Шүгэл үлээгч юу үлээсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Шүгэл үлээгч юу үлээсэн бэ?

АНУ-ын аюулгүй байдлын агентлаг “Verizon” болон “AT&T” компанийн хэрэглэгчдийн яриаг чагнадаг байсан тухайгаа хүлээн зөвшөөрлөө. Энэ үйл ажиллагаа бүр 1970-аад оноос эхтэй гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. АНУ-д энэ бол  нэг их шинэ мэдээлэл биш. Гэхдээ ард иргэдэд нь хоёр айдас нэмэгдэж байгааг санах хэрэгтэй. Гадаадаас болон дотоодоос өөрийнхөө электрон хэрэгслийг хэрхэн хамгаалах вэ? Угтаа тэдэнд ямар нэгэн сонголт байхгүй.


ЗҮГЭЭР Л ХАМГААЛАЛТ…

Үүнд итгэхэд амархан ч яг хамгаалахын тулд ашиглаж байгаа юу гэдэг сонин. Гадаад, дотоодын террористуудаас эх орноо хамгаалах томоохон алхам гэж дүгнэж болох. Харин жирийн иргэдийн мэдээллийг хувийнхаа хэрэгцээнд ашиглаж байгааг жирийн ямар ч иргэн мэдэх боломжгүй. 1980-аад онд Аюулгүй байдлын агентлагт ажилладаг байсан гэх нэгэн хувийн хэрэгцээндээ ашигладаг тухай олон нийтэд мэдээлсэн нь анхны “шүгэл үлээгч” байв. Яг энэ хэрэгцээний тухай Холливудын төвшинд томоохон кинонуудыг хийж байсан ч зүгээр л адал явдалт киноны хэтрүүлэгтэй дүрслэл хэмээн тайлбарлаж ирсэн. Харин “Verizon” компани дотоодын чагналтыг шүүмжилж, бүх мэдээллийг төрийн төвшинд ил болгох нь асар их хохиролтой гэж мэдэгдээд байгаа.

ХЯТАД Ч ЗҮГЭЭР СУУХГҮЙ

Хятадын зүгээс 2007 оноос хойш өндөр албан тушаалтнуудын утсыг чагнах, АНУ-ын залуучуудын утсыг чагнадаг байсан нь тодорхой болсон. Канад улс ч ийм төрлийн хэрэгт сэжиглэгдэж тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа. “Verizon” болон “AT&T” компаниуд Хятадын зүгээс чагнадаг байсныг хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ үйлдэл хэрээс хэтэрснийг ганцхан тоогоор харж болно. 800 мянга гаруй удаа АНУ-ын төрийн мэдээллийн цахим хуудас, холбооны компаниудын дотоод сүлжээ, шугам зэргийг хакердаж хэрэгцээтэй мэдээллээ цуглуулдаг байжээ. Ялангуяа энэ он гарснаас хойш 5000 гаруй халдлага хийсэн гэсэн багцаа тоо бий.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД ХЭРХЭХ ВЭ?

Энэ удаагийн шүгэл үлээгч бол Эдвард Шоуден. Тэрээр АНУ-ын Аюулгүй байдлын агентлагт ажилладаг байсан нэгэн. Түүний хэлснээс үзвэл сая сая хэрэглэгчдийн сүлжээ болон утасны сүлжээг нь чагнаж байдаг гэдгийг олонд ил болгов. Өдөрт 30 гаруй мянган дуудлага болоод хандалтыг шалгаж сэжигтэй гэж үзсэнийг нь Тагнуулын төв газарт илгээдэг байжээ. Үнэхээр сэжигтэй эсэхийг нь тагнуулынхан мэддэг. Тиймээс сэжиглэх гэдэг нь хувь хүний үзэл болж хувирч байгаа гэж хэдэнтээ мэдэгдээд амжсан. Өнгөрсөн тавдугаар сарын туршид Их Британийн хэдэн иргэн АНУ-д орж ирсэн, ирэхдээ хоорондоо юу ярьсан гэдгийг тэр мэдэж байгаа бөгөөд Шоудены ажлын үүрэг бол хүмүүсийн яриаг сонсоод тэмдэглэх. “Би ийм л ажил хийдэг. Сүүлийн хэдэн жил ийм л байна. Магадгүй дараа ч өөрчлөгдөхгүй л болов уу. Эхэндээ их сонирхолтой байдаг байлаа. Сүүлдээ яах гэж ийм ажил хийж байгаагаа ойлгохгүй болсон” гэж Эд Шоуден ярьжээ. Тэрээр  дараа нь гарах эрсдэлээ мэдэж байгаа учраас АНУ-ын цагдаагийн газрынханд олдохгүй байгаа. Нэг ёсондоо ор сураггүй алга болсон. Энэ асуудлыг Ассанж харж байгаа бөгөөд хэрвээ түүнд үнэхээр иргэний зориг байвал ямар ямар ярианаас болж жирийн иргэдийг хүнд байдалд оруулж байгааг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж мэдэгдэж байна. Байдал чухам хаашаа яаж эргэх нь одоогоор тодорхойгүй байна.

1971 онд Пентагоны ажилтан Даниель Элсберг гэгч Вьетнамын дайнтай холбоотойгоор өндөр албан тушаалтнуудын болоод жирийн иргэдийн утсыг чагнаж байсныг олон нийтэд ил болгосон. Энэ цагаас хойш Элсбергийн сураг алдарч олон нийт ч түүнийг санахаа больсон. 2003 онд ТТГ-ын ажилтан Плейм гэгч эмэгтэй жирийн иргэдийн мэдээллийн тухай сонирхолтой баримтыг олон нийтэд ил болгосон. Түүнийг нэлээд хэдэн мянган ам.доллараар торгож, дахиж ТТГ-т ажиллах эрхийг нь хассан билээ.


PRISM

Энэ бол АНУ-ын томоохон холбооны компаниудыг шалгах, тагнах зориулалттай ажиллагаа. Үүнд Yahoo, Google, AON, Gmail, Facebook, Twitter зэрэг компаниудын бүтээгдэхүүнүүд багтаж, түүнийг нь шалгадаг билээ. Үүний шинэчилсэн хувилбарыг хэдэн хоногийн дараа батлах гэж байна. АНУ энэ ажиллагааг зогсоохгүй гэдгээ албан ёсоор зарласан. Харин иргэд нь үүнд тун дурамжхан хандаж байгаа. Магадгүй сүүлийн хэдэн сард АНУ-ын, ялангуяа Барак Обамагийн засаг захиргаанд хаяглах муу мэдээллүүдийн түүчээ ч байж болох талтай.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж