
АНУ-ын Тагнуулын төв агентлагийн экс ажилтан Эдвард Сноуден хүмүүсийн утасны яриа болон интернэтийн мэдээллийг тандсан тагнуулын олон сая нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж буй бөгөөд тэрбээр ор сураггүй болжээ. Өдгөө 29 настай Эдвард Сноуден нь Хонг-Конгод байрлаж байсан “Mira” зочид буудлаасаа алга болоод байна. Албаныхны зүгээс түүний байгаа газрыг тодорхойлж чадахгүй байгаа ч Хонг Конгоос гараагүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Зочид буудлын ажилтнуудын мэдээлснээр тэрээр өчигдөр өдөр зочид буудлаасаа гарч явсан байна. Тагнуулын Ерөнхий газраас Эдвард Сноуденийг тагнуулын мэдээлэл задруулсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн Хууль зүйн яаманд шилжүүлсэн аж. Харин Эдвард Сноуден өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Хонг Конг руу явсан байжээ.
ВВС-д мэдээлснээр Эдвард Сноуден нь АНУ-ын Тагнуулын төв агентлагт техникийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд одоогоор Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажилладаг аж.
Үүнтэй зэрэгцэн “Цагаан ордон”-ны сайтад Эдвард Сноуденд өршөөл үзүүлэхийг хүссэн 30 мянга гаруй хүний гарын үсэгтэй өргөдөл байршуулсан байна.
Б.АНХТУЯА