Евро бүсийн хямрал үүнд хамгийн их хамаатай. Европын ихэнх улсад ажил хийдэг залуусын дийлэнх нь жижиг, дунд аж ахуйн газар ажилладаг байсан. Евро бүсийн хямралд хамгийн их хохирол амссан давхарга нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд. Тэд хямралын давалгааг тэсээгүй учраас залуучууд ийнхүү ажилгүй болоход хүргэжээ. Томоохон компаниуд мэргэжсэн чадвартай залуусыг ажилд авдаг бол жижиг, дунд аж ахуй эрхлэгчид залуухан, ажлын цаг даахаар бол арын намтар нь огт хамаагүй, цалингийн цэс нь ч боломжийн бүрддэг залуусыг ихээр ажиллуулдаг байсан аж. Тус бүсийн залуусын ажилгүйдэл тийм ч хурдан буурахгүй гэдгийг Европын сэргээн босголтын банк баталж байгаа. Тиймээс евро бүсээс хамгийн түрүүнд ямар нэгэн алхам хийж, ажилгүйдлийн хурдыг сааруулахын тулд зургаан тэрбум евро шаардлагатай гэж мэдэгдээд байна. Сүүлийн найман жилд евро бүс хямралыг бууруулахын тулд орон бүрт зээл өгч, бонд гаргах нь энгийн асуудал болоод байгаа. Өмнөх өрөө авах асуудал тодорхойгүй байхад дахин мөнгөний туслалцаа шаардлагатай болоод байгаа нь догонцсон Европыг улам л хүнд байдалд оруулж болох.
Евро бүсийн хамгийн их хямралтай байгаа улсуудад залуусын ажилгүйдэл бусад улсынхаас хэд дахин их байгааг санах хэрэгтэй. Тухайлбал, Грекийн ажилгүйчүүдийн 54 хувь, Испанийн 56 хувь, Итали, Португалийн 38 хувь нь 18-24 насны залуус эзэлж байгаа аж. Бусад улсад энэ тоо 15 хувиас хэтрэхгүй байгаа юм. Хэрвээ евро бүс дахин бонд гаргана гэвэл эдгээр улсуудын зээлийн нөхцөлийг дахин харж үзэх шаардлагатай болно. Гэхдээ бонд гаргахгүй, мөнгөн туслалцаа үзүүлэхгүй байж ч болох талтай. Учир нь Грек, Испани зэрэг улсуудад зээл үзүүлэхдээ ажилгүйдлийн төвшинг бууруулна гэсэн нөхцөлийг зааж өгсөн байгаа.
“Жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдөө зээлтэй байдаг. Түүнийгээ төлж чадахгүй олон газар дампуурал нүүрлээд байгаа юм. Үүнээс хамгийн их хохирч байгаа нь залуус. Хэрвээ үүнийг засч залруулья гэвэл маш том бодлого боловсруулж, хөлс, хүч шаардсан ажил өрнөх нь тодорхой. Би шударгаар хэлье. Ойрын хоёр жилдээ залуусын ажилгүйдэл буурахгүй л болов уу” гэж Европын сэргээн босголтын банкны ерөнхийлөгч Вернер Хойер ярьжээ.
Өнгөрсөн оны шуугиантай үйл явдлын нэг нь Европын холбоонд Нобелийн энх тайвны шагнал өгсөн явдал. Хямрал гэдэг ойлголтоор Европын холбоог төсөөлөх болсноос хойш анх удаа энэ холбоонд нэр хүнд бүхий шагналыг өглөө. Гэтэл бодит байдал арай өөр байна. Өнгөрсөн жилийн сүүлээр евро бүсээс зээл авахаар болсон Испани улс энэ жил ч нэмж зээл авахаар Засгийн газрын төвшинд яригдаж байна. Үүнд залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдсэн нь нэмрээс болсон гэхэд хилсдэхгүй. 2012 оны зургадугаар сараас европын холбооноос 10 жилийн долоон хувийн хүүтэй 100 тэрбум еврогийн бонд авахаар ярилцаж эхэлсэн бөгөд 2012 оны аравдугаар сард л энэ шийдвэрийг Испанийн тал бүрэн зөвшөөрсөн юм.
Ажилгүйдэл ганхсан Европын хамгийн том асуудал нь болсон. Харах гээд оролдъё. Испанид ажилгүйдлийн төвшин 20-иос дээш хувийг зааж эхэлсэн бол Грекд аль хэдийнэ 30 хувь хүрсэн. Тивээр нь дундаж тооцоог гаргавал 17 хувийг зааж байгаа. Евро бүсээс үүнийг буулгах бодлого баримталж байгаа ч бодлого нь тодорхой болсонгүй. “Ямар ч байсан энэ жил бид инфляцийг өсгөхгүй байх бодлого баримтална. Хамгийн гол нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ажилгүйдлийг хэрхэн барих вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бүх зүйл шийдэгдчихээгүй байна шүү дээ” гэж Евро парламентын дарга Мартин Шульц ярьжээ.
Евро бүсийн сангийн сайд нарын албан ёсны бус уулзалт ирэх наймдугаар сард Брюссель хотноо болохоор товлогдоод байгаа. Энэ хурлаар зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлын нэгдүгээрт залуусын ажилгүйдлийг ярихаар болжээ. Хэрвээ үүнийг бууруулах талаар ямар нэгэн алхам хийхгүй бол ганхсан Европыг улам хүнд байдалд оруулж болзошгүй юм. Ямар ч байсан харанга дэлдээд эхэлсэн.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №014
