Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Путин эхнэрийнхээ нүдээр

-Олег Блоцкийн “Владимир Путин: засагт хүрсэн зам” номын хэсгээс, Москва, Осмос пресс, 2002-

Людмила Путинагийн яриа

…Владимир Владимировичийн ээжтэй анх танилцсан үеэ би сайн санаж байна… Тэр үед моод болоод байсан  “Россия” стерео системийг худалдан авснаа тэмдэглэхээр хоёр найзынхаа хамт тэр дуудсан юм… Би гал тогооных нь өрөөнд орсон, тэнд Владимир Владимировичийн ээж Мария Ивановна байв. Би түүнтэй ярьж байтал нөгөө Алексей (тэднийг танилцуулсан Владимир Владимировичийн найз) гал тогооны өрөөнд орж ирээд Мария Ивановнагаас “Люда, танд ямар байна?” гээд асуулаа. Тэрээр “Зүгээр л охин байна. Түүнд өөр нэг Люда байсан (Людмила Хмарина). Сайн л охин…” гээд үргэлжлүүлээд явчихлаа.  Нүднээс нулимс асгараад л явчих шиг болов. Тэр үед надад  маш таагүй,  гомдмоор байсныг нуугаад яахав…

Бидний харилцаа хангалтай тэгш явж ирсэн. Дандаа баяр баясгалантай байгаагүй ч  тогтвортой байсан. Гэхдээ нэг хачин зүй тогтолтой. Хоёр сар хэвийн, дараа нь  ямар нэгэн эвгүйцэл… Тэгээд дахиад л бүх юм сайн сайхан болно. Хайр сэтгэлийн тухайд бол бидний хувьд гэнэтийн зүйл байгаагүй. Анхны харцаар дурлах тохиолдол байдаг гэдэг. Харин бидэнд ийм зүйл байгаагүй. Аажмаар бие биедээ дасаад хайртай болсон юм.
   
“Туйлдуулсаар байгаад намайг тэр авсан”

…Болзоо бол онцгой түүх.  Би болзоонд хэзээ ч хоцорч байгаагүй. Харин Владимир Владимирович бол дандаа. Бүтэн хагас цаг хоцрох бол байдаг л зүйл. Түүнийг нь мэдсээр байж би хоцрохгүй ирж чаддаггүй. “Өнөөдөр  тэр цагтаа ирж магадгүй”  гэсэн бодол гэнэтхэн төрнө. Дашрамд хэлэхэд би Владимир Владимировичийн энэ зантай өнөөг хүртэл эвлэрч чаддаггүй юм.

Метроны буудлын дэргэд зогсож байснаа санаж байна. Эхний 15 минут дажгүй. Хагас цаг зүгээр тэвчиж зогсоно. Бүтэн цаг өнгөрлөө, тэр байдаггүй. Гомдсондоо уйлмаар. Цаг хагасын дараа харин сэтгэл огт үймрэхгүй болчихно…

Эцэст нь Владимир Владимирович  хүрч ирэхэд би юу ч хэлж чаддаггүй. Бүтэн цаг хагас сэтгэл үймэрсний эцэст уурлах ч тэнхээ үлдээгүй мэт. Тэгэхлээр Владимир Владимирович намайг туйлдуулсаар байгаад л авсан болж байна. Болзоонд хожигдсоноо дандаа ажилтай байснаар тайлбарлана. Үнэндээ тэр ажилдаа дэндүү шургуу. Тиймээс л хувийн амьдралаасаа тайвшрал, тайтгарлыг хүсдэг биз. Өөр хаана тайвшрах ч билээ?…

Владимир Владимирович үргэлж л тийм байсан, сэтгэл санаагаа хувиргаагүй,  амьдралдаа ямар л байсан, түүнийгээ өөрчилж жүжиглэдэггүйг нь хүндэтгэх хэрэгтэй. Тийм л байсан. Тэр өөрөө үүнийг ярихгүй.  Гэхдээ тэр тийм, өөрчлөгдөшгүйг би ойлгож ирсэн. Энэ нь ч харин шударга юм.

“Тэр үед “Горько! гэж хашгирч байсан эсэхийг би санахгүй байна”

 Танилцаад гурван жил хагас болсны дараа би нөхөрт гарлаа. Өнгөрсөн хугацаанд бид хуримынхаа ойг ганц ч удаа тэмдэглээгүй…

Владимир Владимирович сэтгэлээ сонгодог зарчмаар илчлээд гурван сарын дараа хурим хийнэ гэсэн. Ном горимоор нь, бага зэрэг хиймэл ч юм шигээр. Юу гэж хэлж байсныг нь би одоо ч санаж байна.

Володягийн өрөөнд бид сууж байтал тэр гэнэтхэн “За ингэхлээр, найз минь, чи миний зан авирыг мэднэ. Би хангалттай хүнд, хэцүү ааштай. Ингээд чи зарчмын хувьд амьдралаа тодорхойлох болсон” гэж хэллээ.  Дотор хүйтэн оргиод явчихлаа. Владимир Владимирович ийм янзаар яриагаа эхлэхээр нь тэр одоо л харилцаагаа таслах нь гэж бодлоо. Тэр агшинд би бодсоноо л хэлсэн.

“Би чамайг хэрхэн тодорхойлдгийг чи мэднэ. Чи надад хэрэгтэй” гээд хариулав.

Тэгэхэд Володя “За тийм бол, би чамд эхнэр минь болооч гэсэн санал тавьж байна. Би чамд хайртай. Чи зөвшөөрч байна уу? гэв.

“Тиймээ, зөвшөөрч байна” гэлээ.

– Хэрэв чи эсэргүүцэхгүй бол,  бидний хурим гурван сарын дараа, долдугаар сарын 28-нд болно гэж Владимир Владимирович эцэст нь хэллээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр ингэж сэтгэлээ илчилсэн юм…  
Яг үнэндээ, хуримын үеэр “Горько!” гэж хашгирч байсан эсэхийг би санахгүй байна. Лав л хашгирч байсан байх. Тэгэх л ёстой  байсан юм чинь… Бид хэрхэн үнсэлцсэнийг ч санахгүй байна…

Оросын ерөнхийлөгч эхнэр Людмилагаас салж буйгаа зарлав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин түүний эхнэр Людмила Путина нар салж буйгаа мэдэгдэв. “Энэ шийдвэрийг бид хамтарч гаргалаа. Бидний гэрлэлт дууслаа” гэж төрийн тэргүүн зургадугаар сарын 6-нд “Россия 24” сувагт мэдээлжээ. Тэд бараг уулзалддаггүй, тус бүртээ өөрийн амьдралтай гэдгийг ч нэмж хэлсэн байна.

Харин Людмила Путина“Бид үргэлж дотны хүмүүс хэвээр үлдэнэ” гээд Владимир Путинд талархан үлдэж байгаагаа хэлжээ.

Оросын улсын  телевизид Владимир ба Людмила Путина нар Кремлийн ордонд “Эсмеральда” дуурь үзэж байх үеэр ярилцлагаа өгчээ.

Путин, Людмила нар 1983 онд гэрлэж, Мария, Екатарина нэртэй хоёр охинтой болсон юм. Том охин Мария нь одоо 28 настай бол бага охин нь 26 настай гэнэ. Людмила, Путин нарыг  хамгийн сүүлд 2007 оны тавдугаар сарын 7-нд буюу  Путины гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн албанд улиран сонгогдон тангараг өргөх ёслол дээр хамт харагдсан хэмээн BBC мэдээлжээ.

Тэднийг ийнхүү албан ёсоор салж буйгаа зарласны дараа ОХУ-ын ээлжит тэргүүн хатагтайгаар хэн тодрох нь ганц тус улсын ард түмэнд ч биш олон улсын хэмжээнд  анхаарал татаад байна. Путин эхнэрээсээ салахаас өмнө Алина Кабаева хэмээх уран гимнастикчтай нэр холбогдож байсныг хэвлэлүүд дахин сөхөж эхэллээ. Магадгүй шинэ тэргүүн хатагтай Кабаева байж болох юм гэсэн таамгийг Оросын ихэнхи хэвлэлүүд бичжээ.

Анхлан 2008 оны дөрөвдүгээр сард “Московский корреспондент” сонинд Владимир Путин, Алина Кабаева нар сүй тавьсан, тухайн жилийн зургадугаар сард гэрлэхээр шийдсэн тухай мэдээлж байжээ. Энэ мэдээллээс хойш удалгүй Путин өөрөө мэдэгдэл хийж, дээрх мэдээлэлд ганц ч үнэн үг байхгүй гэсэн бол Кабаевагийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн үүнийг няцааж байжээ.

Алина Маратовна Кабаева нь 1983 онд төрсөн, өдгөө 30 настай. Олимпийн наадмын хос медальтай, дэлхийн аваргаас 14, тивийн аваргаас 25 медаль хүртсэн, ОХУ-ын уран гимнастикийн түүхэнд Евгения Канаевагаас өмнө төрсөн хамгийн алдартай тамирчин юм. Тэрээр 2007 оны сүүлээр их спортоо бүрмөсөн орхиж, тухайн жилийн сонгуульд Нэгдмэл Орос намаас нэр дэвшиж, Төрийн Думын гишүүн болсон байна. Хэрвээ тэд гэрлэх юм бол өмнө нь тэдний үгүйсгэж байсан нууц амрагийн харьцаа ил болж, Путины нэр хүнд унана гэдгийг ч хэвлэлүүд сануулахаа мартсангүй.

Ш.МЯГМАР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №015

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж