НӨАТ-аас чөлөөлөх дараагийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас чөлөөлөх дараагийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

“Газрын тос болон нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр нь өндөр технологид суурилсан, асар их хэмжээний буюу ойролцоогоор 700 сая ам.доллараас 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг, хөрөнгө оруулалтаа 4,5–10 жилийн дараа нөхөх, өндөр эрсдэлтэй салбар бөгөөд урт хугацаанд төрийн тууштай дэмжлэг, татварын хөнгөлөлт бүхий дэмжлэггүйгээр уг төслийг бодит ажил хэрэг болгох боломжгүй. Азийн бусад улс орнуудад дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд санхүү татварын ямар хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг талаар Вьетнам, Индонез, Малайз, Мяньмар, Филиппин, Бангладеш зэрэг орны татварын орчныг судалж үзэхэд нийтлэг байдлаар орлогын албан татвар, гаалийн албан татвар, газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс урт хугацаанд чөлөөлөх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг төрийн бодлогоор бүрдүүлж өгдөг туршлага байсан” гэдгийг хууль санаачлагч танилцуулсан байна.

Гишүүдийн зүгээс “НӨАТ-ын хуульд зарчмын өөрчлөлт оруулах 37 мянган ААН-ийн эрх ашигтай холбоотой хуулийн төслийг боловсруулсан. Өнөөдөр НӨАТ төлж буй босго нь 10 сая төгрөг байгаа. Үүнийг нь 200 сая болгох төсөл өргөн мэдүүлээд байтал хэлэлцүүлэгт оруулж ирэхгүй байна. Босгыг нь 200 сая болгочихвол татварын орлого нэмэгдэнэ. Нийт татварын хоёр хувийг л энэ 37 мянган ААН бүрдүүлж байна” гэв.

Хуралдаан даргалагч З.Энхболд “Өнгөрсөн хугацаанд энэ мэт барьцаа хийж, ажил урагшлуулахгүй байсаар хорин жил өнгөрөхөд ганц дусал ч бензин үйлдвэрлэж чадсангүй. Засгийн газар өөрийнхөө мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэр байгуулахгүй, харин үйлдвэр байгуулах гэсэн хувийн хэвшлийнхэнийг дэмжих л боломжтой” гэсэн бөгөөд хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79,6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж