Путины шинэ эхнэр хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Путины шинэ эхнэр хэн бэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин 30 жилийн турш хамт амьдарсан эхнэр Людмилагаас салж буйгаа албан ёсоор зарлажээ.

Сүүлийн
үед тэднийг  харилцаагаа тасалж байгаа хэмээн Оросын хэвлэл мэдээллийн 
хэрэгслүүдээр бичиж байсан нь ийн ил болж, ноён Ерөнхийлөгч өөрийн
биеэр гэрлэлтээ цуцлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Олон жилийн
хамтын амьдралаа төгсгөл болгож энэ шийдвэрийнхээ талаар Ерөнхийлөгч
Путин “Энэ бол бидний хамтын шийдвэр байсан” хэмээн хэвлэлийнхэнд 
хэлжээ.

Харин түүний эхнэр Людмила энэ талаар “Владимир
Владимирович бүх зүйлээ ажилдаа зориулдаг. Тэр гэр бүлдээ анхаарал
халамж тавьж, цаг зав гаргадаггүй. Гэлээ гэхдээ өнгөрсөн хугацаанд гэр
бүлийнхээ төлөө хийсэн бүхэнд нь би Владимарт талархаж байна. Тэр
хүүхдүүддээ сайн эцэг байсан” гэсэн утгатай мэдэгдэл хийж, салах талаар
ярилцаж, шийдвэр гаргасан хэмээн онцолжээ. 

Путин, Людмила нар
1983 онд гэрлэж, Мария, Екатарина нэртэй хоёр охинтой болсон юм. Том
охин Мария нь одоо 28 настай бол бага охин нь 26 настай гэнэ. Людмила,
Путин нарыг  хамгийн сүүлд 2007 оны тавдугаар сарын 7-нд буюу  Путины
гуравдахь удаагаа Ерөнхийлөгчийн албанд улиран сонгогдсоны тангараг
өргөх ёслол дээр хамт харагдсан хэмээн BBC мэдээлжээ. Тэднийг ийнхүү
албан ёсоор салж буйгаа зарласны дараа ОХУ-ын ээлжит тэргүүн
хатагтайгаар хэн тодрох нь ганц тус улсын ард түмэнд ч биш олон улсын
хэмжээнд  анхаарал татаад байна. Путин эхнэрээсээ салахаас өмнө Алина
Кабаева хэмээх уран гимнастикчтай нэр холбогдож байсныг хэвлэлүүд дахин
сөхөж эхэллээ. Магадгүй шинэ тэргүүн хатагтай Кабаева байж болох юм
гэсэн таамгийг Оросын ихэнхи хэвлэлүүд бичжээ.

Анхлан 2008 оны
дөрөвдүгээр сард "Московский корреспондент" сонинд Владимир Путин, Алина
Кабаева нар сүй тавьсан, тухайн жилийн зургадугаар сард гэрлэхээр
шийдсэн тухай мэдээлж байжээ. Энэ мэдээллээс хойш удалгүй Путин өөрөө
мэдэгдэл хийж, дээрх мэдээлэлд ганц ч үнэн үг байхгүй гэсэн бол
Кабаевагийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн үүнийг няцааж байжээ.

Алина
Маратовна Кабаева нь 1983 онд төрсөн, өдгөө 30 настай. Олимпийн наадмын
хос медальтай, дэлхийн аваргад 14, тивийн аваргад 25 удаа медалийн
тавцанд гарч байсан, ОХУ-ын уран гимнастикийн түүхэнд Евгения
Канаевагаас хойш төрсөн хамгийн алдартай тамирчин юм. Тэрбээр 2007 оны
сүүлээр их спортоо бүрмөсөн орхиж, тухайн жилийн сонгуульд Нэгдмэл Орос
намаас нэр дэвшиж, Төрийн Думын гишүүн болсон байна.

Э.АНХТУЯА

Ерөнхийлөгч Путин эхнэр Людмилагийн хамт


Путины нэр холбогдсон уран гимнастикч Алина Кабаева

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж