“Найз” туужийн үргэлжлэлийг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

“Найз” туужийн үргэлжлэлийг хүргэж байна

Зохиолч Ц.Батнасангийн “Найз” хэмээх бэсрэг туужийн эхний дөрвөн бүлгийг өмнөх дугаартаа хүргэсэн бол үргэлжлэлийг хүргэж байна.

Тавдугаар бүлэг

Нэг дэх үеийн Такахаши буюу өвөөгийнх нь өвөөгөөс эхлээд тэдний гэр бүлийн гишүүдийн олонхи нь Америкт боловсрол эзэмшсэн. Гэр бүлийн бизнес учир маш чанга хатуу байхыг анх бизнес эхлүүлсэн нэг дэх Такахашигийн гаргасан тангаргаас харж болно. Тэрхүү тангарагийг Такахаши удмынхан насанд хүрсэн үедээ өндөгний цусаар долоовор хуруугаар тамгалан дарж гэр бүлийн гишүүн би  гэр бүлийнхээ төлөө болон бизнесийн төлөө үнэнч байж гэх мэтээр андгайлснаас эхлээд Такахаши группын ажилд оролцож эхэлдэг энэ ёс нь одоо болтол уламжилж ирсэн. Өнөртэй хамт хоригдож байгаа Такахаши бол энэ гэр бүлийн бизнесийг удирдаж байгаа тав дахь Такахаши юм. Такахаши групп болтлоо өргөжөөд үйл ажиллагаа нь дан ганц Япондоо ч  биш Зүүн өмнөд Ази, Америк, Европын хэд хэдэн оронд салбараа байгуулсан бол банк, зочид буудлын сүлжээ, ган болон зэсийн үйлдвэр, усан онгоцны үйлдвэр зэрэг гол гол компанийн акцийг одоо болтол тэдний гэр бүл хянадаг хэвээрээ. Бусад олон арван үйлдвэр, заводынхоо акцийг хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй худалдаалж байдаг 100 мянга гаруй ажилчинтай, Японы эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж Эзэн хааны шагнал хүртэл хүртэж байсан 140 гаруй жилийн түүхтэй групп гэсэн. Өнөртэй хамт хоригдож байгаа Такахаши Кенжи гэр бүлийнхээ уламжлалын дагуу Америкт сургууль төгсч группээ удирдаад хоёр жил гаруй болж байгаа ийм л залуу.

Японы шоронд хэнийг ч баян ядуу гэж ялгадаггүй нь аргагүй үнэн болохыг Өнөр өөрийн биеэр мэдэрчээ. Энэ том группын захирал баян хүн гурван жил гаруй өөртэй нь адилхан нөхцөлд нэг өрөөнд хамт амьдарсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй бараг гацчихаж билээ. Хэрэв Монголд байсан бол яах байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж өөрийн орны хуулийн байгууллагын хээл хахуульд идэгдсэн эрээ цээргүй байдлын тухай уншиж байснаа санажээ. Кенжи Америкт хамт суралцаж байсан найз нартайгаа Гензагийн шөнийн цэнгээний газар наргиж байхдаа нэгэн залуутай маргалдаж байгаад түлхтэл нөгөөдөх нь унахдаа шатны ирмэг мөргөснөөр хэд хоног ухаангүй байж байгаад өнгөрч мань хүн, хүн амьны хэрэгт орж, хохирогчийн ар гэрт их хэмжээний мөнгө төлж сайн өмгөөлөгчтэй байсны хүчинд таван жил хоригдох ял аваад дөрвөн жил шахам суусны эцэст гарах хугацаа нь болж өөрийнхөө тухай Өнөрт ярьж өгсөн нь энэ байлаа. Тэрээр шоронгоос гарсныхаа дараагаас эхлэн өмнө өөрийн үзэж байсан бизнесийн номноос авчирч өгч Өнөр зав л гарвал түүнийг нь уншиж судалж байлаа. Ийнхүү дөрвөн жил гаруй хугацаа өнгөрч байтал өмгөөлөгч нь ирж уулзаад сайн хүмүүжиж ажил их хийж байгаа тул хоригдох хугацаа нь нэг жил хасагдах тухай баярт мэдээг дуулгав. Өөрийнх нь ёжилж нэрлэснээр 100 жил суух хугацаанаас нь ихэд хасагдаж ганц жил гаруй суугаад гарахаар болжээ. Энд дөрвөн хаврыг өнгөрөөж охиных нь жил бүрийн төрсөн өдрөөрөө авахуулсан зураг дөрөв болж өөртэй нь улам бүр адилхан болж байгаа охиноо сургуульд хөтөлж очиж амжих болсондоо хамгаас их баярлажээ. Суллагдах өдөр ойртох тусам монголд очоод хийхээр төлөвлөсөн ажилдаа яарч байлаа. Таван жил гэдэг  урт хугацаа эх орон нь хэрхэн өөрчлөгдсөн тухай олон талаас бодож хэрхэн ажлаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт олох, Монголын банк санхүүгийн салбарт баримталдаг  бодлого зэрэг өөрийнх нь мэдэхгүй зүйл их байгаа нь санааг нь зовооно. Ийнхүү тэсч ядан хүлээсэн хугацаа ирж суллагдаад Токиогийн Шинагава дүүрэгт байрлах гадаад иргэдийн бүртгэл мэдээллийн төвийн дээд давхарын өрөөнд хүргэгдэж ирэв. Олон хэлийн орон орны хүмүүс Япон оронд амьдрах визний хугацаагаа хэтрүүлсний улмаас баригдаж нутаг буцаагдах хүртлээ түр хоригдож байрладаг газар ажээ. Энд  Өнөр Бямбаа гэх монгол залуутай тааралдан танилцжээ. Их азгүй Японд ирээд хагас жил ч болж чадалгүй ажил дээрээсээ баригдсан, буцна гэхээр Монголд төлж дуусаагүй өр их бий учир буцаж чадахгүй хэдэн сарыг энд өнгөрөөж байгаа залуу ажээ. Төрөлх хэлээрээ хэдэн өдөр амаа чилтэл бурж, Бямбаатай ярилцсаны эцэст Өнөрт Монгол орон нь бүтээн байгуулалт хөгжлийнхөө зөв замд орсон мэт санагджээ. Маргааш өглөө нь хүн уулзахаар ирлээ гэсэн нь Такахаши байв. Уулзалт 30 минут үргэлжилж, Кенжи Монголын зах зээлийн талаар нэлээд дорвитой судалснаа хэлж Өнөрийг таван жилийн хугацаанд Япон оронд орох эрхгүй тул өөрийг нь Монголдоо очсоны дараа очихоо амлан авчирсан жаахан зүйлээ өгч мөн хариад сайхан амарч бай би заавал очно хэмээн дахин хэлээд явлаа. Сольж өмсөх хувцас, эхнэр хүүхдэд нь  гарын бэлэг, гурван сая иен хийснийг үзээд Өнөр, харгалзагч хоёул ихэд цочжээ. Өнөр Бямбаатай уулзаад өрийг нь дарж өгөхөөр болж хамтдаа нутаг буцаж, очсон хойноо өөрийнх нь ажилд тусална гэсэн амлалт авчээ. Нутгаасаа гараад таван жил болсон Өнөр тэр зуны нартай налгар сайхан өдөр Буянт-Ухаа онгоцны буудалд буухад тохирсон ёсоороо аав нь ганцаараа тосч байсанд ихэд баяртайгаар аавдаа үнсүүлээд гэрийнхээ зүг хөдөлжээ.

Зургадугаар бүлэг

Сан-Францискод буусан Галт  юуны өмнө Монголын нэгэн томоохон компанийн нэр дээр энэ хотод суралцаж байгаа их сургуульд байхдаа үерхэж байсан Ариунаа руу залгав. Галтын Америкт ирэхийг ээжээсээ сонссон байсан тул тэрээр хайртай залуугаа ирснийг дуулаад бөөн баяр хөөр болон онгоцны буудалд тосч авснаар хамт амьдарч эхэлжээ. Эхэндээ хотоор хамт зугаалж элдвийн юм үзэж сонирхон Сан-Франциско хоттой танилцах  гэх мэтээр цагийг зугаатай өнгөрөөж байсан ч оюутны тэтгэлгийн жаахан мөнгөөр хоёулаа амьдрах аргагүй тул Галт ажил хийх болов. Удалгүй ажлаасаа уйдаж их мөнгө олдог ажил хиймээр байгаагаа сайн таньдаг  орос залууд хэлснээр барилга, ачаа тээврийн ажил гүйцэтгэдэг оросууд голдуу  ажилладаг компанид орлоо. Багын орос хэлд сайн байсан нь дөхөм болж богино хугацаанд олон танилтай ажилд хүн зуучлах бизнес эрхэлж нэлээд амжилт олжээ. Галт өөрийгөө ажил хийх хүн биш харин хүнээр ажил хийлгэдэг хүн гэж ярьдаг. Энэ дэлхийд удирддаг, удирдуулдаг гэсэн  хоёр янзын хүн байдаг гэж бодно. Өөрөө бол удирддаг нь гэдэгтээ итгэлтэй явдаг нэгэн л дээ. Зөвхөн хүн ажилд зуучлах нь чамлалттай санагдаж өөр бусад янз бүрийн зүйл зуучлах болж бизнес нь ч ихэд өргөжиж Оросын мафийн залуустай нийлж хар тамхи, зэвсэг зуулчлах, тээвэрлэх бизнест хутгалдаж гэртээ ч очихоо бараг больж хүүхнүүдтэй зугаалан алжаал тайлахыг энэ л миний амьдрал байж гэж бат итгэжээ. Монголчуудтайгаа уулзахаа больж зөвхөн баян оросуудтай л нөхөрлөж үнэтэй машин унаж дорхоноо л баян америк залуугийн дүрд хувилав.

Долдугаар бүлэг

Өнөр гэртээ ирж хэд хоносны дараа байрныхаа гадаа Галтын ээжтэй тааралджээ.
Галт явсныхаа дараагийн 1-2 жилд утсаар ярьдаг байсан боловч сүүлийн хоёр жил гаран ямар ч хэл сураггүй байгаа гээд, Америкт байдаг монголчуудаас сураглахаар мэдэх хүн огт алга, одоо яахаа мэдэхгүй хэцүү л байна хэмээн Галтын ээж нь санаа зовнин өгүүлэв. Өнөр ирсээр гадуур гарч хоттой танилцаж  танил нөхөдтэйгээ уулзаж явахдаа өөрийн хийхээр төлөвлөж ирсэн бизнесийг нь өөр бусад олон  компани эрхэлж байхыг хараад улам бүр хичээх хэрэгтэйгээ ойлгож ажлаа яаравчлах учиртай гэж бодов. Орой нь гэртээ ирээд гэр бүлийнхнээ бүгдийг байхад өөрийн хийнэ гэж төлөвлөж ирсэн барилгын бизнесийн тухай болон Такахашигийн тухай тодорхой ярьж, Монголд ирж хөрөнгө оруулалт ч хийнэ гэдгийг хэлж өөрөө одооноос эхлэн  завгүй байх тул тусалж байхыг хүслээ. Удалгүй Такахаши өөрийн туслах болон нэлээд хэдэн хүний бүрэлдхүүнтэй багийн хамт Монголд ирж хоёр хоног Тэрэлжид амарсаны дараа ажил хэрэгтээ орж Улаанбаатар хотын зүүн хэсэгт байх намаг ,чулуу ихтэй газарт шинэ хороолол босгох бодолтойгоо хэлж, багаа танилцуулжээ. Энэ хорооллыг барьж босгох монгол ажилчдыг Япон дахь өөрийн барилгын компанидаа дадлагажигчаар бэлдэнэ гэдгээ ч хэлжээ. Монгол бол маш ирээдүйтэй орон. Энэ зуун монгол орны хөгжлийн зуун байх болно. Чи намайг өөртөө тусалж энэ бүгдийг хийж байна гэж бодох хэрэггүй шүү. Бизнест сайн найз гэж байдаггүй, сайн хамтрагч гэж  л байдаг. Би чамайг гурван жил гаран харсан. Чи ухаантай залуу, сайн хамтрагч байж чадна гэж чамайг би сонгосон. Манай групп нэлээд эртнээс Монголыг сонирхож судалж байсан юм. Бидний Монгол руу оръё гэж шийд гаргах үед чи надтай тааралдсан нь бидний хувьд их сайн зүйл болсон. Энэ бол эхлэл, бидэнд хийх болон хийхээр төлөвлөж буй ажил олон бий. Миний санал болгосноор чи Монгол дахь манай салбарын  захирал боллоо, хичээгээрэй гээд буцсанаас хойш уйгагүй зүтгэсэн хэдэн жил өнгөрч шинэ хорооллоо ашиглалтад өгч Японд хэдэн зуун монгол ажилчнаа бэлдсэн нөлөө бүхий том компани болж чадав. Энэ хооронд тэднийх хоёр ч хүүтэй болж бүл нэмжээ.

Наймдугаар бүлэг

Нэг удаа Чех рүү ажлаар яваад ирсний маргааш амралтын өдөр  байтал өглөө эрт утас хангинав. Ганц  өдөр ч хүн амраахгүй юм даа гэсэн шүү юм бодон утсаа автал харилцуурт компанийн зүтгүүр гэгддэг Бямбаагийн дуу хангинаж барилга дээр осол гарч хүний амь эрсэдснийг дуулгав. Өнөөдөр чинь амралтын өдөр биз дээ, юун ажил билээ гэтэл тийм ээ, амралтын өдөр л дөө. Гэхдээ та юу ч гэсэн хурдан хүрээд ир ээ гээд утсаа тасалчихав.  Сандарч гүйцсэн Өнөр юу болоод байгааг сайн ойлгоогүй ч муу юм болжээ гэсэн совиндоо хөтлөгдөн гал тогооны өрөөнд өглөөний зууш бэлдэж байсан эхнэр Алтайдаа явахгүй бол болохгүй боллоо гээд үүд рүү эргэлээ. Амралтын өдөр тул өөрөө машинаа жолоодон сэлүүхэн гудамжаар шууд л компани руугаа хурдлав. Цагдаа, эмнэлэг, гал команд, аврах анги гээд бүгд ирчихсэн, шүүх эмнэлгийн магадлангийнхан хэргийн байдалтай танилцаж байхтай зэрэгцэн Өнөр явж очив. Бямбаа цагдаад болсон явдлыг тайлбарлаж байгаа бололтой гараа савчин дээш заан ярьж байгаа харагдана. Өргөгч краны гогцоо тасарч бетонон хана унахдаа доор гагнуур хийж байсан хүнийг дарж алсан аюултай явдал болжээ. Хэргийн байдалтай таницлсаны дараа Өнөр Бямбааг хүчтэй гэгч нь алгадаад яагаад өөрт нь мэдэгдэлгүй амралтын өдрөөр ажиллаж байсныг  нь асуугаад,  дараа энэ тухай ярилцъя гээд цагдаагийн офицер руу очив. Мэргэжлийн хяналтын албаныхан ирж барилгын ажлыг зогсоосон тул нэгэнт товлосон хугацаандаа ашиглалтад орж чадахаа больж компани  ихээхэн хохирол амслаа. Таагүй үйл явдлуудтай зэрэгцэн Японы талаас байнга зэм сонсох болсон Өнөр энэ бүгдийг орхиод өөрөө бие даан үйл ажиллагаа явуулахыг хүсэвч хоёр дахь таван жилээсээ гэрээг цуцлах боломжгүй учир аргагүйн эрхэнд л ажиллаж байлаа. Гэтэл Японы талаас урилга ирэв. Япон руу орох эрхгүй таван жилийн хугацаа нь дууссан тул гэр бүлээрээ  ирэхийг Такахаши урьсан байв.  Токиод буухад нь    тус группынхэн угтан авч буудалд байрлуулав. Маргаашаас нь эхлэн хоёр тусгай хөтөлбөр танилцууллаа. Эхнэр, хүүхдүүдэд нь зориулсан хөтөлбөрийг  тэдэнд өгчихөөд өөрийнхөө хөтөлбөрийг хартал эхний уулзалт удирдах зөвлөл гэсэн байхыг үзээд яагаад ч юм бэ сүрдмээр санагдлаа. Өглөө эртлэн боссон Өнөр гадаа гарч Коэн буюу цэцэрлэгт хүрээлэнд гүйж буй олон хүнийг хараад ийм хүмүүс чинь урт наслалгүй яахав дээ гэж бодон алхаж явтал  хэдэн жилийн өмнө энэ оронд өнгөрөөсөн хүнд хэцүү үе өөрийн эрхгүй бодогдож дотор арзасхийнэ. Өглөөний 9 цагт группээс явуулсан лимузин Такахаши Плаза зочид буудлын өмнө ирж Өнөрийг суулгаад хөдөллөө. Энэ зуур өнгөрсөн хэдэн жилийн ажлын дүнгээс дараагийн ажил нь хамаарах хүндхэн сорилтын өмнө ирээд байгаагаа бодож шалгалтад орох гэж байгаа хүүхэд шиг юм болох нь ээ хэмээн инээд нь хүрэв. Уулзалт үд  хүртэл үргэлжлээд завсарлалаа. Энэ хооронд Такахашитай өдрийн зоог барих болов уу гэж бодтол өөр хүмүүс ирж өдрийн хоолонд урьжээ. Ерөнхий захирлын суудалд сууж буй Такахаши Кенжи хэдэн жилийн өмнөхөөс огт өөрчлөгдсөнгүй мэт боловч нэг л хүйтэн хөндий дүртэй байгаа нь хачин санагдана. Өнгөрсөн хэдэн жил би бүхий л хүчээрээ хичээж ажилласан, тэгэхэд намайг ингэж угтаж байгаа бол би ч гэсэн адилхан байж чадна, ямар ч гэсэн эднийг гуйхгүй юм шүү гэсэн омголон бодол төрж толгой дээгүүр  уулзалтад оржээ.  Өглөөний уулзалтыг бодвол огт өөр дулаан уур амьсгалтай, харилцан ойлголцсон сайхан уулзалт болж өндөрлөсөний дараа өрөөнд хоёулаа үлдсэний хойно Кенжи Өнөрийг тэвэрч чи сайн байсан шүү гэжээ. Ингээд маргааш нь хоёулаа гольф тоглон өдрийг өнгөрөөхөөр тохироод  салав. Гольф тоглоно гэдэг баячуудын зугаа төдий биш тэнд ширээний араас шийдэж чадахгүй байгаа болон өрөөнд ярьж болохгүй олон асуудлаа зохицуулах боломжтой газар билээ. Оройхон буудалдаа ирэхэд эхнэр, хүүхдүүд нь өдрийн үзсэн харсан зүйлдээ сэтгэл хангалуун байгаа бололтой. Дисней Лэндийн тоглоомуудын талаар зогсоо зайгүй ярьсан нь Өнөрийг ихэд хөгжөөж гэр бүлтэйгээ байхын жаргалыг мэдрүүлжээ. Өглөө 6 цагт мөн л унаа ирж Өнөрийг суулган хурдны замаар хаашаа ч юм довтолгов. Цаг гаруй давхиад зах нь харагдахгүй том Токио хотоос огт өөр сайхан байгальтай гольфийн талбайд ирэхэд Такахаши гольфийн талбайд унадаг задгай машин уначихсан тосч авлаа. Ингээд бүтэн өдрийг хамт өнгөрөөж олон зүйлийн талаар ярилцах явцад өчигдөр өглөө яагаад тийнхүү таагүй хандсан тухайд удирдах зөвлөлд манай  гэр бүлийн гишүүд голдуу байдаг. Тэдний олонхи нь нас дээр гарсан баргийн зүйлд итгэхээ байсан хашир нь  дэндсэн хүмүүс байдаг юм. Чи өөрөө хараа биз дээ. Тэд чамайг сайн шалгахыг шаардсан нь манай групп Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхээр шийдсэнтэй холбоотой. Тэгэхээр бидний өмнө асар их ирээдүй, маш их ажил байна. Шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэсэн Өнөр Монголд ирсэн даруйдаа шинээр эхлэх бизнесийнхээ багийг бүрдүүлж, түүндээ шинэ залуусыг голдуу авсан ч хуучин цагийн кадрууд болох тэтгэвэрт гарсан уул уурхайн яамны мэргэжилтэн, цагдаа, цэргийн бэлтгэл хурандаа, генерал, их сургуулийн доктор, профессор зэрэг олон хүнийг багтаажээ. Тэдний нэг болох Балган генералд хамтарч ажиллах санал тавихад ихэд гайхаж “хөгшин би юу хийнэ гэж залуу хүүхдүүдтэй ажиллах болж байна. Чадахгүй байх аа” гэхэд нь Өнөр цэргийг  1000 өдөр тэжээж нэг өдөр ашигладаг гэсэн танай цэргийн бодлого байхаа. Та цалингаа аваад явж бай. Тэнд хийх ажил гарч магадгүй гэжээ. Ингээд Бямбаад барилгын ажлаа даатгаж орхиод өөрийгөө чөлөөтэй ажиллах боломжтой болгосон Өнөр уул уурхайн талаар маш их зүйл олж мэдэхийн зэрэгцээ олон шинэ танилтай болж байлаа. Тэрээр  танилуудынхаа нэгтэй оройн хоол идэхээр Улаанбаатар ресторанд сууж байтал залуухан бас царайлаг хоёр бүсгүй ирж суугаад танилтай нь элдвийг ярилцахыг харж суусан Өнөрт тэдний нэг болох хар үстэй өндөр хүүхэн ихэд таалагдаж түүн рүү ширтвэл тэрээр “Сайн уу,  Өнөр өө”  гэжээ. Би чамайг таних бил үү хэмээн гайхан асуувал хүүхэн өөдөөс нь инээгээд чамайг танихгүй хүн байдаг юм уу. Хүүхнүүд бүгдээрээ чамайг танина, чи л харин таньдаггүй байх, гэхдээ таньдаг болгоноо хэмээн нүүрэмгий нь аргагүй хэлэв. 

Үргэлжлэл бий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж