
-Таныг сүүлийн үед нэрд гараад байгаа “Аватар” багийн тоглогч гэдгээр хүмүүс андахгүй байх. Тэгэхээр өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Батбаярын Баатар гэдэг. Би 2006 онд Орос, Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцан өнгөрсөн онд англи хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Одоо “Улс төрийн тойм” сонины Улс төрийн албанд сэтгүүлчээр ажиллаж байна. Мөн “Аватар” сагсан бөмбөгийн багийн тоглогч.
-Та бол ирээдүйтэй тамирчин. Гэтэл бас сэтгүүлч. Хамгийн их хөдөлмөр шаардагдах хоёр мэргэжлийг эзэмшсэн байх юм. Яаж амжуулаад байна вэ?
-Амжуулалгүй яах вэ. Би чинь залуу хүн. Ид бүтээх насандаа яваа. Өөрөө ч хичээж байна. Би боломж байгаа дээр нь их зүйл бүтээхийг зорьж яваа жирийн сэтгүүлч. Өглөө ажилдаа ирнэ. Тэгээд л компьютерийнхаа ард суугаад ажлаа эхэлнэ. Мэдээж сургууль төгсөөд удаагүй болохоор сэтгүүлчийнхээ хувьд амжилт гаргах цаг хараахан болоогүй байна. Алдаа ч гаргана. Гэхдээ би тэр бүхнээс суралцдаг. Орой нь 18 цагт бэлтгэлдээ явна. Тоглолтод ч оролцоно.
Миний нэг өдрийн амьдралын хэв маяг иймэрхүү л байдаг.
-Сагсан бөмбөг бол багийн спорт. Тэгэхээрээ багийн тоглогч бүрийн оролцоо маш чухал байх тийм үү. Ер нь баг гэж юу вэ?
-Миний бодлоор баг гэж гишүүн бүр нь атгасан гар шиг байхыг хэлдэг. Бүгд яг нэг хүн шиг байна. Тэгж гэмээнэ амжилтад хүрч чадна. Миний хувьд “Аватар”, “Улс төрийн тойм” хоёр аль, аль нь бүгд нэг хүн шиг хөдөлж чаддаг тийм баг мөн. Саяхан манай сонины баг Эрдэнэтэд хотод болсон “Сонин” спорт өдөрлөгийн үеэр аваргын эзэн болсон. Үүнд би их баяртай байгаа. Миний хувьд л гэхэд “Улс төрийн тойм” гэсэн багийнхаа амжилтын төлөө хувийн бэлтгэлээ хэд хоног орхиж, тэмцээн болохоос 14 хоногийн өмнөөс эхлэн хамт олонтойгоо бэлтгэл хийсэн. Аваргын цом авахад манай багийн гишүүн бүрийн үүрэг, оролцоо маш их байсан. Бас бид их хичээсэн. Тиймээс энэ бол аз биш. Харин багийн амжилт гэж хэлж болох юм. Сагсан бөмбөг багийн спорт байдаг. Сонин ч гэсэн багийн тоглолт юм.
-Ингэхэд “Улс төрийн тойм” сонинд анх яаж ажилд орсон бэ?
-Би төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд ажил хайгаагүй. Харин нэг удаа оюутны ангийнхантайгаа уулзахад бүгд дор бүрнээ хамт олонтой болчихсон байгааг анзаарсан. Тэд бүгд ажил, хөдөлмөрийн талбарт хэдийнэ гарчихсан байсан. Их гоё санагдсан. Тэгээд л “Ажилд оръё. Дөрвөн жил сурсан зүйлийнхээ ид шидийг нь гаргая” гэж бодоод “Зар мэдээ” сонин дээрээс сэтгүүлч ажилд авах зар хайж эхэлсэн. Тухайн үед “Улс төрийн тойм” сонин зар тавьчихсан байсан. Би ч тэр зарын дагуу ирж, энд ажиллахаар болсон. Намайг шинэ хамт олон маань сайхан хүлээж авсан.
-Өмнө нь өөр газар ажиллаж байгаагүй юм уу?
-Би оюутан байхдаа TV5 телевизэд дадлага хийж байсан. Түүнээс биш сонин, тэр дундаа бүр өдөр тутмын сонинд ажиллаж байгаагүй. Миний бодлоор сонинд ажилласнаар сэтгүүлч хүн илүү ихийг сурч чаддаг юм шиг санагдсан. Хэл найруулгын хувьд зүгширч, илүү чадварлаг болох боломж нь нээгддэг гэх үү дээ.
-Та яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би уг нь бага байхдаа хуульч болох юмсан гэж боддог байсан. Манай ээж хуульч мэргэжилтэй болохоор тэгж хүсдэг байсан байх. Сургуулиа төгссөнийхөө дараа МУИС-ийн хуулийн ангид оръё гэж бодож байсан боловч харамсалтай нь бүтээгүй. Харин надад ХУИС-ийн ангиудаас сонголт хийх боломж гарч ирсэн. Тэгээд Англи хэлний орчуулагч, сэтгүүлчийн ангийг нь сонгосон юм.
-Орос сургууль төгссөн. Дараа нь англи хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжлээр суралцсан. Өөр ямар хэл мэдэх вэ?
-Герман хэл мэднэ. Би бас хятад хэл сурахыг хүсдэг. Манай мөнхийн хөрш орон гэдэг утгаараа Хятад орны талаар илүү ихийг мэдэж, хэлийг нь сурахыг хүсдэг. Бас би эх оронч үзэлтэй хүн. Тиймдээ ч эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тийм учраас шинэ мэдээллийг эрэлхийлж, шинэ бүхнээс суралцаж байж хүн хөгжих юм шиг санагддаг. Ийм учраас сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Сэтгүүлч хүн хамгийн мэдээлэл сайтай, түүнийгээ олон нийтэд хүргэж байдаг. Энэ утгаараа хувь хүн нь өөрөө цаг үргэлж сурч, боловсорч, хөгжиж байдгаараа онцлог. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг даа. Хүн өөрийгөө хөгжүүлж байж тэр хэмжээгээрээ улс, эх орондоо их зүйлийг хийж бүтээж чадна.
-Одоо хоёулаа сагсчин Баатарын талаар ярилцъя. Та хэдийнээс сагсанбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Бүр багаасаа. Ер нь хөвгүүд бүгд л сагс сонирхдог. Анх яг яаж тоглож байснаа би сайн санадаг юм. Тэр үед хоёрдугаар ангид байсан. Нэг өдөр аав дэлгүүрээс резинэн бөмбөг худалдаж аваад надад авчирч өгсөн юм. Тэгээд гадаа сагсны шийд зоосон. Би ч хавь ойрынхныгоо цуглуулж байгаад л тоглож гарлаа. Түүнээс хойш байнга сагс тоглодог болсон. Сургууль дээрээ ч гэсэн ангийнхантайгаа тоглоод орой болтол алга болчихдог үе байсан. Угаасаа хүүхэд юм чинь тэгээд нэг юм сонирхохоороо ухаан мэдрэлгүй болчихно. Сагсан бөмбөг гэдэг бол үзэгчдийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг спорт. Тиймдээ ч хүн бүрийн сонирхлыг татдаг шүү дээ.
-Тэгвэл хэзээнээс эхлээд мэргэжлийн тамирчин болсон бэ?
-Оюутан болсныхоо дараа ХУИС-ийн сагсанбөмбөгийн тэмцээнд оролцож түрүүлж байсан. Дараа нь хамт тоглосон найзуудтайгаа нийлээд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигээ багийг байгуулсан. Анх 2007 онд тэр багаараа Монголын оюутны лигийн тоглолтод оролцож, дөрөвдүгээр байрт шалгарч байв. Энэ нь бидэнд их урам болсон л доо. Миний хувьд тэр жилдээ “Хас” банкны “Хасын хөлгүүд” багийн тамирчин болж, багаараа гурван жил дараалан аварга болсон. Тухайн үед би талбай дээр төдийлөн олон минут тоглодоггүй байсан. Гэхдээ аажимдаа тоглох хугацаа нь нэмэгдсэн. Дараа нь “Хас” банкны “Хасын хөлгүүд” багаас гарч, “Милл хаус” компанийн “Аватар” багт орсон. Одоо манай баг плэй-оффт тоглож байна.
-Яагаад гэнэт “Аватар” багт орохоор болсон юм бэ?
-Өөрийгөө нээх зорилготой байсан гэх үү дээ.
-Тэгээд багаасаа сагсанбөмбөг тоглоод алга болчихоор гэрийнхэн чинь загнаж дургүйцдэг байв уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Оюутан болчихоод байнга тэмцээн, бэлтгэл гээд явахаар ээж нэлээд загнадаг байсан. “Миний хүү, хичээлээ хий. Ийм завгүй байвал яаж сайн сэтгүүлч болох юм бэ. Нөхөр минь, чи ер нь наад сагсаа боль” энэ тэр гээд л. Харин дараа нь спортоор амжилт үзүүлж эхэлсэн. Тэр үеэс гэрийнхэн маань намайг их дэмждэг болсон.
-Ер нь шантрах үе байв уу?
-Оюутан байхдаа лигт ороод анх цалин авч эхэлсэн. Оюутан залуу өдөржингөө хичээл, бие даалт, шалгалт гээд алга болно. Орой нь бэлтгэлд гарна. Гэрээсээ 08 гэж гараад 23 цагийн үед орж ирнэ. Маш завгүй байсан. Иймэрхүү байдлаар гурван жил гаруй хугацааг өнгөрүүлсэн. Тэр үед хэцүү л санагддаг байлаа.
-“Аватар” багийнхаа тухай ярихгүй юу. Танайд Америкийн сагсчид байдаг. Тэднийг яаж багтаа авсан юм бэ?
-Манай багийн тоглогч Кимарли Уиллъямс одоо 27 настай. Өмнө нь Германы лигт тоглодог байсан юм. Лэкс Жэймс АНУ-д коллежид, Кларенс Жеффригийн хувьд Филлипинид тоглож байсан. Харин Рафаэл Харрисон “NCAA”-ийн тоглогч байсан. Бүгд чадварлаг, мэргэжлийн тамирчид. Тэднийг манай дасгалжуулагч Ларри энд авчирсан. Ер нь бүгд л Монголд ажиллаж, тоглож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Энд их таалагдаж байна гэж ярьдаг. Ер нь тэдэнтэй харилцахад амар байдаг л даа. Одоо бид бүгд сайн найзууд болцгоосон.
-Харин дасгалжуулагчийн тухайд?
-Ларри Сантено гэдэг. Портэ Рикогоос ирсэн. Одоо 36 настай. Өнгөрсөн жил Монголд ирж, тэр үеэс эхлэн “Аватар” багийг дасгалжуулах болсон. Ларри дасгалжуулагч тоглолтын үеэр янз бүрийн юм захидаг. Гэхдээ хамгийн гол нь багийн тоглогч бүр сандрахгүй, тайван байж, яг нэг хүн шиг хөдөлж, ярих хэрэгтэй гэж хэлдэг юм.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Манай ээж Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх өмгөөлөгч. Монголдоо нэртэй сайн өмгөөлөгчдийн тоонд багтдаг. Харин манай дүү Б.Номиулан Орос, Монголын хамтарсан гуравдугаар дунд сургуульд сурдаг. Энэ жил есдүгээр ангиа төгсөнө.
-Хотын унаган иргэн үү?
-Тийм. Тэр дундаа бүр нэгдүгээр хорооллын унаган хүүхэд шүү.
-Үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж бодож байна вэ?
-Охид нь ухаантай, боловсрол мэдлэгтэй байх хэрэгтэй. Харин эрчүүд нь жинхэнэ мужик хүмүүс байгаасай гэж хүсдэг юм.
-Цаашдын зорилго чинь юу вэ?
-Сагсчин хүнийхээ хувьд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан сайн тоглогч болохыг хүсдэг. Харин сэтгүүлчийнхээ хувьд сайн тоймч болохыг хүсч байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.

"Улс төрийн тойм" сонин