
Сүүлийн өдрүүдийн гол дуулианы нэг болсон энэ хэргийн талаар “Түүнийг алга болсон гадаадын нэгэн иргэний хэрэгт сэжиглэж байгаа. Алга болсон гэгдэх хүн нь ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгч бөгөөд тэрээр 2004 онд манай улсад ирсэн” хэмээн "Өнөөдөр" сонинд мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Масимлян Лёонхарт Клойбер гэгч нь жирийн нэг иргэн, жуулчин, бизнесмен биш бөгөөд түүнийг нутагтаа луйврын хэрэгт холбогдсон тул ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж байсан бололтой. “М.Л.Клойбер Монголд хуурамч нэрээр, хувийн онгоц хөлөглөн 12 сая евротой ирсэн байна. Тэрээр Монголд хамтран амьдарч байсан монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй хэд хэдэн машин авч өгчээ. Монголд нуугдан амьдарч байхдаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан ч энэ хүний сураг алдарч, одоо үхсэн, амьд эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс цагдаагийнхан Д.Цогтбаатар хурандааг өөр бусад асуудлаас гадна энэ хэрэгтэй мөн холбогдуулан шалгаж байгааг “Өнөөдөр” сонин мэдээлэлдээ онцолсон байна.