
Саудын Арабын ханхүү аль-Валид Бин Талал дэлхийд алдартай “Forbes” сэтгүүлийн эсрэг гомдол гаргажээ. “Sunday Telegraph” сонинд мэдээлснээр “Forbes” сэтгүүлээс түүний хөрөнгийг 20 тэрбумаар үнэлж, баячуудын жагсаалтын 26-д эрэмбэлсэн юм байна. Харин Ханхүү аль-Валид Бин Талалын үзэж буйгаар “Forbes” сэтгүүлээс дэлхийн толгой баячуудын жагсаалтыг гаргахдаа түүний хөрөнгийн хэмжээг 9.6 тэрбум ам.доллараар багаар үнэлсэн гэнэ. Тиймээс Саудын ханхүү “Forbes” сэтгүүлээс түүний хөрөнгийн хэмжээг буруу тооцоолсон нь түүнийг доромжлоод зогсохгүй Ойрхи Дорнод дахь хөрөнгө оруулагчид болон бизнесийн институтуудыг дорд үзсэн үйлдэл хэмээн ихэд бухимджээ. Түүнчлэн ханхүү аль Валид Бин Талал энэ хэргийн улмаас “Forbes” сэтгүүлийн нийтлэлч Рандалл Лэйн болон өөр хоёр сэтгүүлчийн эсрэг Лондонгийн дээд шүүхэд зарга мэдүүлсэн байна. Саудын Арабын ханхүү аль-Валид бин Талал Лондон хотноо орших “Savoy” зочид буудлыг эзэмшдэг ба “Kingdom Holdings"” нэртэй санхүүгийн компанитай юм.
Б.АНХТУЯА