
Ойрын өдрүүдэд Хүүхдийн баяр гээд хөл хөдөлгөөн их л байлаа. Ер нь өдөр бүрийг өмчилсөн нэртэй болчихсон юм шиг байна. Байгаль хамгаалах өдөр л гэнэ. Баялаг бүтээх өдөр л гэнэ. Тэгэхээр одоо өөрийн гэсэн өдөртэй болох өдрийг өөрийн нэрэмжит болгож өмчлөх хүсэлт өргөн барьмаар байна. Ингэж хэлэх хүссэн нь өөрсдийн нэрэмжит өдөртэй болчихсон учраас тэр. Хамгийн гол нь дээгүүр доогуур хөөцөлдөж байгаад аятайхан амралтын өдрийг өөрийн болгочихвол сайн байна. Энэ л жинхэнэ ардчилал байх даа. Хүссэн ээ хийж дуу хоолойгоо нэгтгэх гэж өөрийн гэсэн өдөртэй болж байгаа юм чинь. Ядарсан нэгэн өдөр байтугай бор хоногоо арай гэж өнгөрөөж байна. Харин задарсан нэр хүнд хөөсөн нэг хэсэг нь өдөртэй болж байдаг. Монгол Улсад хамгийн их тохиодог өдөр нь сар бүрийн нэгэн байсан. Архигүй өдөр олон ч хүн бухимдалтай өнгөрөөдөг өдөр гэж хэлж болно. Гэтэл одоо бүр долоо хоногийн гурван өдөр нь архигүй байхаар болсон. Нэг талаар энэ нь сайн мэдээ нөгөө талаар таагүй мэдээ мэтээр олон хүн хүлээж авч байгаа. Гэтэл энэ архигүй өдрүүд ч хол байна аа. Бүр эзэнгүй өдөр гэж байхаа болилоо шүү. Дуртай нэг нь нэрэмжит, хүндэт, тэмдэглэлт өдөр гэж нэрийг хэд хоног гүйж байгаад л авдаг болжээ. Нэг ёсондоо баярлаж, амрах дуртай хүмүүсийн хувьд бол энэ олон өдрүүд сайхан байгаа юм. Жишээлбэл, Татвар төлөгчдийн өдөр гэж байхад бас Татварын байцаагчдын өдөр гэж байх жишээтэй. Тэгэхээр нэртэйгээр нь баярлах өдөр баярлахгүй өдөр гэж өдөр бүрийг нэрийдмээр ч юм шиг. Ямартай ч Монголчууд энэ олон өдрүүдэд их дуртай байгаа юм. Тиймээс хэн ч байсан хамаагүй өөрийн гэсэн нэрэмжит өдөртэй болчихвол амар. Тэр өдрөө өөртөө амралт өгөөд “Энэ бол миний өдөр” гээд “пээдгэр” байж болох нь дээ. Дээгүүр, доогуур хөөцөлдөж байгаад өөрийн гэсэн өдөртэй Монгол хүн бүр болцгооё. Яадаг юм бэ тэртээ тэргүй энгийн өдөр хомсдоод байгаа юм чинь. Өмчтэй хүмүүс болцгооё.