Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

-Иргэд ээ, ой  хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү-

Он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд гурван удаагийн ойн түймэр гараад байна.  Тодруулбал, дөрөвдүгээр сар гарсаар найм хоногийн дотор гурван удаагийн ойн түймэр гарч, онцгой байдлын албан хаагчид, дотоодын цэрэг, дархан цаазат Богд-Хан уулын захиргааны ажилчдаас бүрдсэн нийт 332 хүн, 26 автомашин, техник хэрэгсэл, гурван морь, нисдэг тэргийг дайчлан нэг түймрийг бүрэн унтрааж, хоёр түймрийг цурманд оруулаад байна.

Ойн түймэр гарсан байршлын хувьд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,  дархан цаазат Богд-Хан уулын Их цагаан уулын Хөх асгатын хойд үзүүр гэдэг газарт уулын орой хэсэгт 3.5 га,  17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны “Билгүүний амны дээд эх” гэдэг газарт 3 га,  18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын Хийморийн овооны баруун энгэр Чандманийн ам гэдэг газарт 1.5 га, нийт 8 га газар гал түймрийн аюулд өртөөд байна. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тооцоолох боломжгүй, мэргэжлийн хүмүүсийн хамтарсан ажлын хэсгийнхний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр гарах юм.

Хуурайшилтын зэрэглэл өндөртэй байгаа бүсэд нийслэл хот орж байгаа бөгөөд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 03 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарлаа. Уг албан даалгаврын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, хэрэгжүүлэгч агентлагууд ногоон бүсэд 11 дүгээр сарын 11-нийг хүртэл эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж эхлээд байна.

Ой, хээрийн түймрийг тэтгэх гол материал нь  унаж үжирсэн мод, бут, сөөг, хөвд, өвслөг ургамлууд  байдаг байна. Ой, хээрийн түймэр гардаг гол шалтгааны 90 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой, үлдсэн хувь нь байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс /аянга, цахилгаан, биохимийн урвал, хүчтэй салхины улмаас мод, ургамалд үрэлт үүссэнээс гэх мэт/ болдог. 

Энэ сард гарсан дээрх гурван удаагийн гал түймэр нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болсон байх магадлал өндөртэй юм. Гал түймрийг бүрэн унтраасны дараа цагдаагийн байгууллага эзэн холбогдогчийг нь тогтоон, хариуцлага хүлээлгэх аж.

Ой, хээрийн түймрийн гаралт ойр ойрхон гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас дараахи сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна.  Үүнд: нийслэлийн ногоон бүсэд зорчиж байгаа иргэд ил задгай гал гаргахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтрааж, гал түлсэн тохиолдолд үнс, нурам, цогоо гүйцэт унтрааж аюулгүй болгох, ногоон бүсэд автомашин, техник хэрэгслээр зорчиж буй жолооч нар машин, тракторынхоо янданд оч баригч заавал хийх,  явуулын зуух хэрэглэж байгаа бол яндангийн цонолтоос оч алдах, гал гарахаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх, янз бүрийн галт сум, дохионы пуужин хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг галаар тоглуулахгүй байх,  техникийн хавиралт, үрэлт үүсэхээс сэргийлэх, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, хашаа хороо, ойр орчимдоо хамгаалалтын зурвас татаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хэрэв гал түймэр гарсан даруйд яаралтай 101 дугаарын утсанд залгахыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж