Гандан бууршгүй Анжелина Жоли

Хуучирсан мэдээ: 2013.06.08-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гандан бууршгүй Анжелина Жоли

Хүмүүнлэгийн үйлстэн, зургаан хүүхдийн ээж, хорт хавдартай тэмцэгч, жүжигчин Анжелина Жоли бусдыг гайхашруулж чаддаг нэгэн аж. Тэр бол 14 настайдаа дурласан хөвгүүн­тэйгээ гэрлэхээр шийдэж, төрсөн ахтайгаа олны өмнө үнсэлцэж, хаяж явсан эцгийнхээ овгоос татгалзаж, хорт хавдарт ялагдахгүйн тулд хоёр хөхөө тайруулсан эмэгтэй.

Айлын эзэгтэй болсон нь

2005 оны эхээр Жоли Холливудын хамгийн сайхан хос Брэд Питт, Женнифер Анистон хоёрын салсан шалтгаан болжээ гэсэн дуулианы эзэн болов. Тэр үед хэвлэлүүд Жоли, Брэд Питт хоёр “Ноён хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр учир ургуулсан хэмээн бичиж байв. Жоли үүнийг худлаа цуурхал хэмээн хэд хэдэн удаа няцаасаар л байв. Гэвч эцэстээ нэг нэгэндээ дурласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 2005 онд Жоли Захара нэртэй этиоп охин өргөж авсны дараа Брэд түүний өргөмөл хүүхдүүдийг хамтран асран хүмүүжүүлэгч болох хүсэлт гаргасан билээ. Тэдний хэн хэн нь нууцлаг харилцааныхаа талаар ам нээхгүй байсан ч 2006 онд Жоли Брэдийн хүүхдийг төрүүлэх гэж буйгаа People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ам алдсан байдаг.  Брэд, Жоли нарын охин Шило 2006 онд Африкийн Намибид төрсөн билээ. 2007 онд хос хоёр гурван настай Пакс хэмээх өнчин хүүг Вьетнамаас өргөж авсан юм. 2008 оны Каннын кино наадмын үеэр Анжелина Жоли ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа зарласан нь тэр оны хэвлэлийн хамгийн том дуулиан болж байв. Жоли 2008 онд ихэр хүү охин Нокс, Вивиенийг төрүүлсэн юм. “Хайртай хүнээ анх хэзээ харсан бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Жоли 1997 он хэмээн хариулсан байдаг.

Энэ бол “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” кино нь нээлтээ хийх үеэр “Брэдманькууд” түүнийг зочид буудалд нь 48 цаг хөл хорьсон үе байв. Харин 12 жилийн дараа Брэдтэй учирснаар Жоли өөрийгөө “олсон” билээ. Брэд түүнд ямар ч эр хүний өгч байгаагүй хайр, гэр бүл, үр хүүхэд хайрласан. Брэд Питт, Анжелина Жоли нар 2012 онд сүй тавьсан ч энэ дэлхий дээр хүн болгон гэрлэх эрхтэй болохоос нааш (ижил хүйстнүүд) гэрлэхгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч хүүхдүүд нь хүлээж тэсэхгүй, хуримаа хийхийг шаардсаар байгаа гэнэ лээ.

Гадуурхагдсан хүүхэд нас

Анжелина Жолигийн аав Жон Войт Холливудын том жүжигчдийн нэг.  Түүний ээж  Марчелин Бертранд бас л жүжигчин байсан боловч түүний аавыг хаяж явснаас хойш хүүх­дүүдийнхээ төлөө урлагийн карьераа орхижээ.

Анжелина Жолиг нэг настай байхад эцэг нь хаяж явсан тул тэрбээр эцгийн хайрыг мэдрээгүй өссөн юм. Гэвч Жон Войт хүүхдүүдээ сайн харж үздэг байсан гэдэг.

Жолигийн хүүхэд байхдаа үзэх дуртай байсан кино нь Диснейн нисдэг Дамбо хүүхэлдэйн кино байв.  Тэр тусмаа Дамбо нисч чаддаг гэдгээ мэдэх үед Жоли тэсэлгүй уйлчихдаг байжээ.

Түүнд бас нэгэн хачирхалтай мөрөөдөл байсан нь оршуулгын зан үйлч болох хүсэл.  Жолид үхлийн зан үйлийн тухай сонирхлоос гадна шивээс, хутганы хачирхалтай цуглуулга байдаг байв.

11 настайдаа Ли Страсберг Театрын Институтэд элссэн Жоли хоёр жилийн дараа жүжгийн ангиа хаяж, оршуулгын зан үйлч болох дийлдэшгүй хүсэлд автжээ. Тэр үеэс Жоли Лос Анжелес, Нью Йорк, Лондон хотод загвар өмсөгчөөр ажиллахын зэрэгцээ дан хар хувцас өмсөх болж, хутгаар тоглож, мош бүжиг сонирхох болсон байна. Жоли 14 нас хүрсэн байв. Тэрбээр найз хөвгүүнтэйгээ хамт амьдрах тухайгаа ээждээ хэлжээ. Марчелин Бертранд түүнийг хориглож дийлсэнгүй. Гэвч түүний 14 насны дурлал хоёр жилийн л настай байв. Шилжилтийн насандаа Жоли хүнд хэлбэрийн депресст орсон бөгөөд амиа хорлох тухай ч боддог байжээ. Беверли Хиллзийн өсвөр насныхны дундах гадуурхалт үүнд нөлөөлсөн аж. Жоли хэтэрхий туранхайгаас гадна нүдний шил, янз бүрийн этгээд чимэг, зүүлт зүүдэг байснаас Беверли Хиллзийн нөлөө бүхий гэр бүлээс гаралтай хүүхдүүд түүнийг байнга гадуурхаж, элдэвлэдэг байжээ. Энэ нь Жолид хүмүүстэй харилцаж, найз нөхөд болох боломжгүй гэж бодогдоход хүргэжээ.

Эцэг, охин хоёрын зөрчил

Жоли хаяад явсан аавтайгаа олон жил харилцаагүй юм. 2001 онд Лара Крофт: Булш ухагч киноны зураг авалтын үеэр эвлэрсэн боловч удалгүй дахин холбоогоо тасалсан билээ. Жоли хэмээх нэрээр кино ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон тэрбээр 2002 онд эцгийнхээ нэрээр овоглохоос татгалзсан байдаг. Үүнд уурссан Жон Войт Жолиг сэтгэцийн гажигтай болсон хэмээсэн юм. Жоли хариу болгож өргөмөл хүү Мэддокст Жон Войт сайн нөлөө үзүүлэхгүй гэж бодож байгаа тул эцгээсээ бүх холбоогоо тасалж байгаагаа мэдэгдсэн. Гэвч энэ явдлаас хойш зургаан жилийн дараа ээжийгээ нас барахад Жоли аавыгаа уучилсан билээ.

Холливуд

Найз залуугаасаа салсны дараа Жоли Беверли Хиллз ахлах сургуулиа төгсч, их сургуульд театрын чиглэлээр үргэлжүүлэн суралцжээ. Хэдийгээр аав нь нэртэй жүжигчин ч гэлээ Жоли эцгийн нэр нөлөөний сүүдэрт явахыг хүссэнгүй.

1998 онд тоглосон загвар өмсөгч  Жиа Мари Каранжигийн богинохон, эмгэнэлтэй амьдралын тухай телевизийн кино анхны томоохон дүрийн нэг байсан бөгөөд түүнд “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчирсан билээ.

Жилийн дараа Дензел Вашингтонтой хамтран тоглосон “Яс цуглуулагч” кино гайхалтай амжилттай болж, сая сая долларын ашиг авчирсан бөгөөд кино шүүмжлэгчид хэлээ залгисан мэт болсон  юм.  Тэр ондоо Жоли жүжигчин Уайнона Райдерын хамт  “Задарсан охин” кинонд тоглож туслах дүрээр анхныхаа “Оскар”-ын шагнал авсан аж. 80-90 оны мандан бадралт Уайнона Райдер тэр дүрээр Холливудад сэргэн мандана гэж найдаж байсан ч алдар нэр нь түүнд биш, туслах дүр бүтээсэн Жолид ирсэн билээ. 2000 онд Жоли 90 сая ам.долларын төсөвтэй, тухайн үедээ асар их хөрөнгөөр бүтсэн “60 секундэд зугатсан нь” кинонд том гарын машины хулгайчийн найз бүсгүйн дүрд тоглосон юм. Кино шүүмжлэгчид “Энэ кинонд Жоли энүүгээр тэрүүгээр загвар өмсөгч шиг алхалж, булчинлаг залуус руу харц шидэлж, инээмсэглэхээс өөр юм хийгээгүй” гэсэн байдаг. Харин Жоли дүрийнхээ талаар “Задарсан охин” киноны сэтгэцийн өвчтөний хүнд дүрийн дараа энэ дүр нэг ёсны тайвшрал болсон хэмээн тайлбарласан билээ.

Харин  археологич Лара Крофтын тухай комик зохиолоос сэдэвлэсэн “Булш ухагч” (2001) кино түүнийг Холливудын хамгийн их орлоготой, үнэтэй жүжигчдийн эгнээнд аваачсан билээ.

Харин Жолиг Брэд Питтэй учруулсан “Ноён хатагтай Смит” кино дэлгэцэнд гарсныхаа дараа магтаал шүүмжлэлийн аль алиныг дагуулсан юм. Гэвч алга ташилт шүүмжлэлээс илүү байсан билээ.

2008 онд Клинт Ийствудын “Солигдсон хүүхэд” кинонд хүүхэд хулгайлагчдад хүүгээ алдсан эхийн дүр Жолигийн өмнөх кинонуудын дүрээс тэс өөр болсон юм.  “Чикого Трибюнь”-д тэр дүрийн тухай “Энэ кинонд бүтээсэн Жолигийн дүр шуурга эхлэхийн өмнөх ер бусын нам гүм байдал шиг.” хэмээн бичсэн байдаг. Түүнд энэ дүр нь “Оскар”-ын шилдэг дүрийн шагнал авчирсан.

Гялалзсан карьер, бүтэлгүй гэрлэлтүүд
Анжелина Жоли ба Жонни Ли Миллер
Анжелина Жоли ба Билли Боб Торнтон

Кино ертөнц дэх түүний карьер гялалзсан амжилтаар дүүрэн байсан ч хувийн амьдрал нь бүтэлгүйтсээр. Холливудын ирээдүйтэй од хувийн амьдралаа тохинуулж чадахгүй л байв.

Жоли 1996 онд “Хакерууд” кинонд хамт тоглосон англи жүжигчин Жонни Ли Миллертэй гэрлэсэн юм. Сүйт бүсгүй хуримандаа савхин хүрэм, цагаан цамцтай очсон бөгөөд цамцан дээрээ цусаар сүйт хархүүгийн нэрийг бичсэн байсан гэдэг.
Харамсалтай нь тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй. 2000 онд Жоли Холливудын жүжигчин, гоонь эр Билли Боб Торнтонтой гэрлэж, Мэддокс хэмээх камбожи хүүг өргөж авсан. Тэдний гэрлэлт хэвлэлийн гол сэдэв болж байлаа. Хэвлэлүүдээр Жоли Торнтон хоёрын киноны нээлт дээр эрээ цээргүй үнсэлцэж буй зурагнууд гарч байв. Гэвч Билли Боб Торнтон гоонь эрийн амьдралаа өөрчлөхийг хүсээгүй аж. Торнтоныг үдэшлэгээс үдэшлэг рүү нисч байхад Жоли хүмүүнлэгийн шугамаар дүрвэгсдийн хуаранд ажиллаж байв. Тэднийг гурван сарын дараа хоёр тийш болоход хүүг асран хүмүүжүүлэх эрхийг Жоли авсан билээ. Жоли салалтынхаа тухай “Нэг л өдөр биднийг нэгтгэх юм байхгүй юм байна гэдгийг ухаарсан” хэмээн ярьжээ.

Хэцүү шийдвэр

Өнгөрсөн тавдугаар сард Жоли амьдралдаа хамгийн чухал, бас эрсдэлтэй шийдвэр гаргаж, хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулснаа мэдэгдсэн нь Бранжелина хэмээн шар хэвлэлийн гол сэдэв болсон энэ гэр бүлийн талаарх хамгийн муу мэдээ байсан юм.

2007 онд ээжийг нь авч одсон хөхний хорт хавдар Жолиг тойрч гарсангүй.

Хэдхэн хоногийн өмнө түүний нагац эгч мөн энэ өвчнөөр хорвоог орхисон байна.

Тэрбээр энэ шийдвэрийнхээ талаар “Эмч нар хөхний хорт хавдрын эрсдэл 87 хувьтай гэж оношилсон. Би хорт хавдар цаашид улам томрох эрсдэлийг багасгахын тулд, үр хүүхдүүдтэйгээ аль болох удаан хамт байхын тулд ийм шийдвэр гаргасан” гэжээ. Гэвч эмч нар түүнийг бас өндгөвчний хорт хавдартай гэж оношилсон бөгөөд эрсдэл нь 50 хувьтай аж.

Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №014
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж