“Сувдан Сондор-8”-ыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа Академи санаачлан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам, “Нью Жуулчин Турс” ХХК дэмжин оролцсон бөгөөд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн төр захиргааны байгууллагын ажилчид болон хэвлэл мэдээллийн 30 гаруй хүн оролцжээ.
Манай сайт “Дорнын говийн сувдан сондор” цувралыг толилуулж байна. Өмнөх дугаарт Гуа тээг-ийг хүргэж байсан бол энэ удаа Солирын тогоог нийтэллээ.
2. Солирын тогоо
Говь нутаг ер бусын эрчимт, сансарын орон мэт санагдлаа. Элсэн манхан, баян бүрдүүд өнгө алаглан тунараад, үлгэр домгийн орон руу орчих шиг сонин мэдрэмж төрүүлнэ. Элсэн ширхэг алган дээрээс минь салхитай ханьсаж хийсэж одно. Говийн эд эс бүхэн үл гүйцэгдэх мөн чанартай. Говийн салхи өлмийн доороос үсний үзүүр хүртэл хуйлрал үүсгэн, бие цогцос минь ямархан нэгэн хий оронд очсон мэт.
Хэзээ нэгтээ, хэн нэгний зураад орхисон зураг шиг. Түүнийг нь сая л би олж харж байгаа юм шиг. Хаашаа л харна, тэр чигээрээ зураг. Нүднээ үл давтагдах, үл сарних, тасралтгүй үргэлжлэх, тансаг өнгөний зохицолт уран зураг хөвөрсөөр…
Өглөөн нарны цацраг найман зүгт цацраад, энд тэндгүй чулууд алмааз адил гялтагнан байв. Тавдугаар ноён хутагтын эхээс мэндэлсэн авшигт Дулаан хар уулын энгэрт Сувдан сондор аялалынхан хоноглоод ийн нэгэн сайхан өглөөтэй золгов. Тахилч Алтангэрэл ах “Одоо Солирын тогоо орно” гэлээ. Их л сонин сонсогдлоо. Өмнө нь солир дэлхийд унах нь ээ, их ойрхон зөрөх нь ээ гэх зэргээр мэдээллүүд сонсож байснаас бус эх дэлхийд буусан, бүр говьд унасан солирын тогоо үзнэ гэхээр сэтгэл минь эрхгүй сониучирхана.
Интернэт мэдээллийн сан руу өнгийвөөс:
Нарны аймгийн нэгэн гишүүн-жижиг гариг Тэнгэрээс газарт унаж, аяга хэлбэрийн тогоо үүсгэсэнийг солирын тогоо гэнэ. Өдгөө дэлхий дээр унасан 108 солирын тогоо бүртгэгджээ. Хамгийн том, хамгийн настай нь Өмнөд Африкийн Вридифорт хэмээх солирын тогоо, хоёр тэрбум жилийн настай гэнэ. Гэтэл саяхан Грийнландын нутгаас гурван тэрбум жилийн настай солирын тогоог илрүүлжээ. Судалгаагаа мэргэжил нэгнүүддээ итгүүлэх гэсээр байтал Канадын нэгэн хайгуулын компани тэр газараас нь металийн дээж олборлоод эхэлчихсэн байна. Доктор МакДоналд “Шинжлэх ухааны нийгэмлэгүүдийг итгүүлэхэд гурван жилийн хугацаа орсон. Гэтэл уул уурхайн үйлдвэрлэлийнхэн маш авхаалжтай байна. Канадын хайгуулын компани платинюм болон никелыг олборлож эхэлчихээд байна.” хэмээн ярьсан байх юм.
Шинжлэх ухааны ажил удаан, маш их цаг ордог болохоор судалж байж хамгаалалтад авна гэсээр байтал бизнесийнхэн хэдийнээ ухаад эхэлчихдэг энэ мэт жишээ их байдаг ажээ. Иймд түүх, соёл, археологийн судалгаа хийгдэж буй газарт уул уурхайн лиценз өгөхгүй байх эрхийг хуульчлах хэрэгтэй юм.
Элсэн манхан болон говийн загаар бүрхэгдсэн хар чулуун овооны энгэр хөндийн амсараар гялалзсан талст хар чулууд. “Чулууны” хэмээх Г.Гонгоржав гуай “талст занар” байна гэв.
“Ургамалын” Ц.Жамсран доктор хэдийнээ өвс ургамалыг нь шинжээд эхэлчихэж… “Тайжийн жинс” байна гэнэ. Бас ягаан цэцэгтэй ургамалыг “ортус” буюу монгол нэр нь хөөндий. Говийнхон хэтний уул болгон хэрэглэдэг гэнэ.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг. Ноён хутагтын мэндэлсэн Дулаан харын уул бол эрт цагт тэнгэрээс солир буусан ул мөр бүхий хөндий болох Таван хар овооны нэг нь. З.Алтангэрэл тахилч “энэ талаар гадны эрдэмтэд зөндөө судалчихсан байдаг юм билээ” гэв. Биднийг итгэж ядан зогсож байхад гадныхан хэд хэдэн удаа багаараа ирээд нилээдгүй судалгаа хийчихэж. Сансарын зураг дээр нэг талаасаа шидэгдэн орсон аяганы эмтэрхий амсар мэт дув дугуй тойрог зураг тодорхой харагдана.
Дахиад интернэт руу аялья:
Монгол нутагт олон сая жилийн өмнө унасан солирын хэд хэдэн тогоо байхаас Дорноговийн Таван Харын солирын тогоо нь одоогоор дэлхий дээр унасан 108 солирын тогооны нэгэн болж бүртгэлд орчихсон юм байна. Нас нь 150-20 сая жил гэж тавьсан байна. Харин манай улсад төдийлөн судалсан мэдээ сэлт олдсонгүй.
Таван Хар Овоо хэмээх нэрээр гадаадын эрдэмтэд хэдийнээ судлаад эхэлчихжээ. Веннийн их сургуулиас судлаачид хоёр удаа ирж. Сүүлд 2008 онд ирэхдээ 206 метрийн гүн өрөмдлөг хийсэн ба авсан дээжээ судалж байгаа гэх мэдээллүүд байх юм…
Солирын тогооны өмнө амсарт эртний харуулын цамхаг байна. Эрт нэгэн цагт утаа май тавьж, гал асааж, хараа бэлчээж суусан бизээ. Энэхүү харуулын цамхаг бидний дараагийн очих газартай холбоотой юм. Үүнийг дараа өгүүлсү.
Г.Гонгоржав гуай маань солирын тогооны амсараас “чулуужсан мод” олов. Тэрбээр ихэд гайхаж байна. Учир нь Сүйхэнтийн чулуужсан ой 140 сая жилийн настай. Ингэхээр солир унасан тогоо, чулуужсан мод хоёрын уулзвараас ямар нэгэн мэдээллийн гаргалгаа хийж болох мэт.
Дулаанхарын уулын баруун үзүүрт солир хэмээх тэнгэрийн эрхис хэдэн зуун сая жилийн өмнө унасан бол, өвөр хөндийд нь нэгэн суу билигт гэгээнтэн эхийн хэвлийгээс унасан нь бас л ер бусын тохиолдол.
О.МӨНХНАРАН