
Дараагийн гол нөхцөлүүд гэвэл, 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх. Мөн 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээл гэж буй. Түүнчлэн өрхийн тань сарын орлогын хэмжээний 45 хувиас сард төлөх зээлийн мөнгөний хэмжээ хэтрэхгүй байх гэх шаардлага буй аж.
Зээлийн хүүн дээр нэмэх болон хасах нэг хувь гэсэн нь инфляцитай уялдан хүү долоон хувь байх эсвэл есөн хувь болох магадлалтай гэсэн үг. 2013 онд инфляцийг найман хувьд барих зорилт тавьсан ба зээлийн хүү нэмэх, хасах нэг хувиар хэлбэлзэж болно гэдгийг журмандаа тусгасан нь энэ аж. Инфляци буурвал иргэдийн орон сууцны зээлийн хүү буурна. Харин өсвөл ипотекийн зээлийн хүү ес болно.
Өмнө хэрэгжиж байсан төрийн албан хаагчдын болон зургаан хувийн хүүтэй зээлээс ялгаатай байдлыг тодорхойлжээ. Нэгд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт нь дуусахгүй. Хоёрт, ашиглалтад ороогүй байранд зээл олгохгүй. Гуравт, байрны хэмжээг 80 м2 болгон нэмэгдүүлсэн, Дөрөвт, өмнөх зээл ганц банкаар дамжиж байсан бол энэ удаад арилжааны бүх банкуудаас авах боломжтой болсон байна.
Мөн өмнө илүү өндөр хувийн зээлээр орон сууцны зээлд хамрагдсан иргэд яах вэ гэж сонирхож буй нь тодорхой. Тэгвэл ийм 31 мянган иргэн дунджаар 15,7 хувийн хүүтэй орон сууцны зээлтэй байгаа бөгөөд тэд ч ирэх даваа гаригаас зээлийн хүүгээ бууруулахаар хөөцөлдвөл боломжтой болжээ. Уг нь эдгээр иргэдийн асуудлыг долоон сарын дараагаас шийдэх, шилжүүлэхийг санал болгосон ч Засгийн газрынхан үүнийг яаравчлуулахаар ярилцсаны үр дүнд ийм шийд гарсан байна.
Зээл олгох мөнгийг ямар эх үүсвэрээс шийдэх, цикль яаж явах вэ гэдэг нь найман хувийн хүүтэй зээлийн хувь заяаг харах боломжийг олгоно. Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч энэхүү санхүүжилтийн гарцыг “эхэндээ Монголбанк байх, удалгүй Нийгмийн даатгалын сан гэх хөрөнгө оруулагч байх болно” гэх утгатай тайлбар өглөө. Энэхүү циклийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарыг өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд “Одоогоор зээл олгох банкууд, Монголын ипотекийн корпорацийн аль аль нь мөнгөгүй, нийгмийн даатгалын сан хасах баланстай, Засгийн газарт ч эх үүсвэр хомс байгаа. Энэ нөхцөлд Төвбанк хуульд заасны дагуу эх үүсвэрийг гаргана. Тэгэхдээ эхлэлийн санхүүжилтийн зээлийн шугамуудыг шаардлага хангасан арилжааны банкуудад нээх юм. Банкууд тэр мөнгийг болзол хангасан иргэдэд зээл болгож өгнө. Энэ тохиолдолд банк өөрийн гэсэн ипотекийн санхүүжилтийн зээлийн багцтай болчихож байгаа юм. Үүнийг нь Монголын ипотекийн корпораци өөрийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг банкуудад зарах замаар авна. Тэр үнэт цаасыг банкууд Монголбанкинд худалдана. Эцсийн дүндээ Монголбанкны эхлэлийн санхүүжилтээр гарсан мөнгө явсаар байгаад буцаж, үнэт цаас болоод ирэх нь. Энэ үнэт цаасыг Нийгмийн даатгалыг санд худалдах замаар төгрөгөө эргүүлж татах юм. Арилжааны банкуудад ч ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ” гэж тайлбарлаж байсан юм.
Найман хувийн хүүтэй зээл олгогдож эхэлснээр байрны эрэлт нэмэгдэх нь тодорхой. Эрэлтээс шалтгаалж үнэ нэмэгддэг ч жишиг бий. Гэхдээ үүнийг зохицуулахын тулд байрны нийлүүлэлтийг дэмжих бодлого барихаар шийджээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Үнийн асуудал хамгийн чухал асуудлын нэг. Барилга, орон сууцны үнэ хаашаа хэлбэлзэх вэ гэдгийн талаар олон удаа ярилцсан. Хатуу үнэ эргээд орон сууцны чанарт нөлөөлдөг сөрөг үр дагавартай байдаг учраас бидний нэгдсэн байр суурь бол орон сууцныхаа нийлүүлэлтийг огцом нэмээд явах нь зөв гэсэн. Энэ нь ч үнийн өсөлттэй тэмцдэг хамгийн зөв арга хэрэгсэл. Орон сууц, барилгажилтын талаар банкуудын нийт зээл 850 тэрбум байсан бол үүнийг Монголбанк Засгийн газартай ярьж байгаад 380 тэрбумаар нэмсэн. Орон сууц руу очиж байгаа зээлийн хэлбэрийг тусгайлан гаргаад, банк болгонд лимитийг нь өгөөд үүн дээр хяналт тавиад явж байгаа. Долоо хоног бүр тайланг авч, хэчнээн зээл орон сууц руу орж байгааг мэдэж байгаа. Цаашид үүнийгээ нэмээд явна. Нийлүүлэлтээ нэмээд явахын бол үнэтэй тэмцэх цорын ганц арга” гэв.
Харин Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын материалын үнийг тогтвортой байлгахаар өнгөрсөн есөн сарын хугацаанд нэлээд олон ажил хийлээ. Үүний нэг нь Гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууц, барилгын үнийг бууруулахын тулд Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайд хамтарч арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Барилгын материалын үйлдэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой санхүүжилт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ барилгын салбарт хэрэглэх бололцоо гаргаж өглөө. Импортоор авах эх үүсвэрийг шийдэж өгөхдөө цемент, арматурын үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа. Моргажийн зээлийг гаргахдаа орон сууц барьж байгаа барилгын компанитай 3-4 удаа уулзалт хийж, үнийн түвшинг судалж үзсэн. Нийлүүлэлт тал дээр 380 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, нэлээд олон барилгын ажил эхэлж байна. Цаашдаа нийлүүлэлтийн талыг дэмжих болно. Ингэснээр зарим банкны мэдэгдэж байгаагаар орон сууцны үнэ 1,5-10 орчим хувиар буурсан байдалтай байгаа” гэсэн юм.
Ийнхүү журам батлагдсанаар өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудад хамрагдах боломжтой ч, үгүй ч иргэд мэдээлэл хайсаар ирцгээх нь тодорхой. Зээлээр амьсгалсан долоо хоног үргэлжилж байна.