
ИЗ-НН энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан зорилго нь хүлээлт үүсгээд буй асуудлыг түргэвчлэх, сонгуулийн тогтолцоонд сонгогчдын саналыг алдагдуулахгүй байх, пропорциональ тогтолцоог санал болгож, дэмжлэг авахад оршиж байв.
Улс төрийн намын удирдлагууд зарчмын хувьд пропорциональ шинжтэй тогтолцоог дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч шийдвэрлэх олон асуудал байгаа талаараа ч тайлбар хийсэн байна.
Тухайлбал, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Үнэхээр мажоритар тогтолцооноос болж манай нам хохирсоор ирсэн. Нийт авсан санал нь 40 орчим хувьтай байхад УИХ-ын зургаа, долоохон суудал авч ч байсан. Шууд пропорциональ гэхээр Үндсэн хуулийн шууд сонгогдох тухай заалтаар нураалгачих гээд байна” хэмээв. МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Манай намын их хурлаар сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай шийдвэр гарсан. Үүний дагуу сонгуулийн хуулийг шинэчлэхээр ажиллах болно. Сонгуулийн тогтолцоог ганц нам дангаараа шийдчихдэг зүйл биш. Хэлэлцэж, зөвшилцөж байж л үр дүнд хүрнэ” гэсэн байна.