Даатгалаа нөхөн тооцуулахад 60 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Даатгалаа нөхөн тооцуулахад 60 хоног үлдлээ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад долоон сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд нийгмийн даатгалын зөрүүг арилгаж, нөхөн төлсөн иргэд нийт төлөх хүмүүсийн 50 хувь нь шимтгэлээ төлсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тооцооллоор 500-700 мянга орчим хүн ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн төлөх тооцоо гарсан байна. Хууль хэрэгжээд долоо сарын хугацаа өнгөрч байгаа ч эдгээр хүмүүсийн 50 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлээд байгааг албаныхан хэлж буй.
Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрт ногдох 10 хувиар тооцон төлснөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой болохоос гадна Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн Бүрэн тэтгэвэр авах, Бүрэн тэтгэвэр авч байгаа нь нэмэгдэл тэтгэвэр тогтоолгох бололцоо бүрдсэн. Иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож Нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болох аж.

Хуульд зааснаар тухай оронд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувийг сард төлнө гэсний дагуу 1995-1998 оны долдугаар сарын 1-ийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан гэж тооцоолбол нэг сард 960 төгрөг төлөх юм байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1998 оны долдугаар сарын 1-ээс 2000 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл 12 мянган төгрөг байсан байна. Энэ хугацаанд ажилгүй байсан хүмүүс сард 1200 төгрөг төлөхөөр байгаа аж. Тиймээс 2000 оны сүүлийн гурван сард тус бүр 1800 төгрөгийн шимтгэл төлөх юм байна. Ер нь 1995-2000 оныг дуустал нийт төлбөл зохих шимтгэл 78 мянга 120 төгрөг болж байгааг албаныхан хэлж буй. Гэхдээ даатгуулагчийн амьдрал, ажиллаж байсан түүхээс шалтгаалаад шимтгэл төлөх хугацаа нь олон янз байгааг хуульд тусгасан байна.

Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөд 60 гаруй хугацаа үлдээд байгаа бөгөөд энэ хугацаанд амжиж нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж