
Их насанд 50 гаран алтан туурт тоосоо өргөснөөс Дэлгэрхангай сумын ААУ Батаагийн Оюунбатын ухаа /2011 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд айрагдсан, өнгөрсөн жил говийн бүсэд долоод хурдалсан/ морь түрүүлж, мөн сумын ААУ Дамбын Түдэвийн хар /өнгөрсөн жил Ардчилал 2012 уралдаанд айрагдаж, өнөө хавар "Мандалын хурд 2013" аймгийн хаврын бүсийн уралдаанд айрагдсан/ аман хүзүүджээ. Айргийн гурваас тавд Луус сумын уяач Сэргэлэнгийн хонгор /бага наснаасаа хойш сум орон нутгийн наадамд олон түрүүлж, айрагдсан. Хэдхэн хоногийн өмнө Луусын Цагаан-Овооны наадамд түрүүлсэн/, Дэлгэрхангай сумын уяач Д.Эрдэнэсүхийн алаг, мөн сумын хээр морьд хурдалжээ.
Соёолонгийн уралдааны түрүү аман хүзүүнд өнгөрсөн жилийн улсын наадамд хонгор халзан даага аман хүзүүдүүлсэн Адаацаг сумын ААУ Дашдэлэгийн Хуягбаатарын хонгор, ногоон үрээнүүд хурдалж, Хулд сумын ААУ Доржжанцангийн Батхуягийн хүрэн, Сайнцагаан сумын Адъяагийн Мөнхбаярын бор /хэдхэн хоногийн өмнө Өмнөговьд айрагдсан. Өнөө хавар том жижиг олон уралдаанд түрүүлж, айрагдаад байгаа хурдан үрээ. Галшар унаган адуу/, Хулд сумын Нэргүйн Батжаргалын шарга халзан үрээ тус тус айрагджээ.
Шүдлэнгийн уралдаанд 80 гаран үрээ тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас түрүү тодорсон байна. Аман хүзүүнд Хулд сумын Нэргүйн Батжаргалын зээрд үрээ хурдалж, айргийн дөрөвт Сайхан-Овоо сумын уяач Сайнбаярын Ганбаярын хээр /өнгөрсөн жил говийн бүсэд айрагдсан, хэдхэн хоногийн өмнө Өмнөговьд аман хүзүүдсэн. Дааган цагаасаа хойш 22 дахь уралдаанаа хийж байгаа нь энэ. 3 удаа л айргаас мултарсан/ хурдаллаа. Айргийн гурав болон тавын үрээнүүд хараахан тодорхой бус байна.
Мөн энэ өдөр Хулд сумнаа Алмааз эрднийн сүр жавхлант "Хулд уул"-ын тахилга болж, хурдан дааганы уралдаан зохион байгуулагдлаа. Нутгийн уяачид одтой сайхан наадаж САУ Б.Будхүүгийн уясан Б.Мөнхболдын хээр даага торгон жолоо өргүүлсэн байна. Аман хүзүүнд ААУ Бадамгаравын Мөнхбатын уясан Лампрангийн Золбаатарын цэгээн халзан даага хурдалж, Дэлгэрхангай сумаар бор даага айргийн гуравт орлоо. Харин айргийн дөрөв болон таваар Нэргүйн Батжаргалын уясан Б.Бямбадэлгэрийн цэгээн, Ө.Өсөхжаргалын шарга дааганууд хурдалжээ. Уул тахилгын үеээр "Хулдын цэнхэр уулс" дууны клипний зураг авалтыг хийсэн ба 6-р сарын 7 нд "Далангийн хонгор" уулыг тахиж, сумынхаа 90 жилийн түүхт ойг тохиолдуулан МҮОНТВ-ын үндэсний спортын Адуучин нэвтрүүлгийг "Үл олдох"-ын талд хийлээ.
Эх сурвалж: www.tod.hiimori.mn