
Хууль хэрэгжиж эхэлснээр бүх шатны сургууль, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллага түүнчлэн цахилгаан шат, орон сууцны давхруудад ч тамхи татаж болохгүй нь. Албан байгууллагуудын хувьд агааржуулагч бүхий тамхи татдаг тусгай өрөөтэй нөхцөлд тамхи зөвшөөрөгдөх аж.
Одоогийн байдлаар уушийн газар, кафе, үдшийн цэнгээний газар, зоогийн газар гэх мэт үйлчилгээний газар тамхи баагиулж болохоор байгаа. Гэвч энэ нь зөвхөн дараа жилийн долоодугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Учир нь Оросын Засгийн газрын тамхины эсрэг зарласан “дайн” гэж нэрлээд буй тус хуулийн хэрэгжилтийн хоёр дахь хэсэгт дээрх газрууд болон зорчигчийн галт тэрэг, усан онгоц, зочид буудал, зах зэрэгт тамхи татахыг хориглох юм байна.
Ирэх жил гэхэд жижиг мухлагуудыг тамхи худалдаалахыг хорих бөгөөд зөвхөн томоохон дэлгүүрүүд л тамхи борлуулж болно. Мөн үүний зэрэгцээ тамхины одоогийн үнийг огцом өсгөхөөр төлөвлөж байна. Орос улсад өнөөдөр нэг хайрцаг тамхи 30-60 рубль буюу 1-2 ам.долларын үнэтэй байгаа.
Шинэ хуулийн хэрэгжилт Оросуудын тамхинд өгсөн “гүн хайрыг” халж чадна хэмээн Оросын төрийн тэргүүнүүд найдаж байгаа бол эмч нарын зүгээс нас баралтын тоо хоёр дахин багасч 200 мянган хүний амийг тус хууль аварна гэж үзэж байна. Тус улсын эрэгтэйчүүдийн 60 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь тамхи татдаг байна. Никотинд донтогсод хуулийн дагуу эмнэлгийн холбогдох үйлчилгээг үнэгүй авах эрхтэй болж байгаа аж.
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn
