
“Принц клаус” сангаас сэргээн засварлах шаардлагатай, аюулд өртсөн соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах зорилгоор төслийн сонгон шалгаруулалтыг зарлахад ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг үргэлжлүүлэн засварлах ажлыг санал болгосноор ийнхүү шалгарч, засварлахаар болжээ. Ингэснээр тус хийдийн номын санг сэргээн засварлаж улмаар хуучин, эвдэрч гэмтсэн ном судруудын тавиуруудыг олон улсын стандартын шаардлага хангасан, зориулалтын тавиуруудаар солих төдийгүй аюулгүй байдлын техник хэрэгслийг суурилуулах юм байна.
ЮНЕСКО сүүлийн жилүүдэд соёлын өвийг хадгалан хамгаалах асуудалд ихэд анхааран зохих арга хэмжээнүүдийг авч байгаа бөгөөд үүний нэг нь 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн “Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь” төсөл ажээ. Энэхүү төслийн хүрээнд “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт цуврал онол практикийн сургалтуудыг зохион байгуулж байсан тухай албаныхан онцоллоо.
У.БОЛОР