
Монгол Улсад ардчилсан сонгууль хийж ирснээс хойш сонгогчдын ирц тогтмол унаж ирсэн. УИХ-ын сонгууль 1996 оноос 2000 он гэхэд 92 хувиас 82 болж, 2004 онд 81 болж, 2008 онд 74 болж, 2012 оны сонгуулиар 65 хувь болсон байх жишээтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц ч ялгаагүй, 92 хувиас 82 хувь, үүнээс 75 хувь гээд сонгуульд оролцогчдын ирц буурсаар өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар ирц 73 хувьд хүрсэн. Залуусыг сонгуулийн санал хураалтад хамруулах нь СЕХ-ны хамгийн хэцүү асуудал. Арга ядаад нүцгэн шахам хүүхний зурагтай плакат дээр “Санал өгөх байран дээр уулзацгаая” гэх үгс хэвлүүлж сууж байсан жишээ ч бий.
Улс төрч хүнийг өндөр нам, өргөн бүдүүнээр нь ялгаж, нэр дэвшигчийг доромжилсон хууль зөрчсөн үйлдлийг дэвэргэн хөөргөдөхдөө хэдэн цагийг ч зориулдаг атлаа гэрээсээ тавхан минут алхаад саналаа өгөх болохоороо залхуурдаг залуус олширсны баталгаа бол зүгээр л сонгуулийн ирцийн мэдээ. Нийт сонгогчдын 52 хувь нь дангаараа 18-35 насныхан. Гэтэл сонгуульд оролцсон иргэдийн дийлэнх нь 35-аас дээш насныхан.
Өөрсдөө сонгуульд ирж оролцоогүй атлаа сонгуулийн дүнг муучлагчид мөн л энэ насныхан. “Тэр хүн гарах ёсгүй байсан юм”, “Яагаад ард түмний дэмжээгүй хүн ялчихав” гэх зэргээр муучилна. Өөртөө таалагдахгүй зүйлээ “монголчуудад таалагдахгүй байна” гэх зэргээр ярина. Өөрийнхөө асуудлаа “ард түмний асуудал” гэж дөвийлгөнө.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ядаж ганц удаа хараагүй хэрнээ, хэний ч юм ярьсан ам дамжсан зүйлээр итгэл үнэмшлээ хийж, цааш нь давслан дамжуулна. Ерөнхийлөгч хүн яг ямар эрхтэй, юуг хийж чадах, юуг хийх хуульд заасан боломжтой вэ гэдгийг нь огтхон ч мэдэхгүй учраас зүгээр л хэн нь юу амлах вэ гэдгээр сонголтоо луйвардуулдаг нь дэндүү олон.
Сонгууль бол нэг, хоёр хүнийг сонгох, сонгогдох тухай асуудал биш, нийт ард түмний асуудал учраас хариуцлагатай байхыг иргэн бүрээс шаарддаг. Гэвч үүргээ ухамсарлаж, эрхээ эдлэх боломжоо орхидог нь олширч.
Та өмнөх сонгуульд саналаа өгөөгүй бол гарч ирсэн төлөөлөгчийг муулах эрх байхгүй. Ирэх сонгуульд саналаа өгөхгүй бол нэр дэвшигчдийн талаар битгий олон юм ярь.