Төмөр замчид цалин нэмэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Төмөр замчид цалин нэмэхийг шаардав

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МТЗ-ын ҮЭХорооны дарга Х.Эрдэнэ, Сүхбаатар өртөөний ҮЭХорооны дарга Гүнсмаа  зэрэг 20 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд төмөр замчдын цалинг ирэх тавдугаар сарын 1-ний дотор 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг УБТЗ, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга  В.Отгондэмбэрэлд энэ сарын 9-нд хүргүүлсэн тухайгаа мэдэгдлээ. ҮЭХорооны дарга Х.Эрдэнэ “Монгол Улсын хэмжээнд цалин, ахуй хангамжаараа төмөр зам ямар сайн байлаа. Өнөөдрийн байдлаар төмөр замд 16 мянган хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн 50 гаруй хувь нь банкны зээлтэй, дундаж цалин нь 300 мянга, амьдралд цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй, цалингаас цалингийн хооронд өдөр аргацаасан байдалтай амьдарч байна. Төмөр замд 30 гаруй орос мэргэжилтэн ажилладаг. Энэ хүмүүс 7-8 сая төгрөгийн цалин авдаг бөгөөд тэдний цалин хөлс, хоёр улс хооронд хийсэн гэрээ хэлэлцээр далд байгааг ил болгохыг шаардаж байгаа” гэв. Мөн тэд “УБТЗ-ын захиргаа 2010 оны нэгдүгээр улирлын тайлангаа Засгийн газарт гаргаж өгөхдөө нэг литр дизелийг 1710 төгрөгөөр авдаг гэж худал тайлан гаргаж өгсөн. Одоо литр дизелийн үнэ 1300 төгрөг байгаа. Төмөр зам жилд 70 мянган тонн дизель хэрэглэдэг. Энэ мөнгө хаашаа орсныг  хэн ч мэдэхгүй байгаа”  гэдгийг онцоллоо.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж