Үндэсний их баяр наадмын төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмын төсвийг баталлаа

Засгийн газрын зургаадугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаас дараах шийдвэр гаргасан байна.



ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТӨСВИЙГ БАТАЛЛАА

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталлаа. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.

Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна.

Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан. Энэ үеэр зохион байгуулсан уулзалт, ярилцлагад 1200 гаруй иргэд хөдөлмөрчид оролцож, давхардсан тоогоор 70 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдгээр санал хүсэлтүүдээс Засгийн газарт хандсан асуудлыг шийдвэрлэхээр арга хэмжээний төлөвлөгөө баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн дарга нарт даалгасан байна.

Сэлэнгэ аймгийн төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг нийслэлийн дүүрэг, хороодод саадгүй худалдаа хийх нөхцлийг бүрдүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн Алтанбулагийн хилийн боомтоор аймгийн иргэдийг хялбаршуулсан нөхцлөөр хил нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, худалдааны чөлөөт бүсийг ашиглалтад оруулах ажлыг түргэтгэх арга хэмжээ авах, аймгуудад баригдаж байгаа автовокзал, оношилгооны төвийн зураг төсөлд өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан байна. Үүнээс гадна Сүхбаатар хотод шинээр баригдах орон сууцны хорооллуудын инженерийн шугам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ.

Дархан-Уул аймгийн хувьд хотын төвлөрсөн усан хангамжийн асуудал тулгадаж байгааг иргэд хэлж байсан. Тэгвэл “Дархан-Ус суваг” орон нутгийн өмчит компанийг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтжээ. Мөн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын 550 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах, 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжийг дулаанаар хангах шугамын шинэчлэл, өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлэх, шинээр баригдах 23, 24 дүгээр хорооллыг эрчим хүчээр хангах хөрөнгийн асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр боллоо. Мөн энэ оноос Дархан-Уул аймагт шинээр Дулааны цахилгаан станцын хоёр дахь эх үүсвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлнэ.

ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХЭЛБЭРИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Манай улсад 200 мянга орчим цэргийн насны залуучууд байгаагийн 4.5 хувь нь л цэргийн алба хааж байна. Иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж олгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба, зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн дурын үндсэн дээр бэлтгэх зорилгоор цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Их, дээд сургуулийн оюутнуудыг богино хугацааны хөтөлбөрөөр цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамруулах замаар нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд гишүүдийн саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Зураг төсөл, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт албан газар болгон өөрчиллөө.

Үүнтэй холбоотойгоор “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын “Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори”-ийг 2013 оны улсын төсөвт тусгагдан батлагдсан орон тоо, цалингийн сан, бусад зардлын хамт Зураг төсөл, эрдэм шинжилгээний төвд зохих журмын дагуу шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон Төрийн өмчийн хороонд даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ:

  • Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн  шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад харилцааны сайдад олголоо.
  • Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Ганбатыг тус газрын даргаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж