Эрдэнэтийг геологи хайгуулын ажилдаа анхаарахыг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийг геологи хайгуулын ажилдаа анхаарахыг сануулжээ

ТӨХ-ны
шинэ удирдлага саяхан Эрдэнэт хот дахь Төрийн өмчит хувьцаат
компаниудын ажил байдалтай танилцаад иржээ. Дөчөөд жилийн түүхтэй,
зуугаад  мянган хүн амтай  Эрдэнэт хотод байрлан Төрийн үйлчилгээг
иргэддээ хүргэдэг “Эрдэнэтийн ДЦС”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх
сүлжээ”, “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэр, “Орхон-Азза”  зэрэг
ТӨХК-нууд дээр ажилласан байна. Орхон аймгийн голлох салбар нь уул
уурхайн олборлох үйлдвэр юм. Нийт 1700 шахам аж ахуйн нэгжид 34 мянган
хүн ажиллаж жилдээ нэг триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс
90 орчим хувийг нь жилдээ 26 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дангаараа гаргадаг байна. “Эрдэнэт”
үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49
хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг.

ТӨХ-оос ил тод нээлттэй
байх үүднээс алдагдалтай ажиллаж байгаа 24 компанийг зарласан. “Эрдэнэт”
үйлдвэр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 382 тэрбум төгрөгийн өртэй,
132 тэрбумын бараа материалын үлдэгдэлтэй байгаа юм байна. Өнгөрсөн сард
болж өнгөрсөн хоёр орны зөвлөлийн хурлаар өмнө батлагдсан хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөг эргэж харах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг
шийдэх, компаний хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, үйлдвэрийн
насжилтийг уртасгах, нөөцийг өсгөх үүднээс геологи, хайгуулын ажлыг
эрчимжүүлэх ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна гэж үзсэнээс
зарим ажлыг нь эхлээд байгаа талаараа Хорооны удирдлагуудад тус
хамтарсан үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан. Мөн Дэлхийн зах зээл дээр
зэсийн үнэ унах болсон нь эрсдэл дагуулж байгааг тэд онцолж байлаа.

Харин
ТӨХ-ны удирдлагууд “Эрдэнэт” үйлдвэрийг юун түрүүн геологи хайгуулын
ажилдаа анхаарахыг сануулжээ. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Совет”-ийн
хуралдаанаас өгсөн тодорхой үүрэг даалгаварын дагуу  геологийн ажлын
шинэчлэлд эргэлтийн том алхам хийх үүднээс бэлтгэсэн холбогдох
материалаа ТӨХ-ны даргад гардуулан өгсөн байна. ТӨХ-ныхон “Эрдэнэт”
үйлдвэр дээр ажилласныхаа дараа “Орхон Азза” зам засвар арчилгааны
компанийн үйл ажиллагаатай танилцсан. Эдгээр компаниуд санхүүгийн
алдагдалгүй ажиллаж байгаагаас гадна өөрсдийн хөрөнгөөр таван жилийн
дотор өөрсдийн гэсэн байр, авто машины дулаан гараш зэргийг барьж
байгуулжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж