Метро төслийн ажлыг ирэх жилээс эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Метро төслийн ажлыг ирэх жилээс эхлүүлнэ

Улаанбаатар хот 2020 он гэхэд Толгойтоос Амгалан  хүртэлх 17,7 км замыг 15-20 минутад  туулах метротой болох боломжтойг Японы ЖАЙКА байгууллагын төслийн баг судалсан юм. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар метро" төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Улаанбаатар хотын метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барина” гэв.

Тодруулбал, зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх аж. Гэхдээ ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбох, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийг бүхий л төрлийн  нийтийн тээврээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлнэ гэж тооцож байгаа талаар нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод, гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой ажээ.  Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хот метротой болсноор замын хөдөлгөөний ачаалал бууран, автомашинаас ялгарах хорт утаа багасаж, агаарын бохирдол буурна. Мөн “Улаанбаатар метро”-д  ажиллах  500-700 гаруй монгол залуусыг сургаж, ажлын байраар хангахаар төлөвлөж байна” гэлээ.

“Улаанбаатар” метроны бүтээн байгуулалтыг ирэх жилээс эхлүүлж, 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм.  Метроны  газар доорх өртөөг даган шинэ бүтээн байгуулалт өрнөж, өвлийн хүйтэнд ч дулаахан тохилог орчинд зорчиж, үйлчлүүлэх боломж бүрдэнэ.  “Улаанбаатар” метро төслийн судалгааны эцсийн тайланг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн бариад байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж