Ё.Отгонбаяр 230 сая төгрөг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр 230 сая төгрөг шаарджээ

УМБГ-ын  дарга, хурандаа Ц.Батсүх өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгод холбогдох хэрэг болон Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж, эх орондоо ирэх үед нь албадан саатуулсан үндэслэлийн талаар  мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УМБГ-т   шалгагдаж байгаа  хэргийг зарим нам улстөржүүлж, олон нийтэд буруу ташаа ойлголт  төрүүлж байгаа учир мэдээлэл хийж байна” гэсэн юм.

Ё.Отгонбаяр иргэн Ч-гээс 230 сая төгрөг шилжүүлэхийг шаарджээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг цагдан хорьж шалгах болсон нь  түүний нөхөртэй холбоотой болохыг УМБГ-аас албан ёсоор мэдэгдлээ.  Тодруулбал, 2013  оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж  байгаад хэсэг залууст  зодуулж,  машинаа дээрэмдүүллээ” гэх мэдээллийг УМБГ-т ирүүлжээ. Тэрээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа  миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа  орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй  учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ”  гэжээ. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн  шалгах ажиллагаа явуулахад  дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авилга авахыг санал болгосон нь холбогдох баримтуудаар нотлогдсон байна. Тиймээс энэ хүнтэй  холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн шалгах явцад эхнэр болох О.Эрдэнэсолонго нь 20 гаруй данстай, дансаар их хэмжээний төгрөгийн болон валютын гүйлгээ хийгдсэн болох нь илэрчээ. Улмаар үргэлжлүүлэн шалгахад гэмт хэргийн шинжтэй гэж үзэх  үндэслэл бүхий гүйлгээнүүд байсан учраас цагдан хорьсон байна. Тухайлбал  О.Эрдэнэсолонгын нэг банкаар хийсэн гүйлгээг нь авч үзэхэд нэг өдрийн хугацаатай   200-300  сая төгрөг орж ирэн, улмаар төвлөрч байгаад бэлнээр гардаг  байжээ. Тиймээс дээрх мөнгө ямар эх үүсвэрээс орж ирсэн, юунд  зарцуулагдсан эсэхийг шалгах шаардлага  гарсан гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын авлига авахыг завдсан хэргийн тухайд шаардлагатай нотлох баримтуудын  цуглуулсан ч УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй учир асуудлыг хуулийн хүрээнд  холбогдох байгууллагад нь тавих  нөхцөл байдал үүсчээ.



О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргана

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрийг нь хууль бусаар цагдан хорьсон гэж мэдэгдэж байгаа. Энэ  талаар УМБГ-ын дарга Ц.Батсүхээс тодруулахад “Дөрвөн банкин дахь 26 данс О.Эрдэнэсолонго гэж хүний нэр дээр байсан. Тиймээс  түүнийг  холбогдуулан шалгахаас өөр аргагүй. Олон банкны данстай холбоотой асуудал  байгаа учир хугацаа шаардана. Бид шаардлагатай мэдээлэл, нотлох баримтаа бүрдүүлсэн учраас түүний өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтийг хангах саналыг Прокурорт хүргүүлээд байна. Прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө” гэлээ.

Н.Хүрэлбаатарын сейфтэй мөнгөний эх үүсвэрийг шалгаж байна

Өнгөрөгч баасан гаригт /VI.07/ Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан албадан саатуулсан. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй  холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан ч гадаад улс руу гарсан тул хүндрэл үүсээд байжээ. Тиймээс хуулийн байгууллагаас  шаардлагатай арга хэмжээ авч, интерполоор эрэн сурвалжилсны дараа  өөрийн биеэр эх орондоо ирсэн байна. Тэрбээр албадан саатуулагдах үедээ  өөрийг нь улстөрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэсэн юм. Харин цагдаагийн байгууллагаас  “Хэргийг шалгаж байгаа нь ямар ч улстөрийн зорилго байхгүй. Түүний хүү  Э-гийн гэрээс сейф алдагдсан хэргийг шалгах явцад тэр мөнгө Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай холбоотой  болсон учраас шалгаж байгаа” гэх тайлбар хийлээ.

УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх хурлын үеэр УИХ-ын
гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэх хэргийн
талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг анх хэрхэн шалгаж эхэлсэн юм бэ? 

-Зарим
намын зүгээс манайд шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мөрдөн байцаах
ажиллагаанд саад учруулж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул өнөөдөр бид
албан ёсоор мэдээлэл хийж байна. Ё.Отгонбаярын хэргийн тухайд 2013 оны
гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гэж хүн “Намайг Энхтайваны гүүрэн дээр
хэсэг залуус зодож, миний “Ланд круйзер 200” маркийн автомашиныг
дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна.
Учир нь БСШУ-ын сайд байсан Ё.Отгонбаяр гэж хүн сайдаар ажиллаж байхдаа
Налайх дүүрэгт барьсан миний нэр дээр байдаг барилгын ашиглалтын
зөвшөөрлийг өгөхгүй байсан. Ё.Отгонбаяр барьсан барилгыг минь ашиглалтад
хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр
дамжуулан  надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд
хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэж манайд хүсэлт гарган,
мэдүүлсэн байдаг. Бид энэ дагуу шалгаж үзэхэд иргэн Ч-гийн өгсөн
мэдээлэл үнэн байсан.

-Ё.Отгонбаяр гишүүн хээл хахуулийн мөнгө нэхэж, захиалгаар хүнийг зодож, дээрэмдүүлсэн гэсэн үг үү?

-Зодсон,
хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд тэр талаар
гэрчилж байгаа.  Ё.Отгонбаяр тэр хүнтэй хамт хоолонд орохдоо хахуулийн
мөнгө нэхэж,  мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч
бий. Анх ийм учраас Ё.Отгонбаяр гишүүнийг шалгах шаардлагатай болсон.
Шалгах ажиллагаанд бид Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас
тодорхой мэдээлэл авч, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулсан
байгаа. Хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн
банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон.
Жишээлбэл, 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая,
338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж,  дахин
хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн
мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан байдаг. Яг ийм
байдлаар их хэмжээний төгрөг болон валют орж, гарсан хэрэг байдаг.

-Шалгалтын явцын тухай сонирхож болох уу?

-Бид
одоогоор дөрвөн банкинд шалгалт оруулаад байгаа. Эдгээрээс Зоос, Анод
банк дампуурсан байгаа. Гэхдээ энэ хоёр банкийг болон бусад хоёр банкны
санхүүгийн мэдээлэл, дансанд хоёр талаас орж, гарсан мөнгөний хэмжээг
шалгаж байгаа. Мөнгөний хэмжээ хэд ч байж болно. Ямартай ч нилээдгүй их
хэмжээний мөнгө байгаа гэдгийг л хэлмээр байна.

-О.Эрдэнэсолонгыг заавал саатуулах шаардлагатай байсан юм уу?

-О.Эрдэнэсолонгын
нэр дээр 26 данс байгаа. Дансны эзнээс ямар учиртай мөнгө болохыг
зайлшгүй асууж, шалгах ёстой. Тиймээс л саатуулсан.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ гадуур шалгуулах хүсэлт гаргаад байгаа гэсэн. Батлан даалтад гаргах уу?

-Ар
гэрийнхэн болон өмгөөлөгч нь О.Эрдэнэсолонгыг өвчний улмаас гадуур
шалгаад өгөөч гэсэн санал ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч,
О.Эрдэнэсолонгыг шалгах шалгалтын явц удаан явагдах учир таслан
сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр прокурорт хүргүүлсэн.

-Ё.Отгонбаярын эхнэрийг шалгаж байгааг сонгуультай холбоотой гэж тайлбарлах хүн цөөнгүй байна?

-Сонгуулийн
үйл ажиллагаа эхлэхээр мөрдөн байцаалт түр зогсоно гэсэн зүйл
байхгүй.Тиймээс энэ хэргийг шалгаж байгааг сонгууль, улстөртэй холбож
тайлбарлах шаардлагагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

С.ОТГОНСҮРЭН, Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж