИХ-ын эрхэм гишүүнийг чимээгүй болгох ид шидтэй байсан гэж нэгэн эх сурвалж тайлбарласан. Харин хэргийн эзэн Ё.Отгонбаяр “Интернетээр бичих нь мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэж болзошгүй гэж өмгөөлөгч анхааруулсан учир бичихгүй байгаа” хэмээн тайлбарласан юм.
УМБГ-ынхан Ё.Отгонбаяр нь Ч хэмээх бизнес эрхлэгчийн Ланд 200 машиныг Энхтайваны гүүрэн дээрээс булаалгасан асуудлыг шалгах явцад эхнэрийнх нь дансны асуудлыг мэдсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Ё.Отгонбаярыг шалгах гэхээр халдашгүй бүрэн эрхтэй учир чадахгүй байна хэмээн учирласан юм.
Тэгвэл тэрхүү Ч хэмээн бизнесмен нь хэн бэ? Тэр өөрөө яагаад гэгээн цагаан өдөр хотын төв гудамжинд машинаа булаалгах хэрэг хийсэн бэ? Өөрийнх нь буруу байсан уу гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ч хэмээх бизнесменийг Чогной гэдэг бололтой юм. Тэрээр нийслэлийн Налайх дүүрэгт баригдаж дуусгаагүй барилгыг авч дуусгаад БСШУЯ-нд 5 тэрбум төгрөгөөр шахсан сураг гарав. Мэдээж жирийн нэг бизнесмен ийм ажлыг хийхгүй нь тодорхой. Тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын дэмжлэгээр харилцан тохиролцоод энэ ажлыг амжуулсан гэж хүмүүс ярих аж. Мэдээж дунд нь зуучилсан, уулзуулсан хүмүүс байжээ. Тэднийг нь ч давхар шалгаж эхэлжээ. Эхлээд Чогной нь зуучлагчидаар дамжуулж байгаад сүүлдээ өөрөө Ё.Отгонбаяртай уулздаг болжээ. Гэвч тэрээр хэлсэндээ хүрэлгүй сайдыгаа муриаснаар шинэ өрнөлийг эхлүүлжээ. Эцэстээ Ё.Отгонбаярыгаа цагдаад өгсөнөөр асуудлыг Чогной дууссан гэж ойлгожээ. Гэтэл асуудал дууссан биш харин дахин шинээр эхлэв. Учир нь н.Чогнойг ч гэсэн давхар шалгах хэд хэдэн үндэслэл байгаа аж. Нэгдүгээрт тэрээр манайдаа л томдоо орох “Нийслэл өргөө” компанийн барьж дуусгаагүй барилгыг маргаантай байдлаар авсан бололтой юм. Энэ барилгын асуудалд “Нийслэл өргөө” компани холбоотой эсэх нь удахгүй тодорно. Ирэх өдрүүдэд уг асуудлын учиг тайлагдаж эхэлнэ. Хоёрдугаарт энэ барилга хэзээ ч ийм үнэ хүрэхээргүй гэж эх сурвалж мэдээлэв. Тэгэхээр барилгын үнэлгээний асуудлыг шалгах нь ойлгомжтой болжээ. Энэ нь батлагдвал хямд барилгыг улсад үнэтэй шахсан хам хэрэгтнээр хариуцлага хүлээх нь гарцаагүй аж. Гуравдугаарт иргэдийг тагнаж чагнасан. Учир нь тэрээр Ё.Отгонбаяртай уулзаж хоол идэхдээ яриаг нь чагнаснаа хадгалж байгаад цагдаад өгчихсөн бололтой. Энэ үйлдэл нь бас л хууль зөрчсөн нь ойлгомжтой. Энэ мэт олон маапаантай асуудалд холбогдож байгаа учир н.Чогнойд эрүү үүсгэн шалгах магадлалтай аж. Учир нь тэрээр Ё.Отгонбаярыг матсанаар өөрөө давхар хэрэгт унан гэдэгээ тооцоолоогүй бололтой. Харин Ё.Отгонбаяр нь Чогной намайг матвал өөрөө ч унана тэгэхээр үгүй байх гэж өнөөдрийг хүртэл итгэж яваад тэнэг хүнд нам тавиулсан байж мэдэхээр байна.
Ё.Отгонбаярын хувьд дээрх асуудал үнэн бол угаасаа хариуцлага хүлээнэ. Хүн дээрэмдүүлсэн гэдэг нь нотлогдсон гээд байгаа. Хамгийн гол нь албан тушаалаа урвуулан ашиглаж хямд барилгыг улсад үнэтэй авсан гэдэг шинэ зүйл нэмэгдэж буй нь бүүр ч том шийтгэл болж мэдэх юм.
Энэ бүхэн үнэн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөлгөөний дагуу УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт сайн өмгөөлөгч авах ганц гарц л үлдсэн аж.
