Мазаалайг хэрхэн аврах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Мазаалайг хэрхэн аврах вэ?

Мазаалайг аврах гэж буй Монголчуудад дэлхий
нийт яагаад туслах ёстой вэ

2012 оны сүүлээр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарлажээ. Говийн баавгай буюу мазаалай нь мөхлийн ирмэгт тулаад байгаа нэн ховор амьтан бөгөөд саяхан уг амьтнаас 22 толгой үлдсэн гэдэг тооцоо гарчээ. Монгол Улсад мазаалай агнахыг аль 1953 оноос эхлэн хориглосон хэдий ч уг баавгайн тоо буурахад байгаль орчны доройтол голлон нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх, түүнийг дэлхийн түв­шинд ойлгуулан сурталчлах үүд­нээс манай “Азийн блог” булан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд асан, Га­даад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг мөн нэгэн үе хашиж байсан Дамдины Цогтбаатарын нийтлэлийг уншиг­чиддаа толилуулж байна. Нийт­лэлд энэхүү гайхамшигт бөгөөд өвөрмөц амьтныг аврах нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг тайлбарлажээ.

Говь цөлийн талаар яриа өрнүүлэхэд олон хүний ой тоонд эцэс төгсгөлгүй, амьдралгүй, нохой гаслам халуу шатсан, элс пургиж, шуурга нүдсэн газрын дүр төрх хамгийн түрүүнд буудаг байх. Гэтэл бодит байдал үүнээс тэс өөр. Монголын говь бол олон ховор  амьтдын өлгий нутаг юм. Тэнд хавтгай, тахь, бөхөн, ирвэс зэрэг амьтад нутагладаг бөгөөд тэдгээрийн тоо толгой хэдэн зуу­гаас хэдхэн мянгад л багтана. Гэхдээ устаж алга болох эрсдэл талаас нь үзвэл тэдгээрийн аль нь ч нутгийнхны мазаалай хэмээн нэрлэдэг говийн баавгай(Ursus arctos gobiensis)-тай хавьтаж дүй­цэхгүй.

Устан алга болж буй баавгайн тухай ярихаар юун түрүүнд панда баавгайн эгдүүтэй төрх л төсөөлөгддөг. Гэтэл энэхүү панда баавгайн тоо мазаалайнхаас даруй 60-70 дахин давсан байдгийг тэр бүр хүн анзаардаггүй. Дэлхий дээр ердөө л 22-хон мазаалай үлдээд байгаа. Тэгтэл устан алга болох эрсдэлд орсон топ 10 амьтныг нэрлэсэн төрөл бүрийн цахим хуудсуудыг сонирхон нээхэд говийн баавгайн тухай ганц ч үг өгүүл­бэр байхгүй байгаа юм.  Харин жагсаалтад орсон  амьтдаас маш цөөхөн  нь (тухайлбал Галапагосын аварга яст мэлхий) ховордсон байдлаараа мазаалайтай дүйцэхүйц байдаг.

Яагаад ийм байдаг билээ гэдэг асуулт үүнийг дагана. Нэгдүгээрт, энэхүү амьтан маш бага судлагдсан. Уг баавгай нь бие даасан төрөл зүйл юм уу, эсхүл дэд зүйл юм уу гэдэг нь генийн түвшинд эцэслэн тодорхойлогдоогүй байгаа юм. Түүний үсэнд хийсэн ДНХ-ийн судалгаагаар мазаалай нь Ги­малайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus)-тай хамааралтай байж болзошгүй гэсэн дүгнэлт гар­сан байдаг. Үүний зэрэгцээ, монголчуудын мазаалайг гэсэн дуу хоолой 7 тэрбум хүн төрөлхтний хүүрнэл чимээнд замхараад байдаг байх. Ямартай ч 2 тэрбум хүний панда баавгайн төлөөх дуу хоолойг давж сонсогддоггүй юм байна.

Говийн баавгай нь хүрэн баавгайн дэд зүйл хэмээн тогтоогдлоо ч тэдгээр хүрэн баавгайн аль нь ч говьд амьдарч чадахгүй (ямар ч баавгай нь мазаалайтай садан төрөл  эсэхээс үл хамааран эдүгээ байгалийн жам ёсоороо говьд өөрийгөө дасан зохицуулж чадахгүй). Тэгээд ч энэ амьтныг бие даасан зүйл биш, дэд зүйл эсэхээс нь үл хамааран хамгаалах ёстой. Учир нь олон дэд зүйл амьтад (тухайлбал, хар, цагаан хирс, хар мөрний/манжуурын ирвэс) олон улсын түвшинд хамгаалагдах ёстой хэмээн зарлагдсан нэн ховордсон амьтдын тэргүүлэх арвын жаг­саалтад багтсан л байдаг.

Мазаалай бусад баавгайнаас бас ялгаатай. Хэрэв ойн баавгайн нутаг 12-15 км2 байдаг бол мазаалайнх 650-1200 км2-ийн хооронд хэл­бэлздэг. Бусад баавгайтай харьцуулахад мазаалай бараг махчин биш: түүний хоол тэжээлийн 10 хүрэхгүй хувь нь л шавьж хорхой, хэвлээр явагч амьтдаас бүрддэг бол үлдсэн хэсэг нь ургамал, түүний үндэс, ёзоор, жимснээс бүрддэг. Эцэст нь мазаалай “ах нар”-аасаа жижиг байдаг бөгөөд ердөө 70-140 кг жин татдаг. Гэхдээ түүнийг баавгай гэдгийг олон онцлог нь илтгэдэг. Тэдний биеийн ерөнхий галбир бүтэц төстэй. Түүнчлэн тэд өвөл бас ичдэг.

Товчхондоо, говийн энэхүү гай­хамшгийг бүтээхэд байгаль дэлхий хэдэн мянган жилийн хувьсал, хөдөлмөрөө зарцуулсан байгаа. Хэрэв бид  энэхүү хугацааг 24 цагийн тоололд оруулаад уг амьтны тоо нь огцом цөөрч, амьдрах орчин нь улам доройтсоор байгааг тооцоондоо тусгавал мазаалай устан алга болох цаг тооллынхоо сүүлчийн секундтэй тулгараад бай­гаа мэт болох юм.

Гэтэл уг амьтны хувь заяа ийм гунигтай байх ч албагүй л юм. Түүний хувь заяа өөрөөр эргэх боломжтойг илэрхийлэх бодит жишээг хол явалгүй Монголоос ч олж болно. Тахь гэдэг адуу 1960-аад оны үед Монголд устан алга болоход ердөө 12-хон тахь Европын амьтны хүрээлэнгүүдэд үлдсэн байдаг. Ийм тооноос бид эдгээр адууг өсгөж чадсан. Одоо зөвхөн Монголд байгаа тоо толгойг нь л аваад үзэхэд 200-ийн босгыг давчихсан явж байгаа юм.

Тиймээс хэрэв бид сэтгэл гар­гах юм бол мазаалайн хувьд найдвар байгаа гэж би боддог. Энэ амьтан бол бүхий л хүн тө-рөлхтний өв, тиймээс зөвхөн Монгол Улсын төсвийн ивээлд түүний устах сэхэхийг үлдээж үл болно. Монголын Улсын төсвийн хамгийн гол бодлого нь бол улс орондоо буй ядуурлыг бууруулж,  иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Ийм  ч учраас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар жилд 5000 гаруй ам.долларыг л мазаалай хамгаалах зорилгоор төсөвтөө суулгаж ирсэн. Зөвхөн 2005 онд 140 мянга орчим ам.долларын санхүүжилтийг хуваарилж чадсан. Гэсэн хэдий ч үргэлжлүүлэн санхүүжүүлэх эх үүсвэр дутсанаас эдгээр хөрөнгө оруулалт нь үр дүн багатай болсон. Харин энэ жил Засгийн газраас 200 мянга орчим ам.долларыг хуваарилсан бөгөөд харамсалтай нь ийм хэмжээний санхүүжилтийг цаашид тогтмол үргэлжлүүлэх бодит боломж бас харагдахгүй л байгаа.

Дээр дурьдсан зүйлсийг хар­галзан олон улсын ногоон хөдөл­гөөнийнхөн, Монгол Улстай хамтраад энэ амьтныг хамгаалах үйлсэд гар нийлэн ажиллах хэрэгтэй бай­гаа юм. Америк, Канадын зарим баавгай судлалын хүрээлэнгүүд Монгол Улсыг мазаалай хам­гаалах асуудлаар дэмжсэн боловч тэдгээрийн санхүүгийн боломж хязгааргүй байгаагүй. Тиймээс одоо олон улсын ногоон бай­гууллага, хөдөлгөөнүүдийн хүчин чармайлт нь маш чухал байгаа бол­но. Тэдгээр нь хамтарсан сан­хүүжилтийн тогтвортой эх үүс­вэр байхын зэрэгцээ, шинжлэх ухааны үндэстэн дамнасан мэдлэг, туршлагаар дэмжих талаасаа бас чухал байж болох юм.

Хэрэв бид санаа сэтгэлээ нэгтгэн зүтгэвээс мазаалайн дээр дурдсан эцсийн цаг тооллыг эргүүлэн түүнийг үл тоож, үл мэддэг байсан явдалд цэг тавих сүүлчийн тоолол болгон хувиргаж болох юм. Ийм эргэлтийг хийж чадваас биднээс болж устан үгүй болсон хэдэн мянган зүйл, дэд зүйл амьтадын гэгээн дурсгалыг бид хүндэтгэж буй үйлдэл болох юм.  Мазаалайг аварч чадваас бид нэгэнт гаргасан урьд урьдын алдаандаа арга тасарсан байдалтайгаар зүгээр нэг гэмшээд өнгөрөхгүй, эдгээр алдааныхаа хажуугаар мөр хавчих төдий үл тоосон байдалтайгаар гарахгүй, харин уг алдаануудаасаа сургамж авч, цаашид сүйтгэгч хандлагаасаа татгалзаж, илүү нин­жин сэтгэлтэй бодь галууд болохыг эрмэлзэж буйгаа өөрөө өөртөө бид илэрхийлэх юм.

www.asiasociety.org цахим хуу­дас­ны англи хэлнээс орчуулгыг Сэрээновын
МАНДАХБАТ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж