Өрхийн эмнэлгийн санхүүжилтыг нэмэх нь зүйтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгийн санхүүжилтыг нэмэх нь зүйтэй гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн ноён Клуд Бодартыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр чуулганаар хэлэлцэгдэж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн явц байдал  болон  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн  талаар харилцан ярилцаж  санал солилцов.

Ноён Клуд Бодарт, Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн статуст эрх зүйн ямар өөрчлөлтүүд хийгдэж ахиц гарч байгаа эсэх болон эрүүл мэндийн салбарыг бие даан хөгжүүлэх талаар ямар зохицуулалт хийгдэж байгааг сонирхсон юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллага байхаар зохицуулагдана. Харин үйл ажиллагаа явуулах байр, тоног төхөөрөмж  зэрэг төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших эрх нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Мөн өрхийн эмнэлэг дээр нэг эмчид ногдох иргэдийн тоог аль болох цөөлөх бодлого барьж байна. Нэг иргэнээр санхүүжиж байгаа санхүүжилт бага байгаа.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар санхүүжилтийг зохицуулахад анхаарч байна. Хүн амын суурьшил ихтэй суманд төрөх эмнэлэгтэй байх асуудлыг ч мөн зохицуулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарыг бие даан хөгжүүлэхийн тулд аль болох төрөөс хамаарал багатай байлгах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Ноён Клуд Бодарт, өрхийн эмнэлгийн санхүүжилт бага байгааг нэмэгдүүлэх асуудал дээр Байнгын хорооны даргатай санал нэг байгаагаа хэллээ. Мөн Зүүн европын буюу хуучин социалист гэгддэг орнуудад эмнэлгүүдийг аль болох бие даалгаж, тэдэнд илүү эрхийг нь олгосноор үр дүнд хүрсэнийг дуулгасан юм. Түүнчлэн  эрүүл мэндийн даатгалыг нийгмийн даатгалаас салган  зах зээлийн харилцаанд оруулах нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэв. Даатгалын ач холбогдол нь баян, ядуу гэлтгүй иргэн бүр хамрагдахад  чиглэгддэг. Иймд ядуу, эмзэг бүлгийн иргэдийг даатгалд хамруулахад анхаарлаа хандуулах нь хамгийн чухал асуудал. Эрүүл мэндийн бодлогод хэт олон байгууллагууд оролцоод зөрөлдөөд байдаг. Даатгалын байгууллага Засгийн газраас гаргасан бодлого, чиглэлийн дагуу аль нэг  байгууллагатай гэрээ хийж, хяналт тавьж ажилласнаар үүрэг, хариуцлага нь тодорхой болж ирнэ гэлээ.

Уулзалтын үеэр Нийгмийн халамжийн тухай хуулийн талаар мөн хөндөж ярилцсан. Нийгмийн халамжийг хавтгайруулж, зорилтот бүлэгт чиглүүлж, оновчтой зохицуулалт хийж чадахгүй байгааг ноён Клуд Бодарт хэлсэн юм. Тэрээр энэ асуудлаар бусад орны туршлага судлах Байнгын хорооны даргын хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж