
Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар Гонконгийн “Сентиллион групп”-тэй хамтран, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах тухай” бага хурлыг Улаанбаатар хотод Кемпински зочид буудалд зохион байгууллаа. Уг бага хурлаар Гонконгийн хөрөнгийн биржийн үнэт цаасны маркетингийн тухай ерөнхий ойлголт, Монголын компаниуд Гонконгийн Хөрөнгийн Биржид үнэт цаасаа хэрхэн бүртгүүлэх, арилжаалах, тавигдах шаардлага зэргийн талаар Монголын аж ахуйн нэгж байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Уг арга хэмжээнд Гонконгийн Хөрөнгийн бирж ба Клирингийн компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Хувьцаа гаргагчийн маркетингийн газрын дарга Эрик Лэндхиер, Мacquarie Capital Adivsers компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн зах зээлийн газрын дарга, Ази тив, Сингапур улсыг хариуцсан захирал Марк Уорбуртон, Мacquarie Capital Adivsers компанийн гүйцэтгэх захирал Бардин Дэйвис, Нью Йорк Меллон банкны хадгаламжийн сертификат хариуцсан дэд ерөнхийлөгч Славомир Солтовски, KPMG компанийн партнер Мэльвин Гүэн, Baker & McKenzie компанийн партнер Жеки Ло, Монголын Худалдаа хөгжлийн банк ба TDB Capital компанийн ерөнхийлөгч Рандольф С.Коппа нар илтгэл тавьж, Монголын талаас 200 орчим төлөөлөгч оролцлоо.
Мөн маргааш өдөр нв буюу дөрөвдүгээр сарын 15-нд Гонконгийн KPMG компаниас “Санхүүгийн олон улсын тайлангийн стандарт” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Уг сургалт нь бүх шатны санхүүгийн ажилтан, брокер, диллерүүдэд зориулагдан олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, баримт бичгийн бүрдүүлэлт болон монгол улсад олон улсын тайлангийн стандартыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сэдвээр явагдлаа. 4 сарын 15-нд зохиогдсон “Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт” сургалтыг “KPMG” ХХК-ийн Партнер ,Аудитор Патрик Чу нээж үг хэлэн KPMG ХХК-ийн захирал хатагтай Жуди Рандлер дээрх сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд Банк, санхүү, брокер, аудитийн байгууллага, аж ахуйн нэгж компаниудын нийт 50 гаруй төлөөлөгчид хамрагдав.
Дээрхи арга хэмжээнүүдэд манай аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөгчид өргөнөөр идэвхтэй оролцсон нь цаг үеэ олсон арга хэмжээ болсныг харуулж байна.