Газарзүйн олимпиадын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

Газарзүйн олимпиадын аваргууд тодорлоо

Бүтэн нэг сарын турш дөрвөн үе шаттайгаар өрнөсөн “Монгол вундеркинд-2013” газарзүйн олимпиадын үндэсний ялагчид тодорч,  ирэх сард дэлхийд өрсөлдөхөөр боллоо. Хүн төрөлхтөнд 125 жилийн турш газарзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг хүргэхдээ байгальд ээлтэй хөгжлийн үзэл санааг түгээсээр ирсэн, хэвлэл мэдээллийн дэлхийн брэнд “National Geographic Society” буюу Үндэсний газарзүйн нийгэмлэг нь манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд хагас жил болж байна. Тус байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний хөгжил, шинжлэх ухааны нээлт, байгаль, газарзүйд чиглэсэн ашгийн бус зорилтот олон хөтөлбөр зүй ёсоор багтдаг. Түүний нэг жишээ нь монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд  сорих боломжийг олгож буй “Монгол вундеркинд-2013” олимпиад юм. 

Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадад Улаанбаатар хотоос гадна Налайх, Багануур зэрэг захын дүүрэг, мөн Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн улсын болоод хувийн сургуулийн сурагчид оюун ухаанаа сорилоо. Олимпиадын нэгдүгээр шатанд 360 гаруй сурагч газарзүйн өргөн хүрээний асуултуудад англи, монгол хэлээр бичгийн шалгалт өгч, дараагийн шатанд 120 сурагч өрсөлдсөн юм. Хоёрдугаар шат мөн л бичгийн шалгалт хэлбэрээр явагдаж шилдэг 50 сурагчийг тодруулсан бол  3, 4-р даваа телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр NTV телевизээр олон нийтэд хүрсэн. Ирэх сард ОХУ-ын Санкт Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг Сант сургуулийн 11-ийн “Б” ангийн сурагч Ганболдын Төрболд, Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-ийн “С” ангийн сурагч Уламбаярын Баярбат, Сант сургуулийн 10-ийн “Б” ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар гардлаа. Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон эдгээр хүүхдүүд “National Geographic Монгол” сэтгүүлийг хоёр, гурван жил болон насан турш үнэгүй захиалан унших эрх, Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрх,  эцэг эхийнхээ хамт Хөвсгөл болон Өмнөговь аймагт аялах нислэгийн тийз зэрэг сонирхолтой шагнал урамшуулал хүртжээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж