Дэлхийн лигт дуудагдсан Н.Төгсцогт тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн лигт дуудагдсан Н.Төгсцогт тэмцээнээ дуусгалаа

– Н.Төгсцогтын хувьд “World Series of Boxing” таван тулаан хийхдээ
гуравт нь ялсан амжилттай-

“World Series of Boxing” тэмцээний хагас шигшээд шалгарсан “Баку Файерс” болон “Парис Юнайтед” багийн хариу тоглолт өнгөрөгч баасан гаригт буюу 15-нд боллоо. Харин “Астана Арланс” болон “Лос-Анжелес Матадорс” багийн тоглолт Монголын цагаар өчигдөр болж, Казахстаны баг ялалт байгуулсан байна.

“Дэлхийн лиг” гэгдээд буй тус тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд тулалдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт 2011 оны эхээр Бакуд очиж, багийнхантайгаа нэгдсэн юм. Улмаар тойргийн дөрвөн тулаанд оролцохдоо гуравт нь ялалт байгуулж, багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулсан. Ингэхдээ ихэвчлэн айлын талбайд зочлон тоглосон тулаанд багаа төлөөлж, багтаа ялалт авчирсан амжилттай. Товчхондоо өрсөлдөгчийнхөө “гэрт”, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө тулаанд илүүрхэж байсан юм. Азийн бүсийг тэргүүлсэн “Баку Файерс” хагас шигшээд Европын бүсийн аварга, Францын “Парис Юнайтед”-тай таарч, эхний тоглолтоо талбайдаа хийж, 4:1-ээр ялалт байгуулсан. Харин өнгөрөгч баасан гаригт Парист очиж, хариу тулаанаа хийлээ. Энэ удаад манай тамирчин Н.Төгсцогт bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлөн хамгийн түрүүнд рингэнд гарч, тулалдсан. Түүний өрсөлдөгч нь жингийнхээ ангилалд хувийн амжилтаар хоёрдугаарт бичигдээд буй Францын тамирчин Нордин Оубаали байлаа. Тулаан 49-46; 49-46; 48-47 харьцаатай гурван шүүгчийн 100 хувийн саналаар Оубаалигийн ялалтаар өндөрлөсөн байна. WSB тэмцээний дүрэм ёсоор багууд таван жингийн ангилалд тамирчдаа сойдог бөгөөд айлын талбайд зочилсон эхний тулаандаа 4:1-ээр ялагдсан Парис хотын ширэн бээлийтнүүд “гэртээ” 5:0-ээр өрсөлдөгчөө бут ниргэснээр нийлбэр дүнгээр 6:4 харьцаатай ялалт байгуулж, финалд шалгарсан байна. Тэд аваргын төлөө “Астана Арланс” багтай өрсөлдөнө. Түүнчлэн хувийн амжилтаар илүүрхсэн жин тус бүрийн шилдгүүд аваргын төлөө тулалдаж, ялагч нь их хэмжээний мөнгөн шагналаас гадна “Лондон-2012” олимпийн эрх өвөртлөх юм.

Н.Төгсцогтын хувьд “World Series of Boxing” таван тулаан хийхдээ гуравт нь ялсан амжилттай. Анхны тулаанаа нэгдүгээр сарын 15-нд Бээжин хотноо Хятадын “Бээжин Драгонс” багийн тамирчин Хө Живейн эсрэг хийж, 50-45; 47-48; 48-47 харьцаатай ялснаар гараагаа ялалтаар эхлүүлсэн. Дараа нь тэмцээний наймдугаар тойргийн хүрээнд “Баку Файерс” талбайдаа “Астана Арланс”-ыг хүлээн авахад Н.Төгсцогт Казахстаны тамирчин Миржан Рахимжановтой тоглож, 48-47; 47-48; 48-47 харьцаагаар ялж, улмаар 10 дугаар тойрогт Өмнөд Солонгосын “Поханг Посейдон” багийн Сео Донсиктэй нударга зөрүүлэн 49-46; 48-47; 49-46 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Харин дараа нь 11 дүгээр тойргийн хүрээнд Казахстанд зочлон тоглохдоо Н.Төгсцогт өнөөх Миржан Рахимжановтой дахин халз тулж, 46-49; 45-50; 46-49 харьцаагаар ялагдал хүлээсэн. Хэрэв энэ тулаанд ялсан бол тэрбээр хувийн амжилтаараа финалд шалгарч, аваргын төлөө, аварга цолыг дагалдах Лондонгийн олимпийн эрхийн төлөө тулалдах байлаа. Харамсалтай нь, боксын спортод онцгой анхаарал хандуулж буй казахстанчууд нутагтаа 5:0-ээр ялалт байгуулсан. Үүнд шүүгчдийн шийдвэр шударга бус байсан талаар гадны хэвлэлүүд ч мэдээлж байсан юм. Нэгэнт шүүгчийн шийдвэр бүхнийг эцэслэдэг болохоор “Баку Файерс” хэдийгээр ялагдсан ч сүүлийн буюу 12 дугаар тойрогт учраагаа 5:0 харьцаатай бут ниргэснээр Азийн бүсийн аварга болж, хагас шигшээд шалгарсан юм. Ингээд шөвгийн дөрөвт Европын бүсийн аварга “Парис Юнайтед”-тай учраа таарч, манай тамирчин Францын Нордин Оубаалитай нударга зөрүүлсэн нь энэ. Парис хотноо болсон тулаанд “Баку Файерс” 5:0-ээр ялагдсанаар WSB тэмцээний хагас шигшээ шатнаас тэмцээнээ өндөрлүүлж байна. Н.Төгсцогтын хувьд 2009 онд Миланд болсон дэлхийн аваргын дараа WSB тэмцээнд хүч үзэх урилга ирсний дагуу гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, эхний жилээ Азербайжаны “Баку Файерс” багт өнгөрүүллээ. Тэрбээр дахин хоёр жил WSB-т тоглох бөгөөд санхүүгийн байдлаа сайжруулахын зэрэгцээ байнгын бэлтгэлтэй байж, туршлага хуримтлуулах боломж түүнд бий.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж