Найман хувийн зээлийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Найман хувийн зээлийн эргэн тойронд

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн ерөнхий журмыг гаргалаа. Журам батлагдсанаар 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах боломж нээгдэх юм. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэхчлэн урьд өмнөхөөс нааштай гэж болох заалт журамд багтжээ.  Уг журмын талаар талаар хэн, юу өгүүлснийг доор нийтлэв.

Хөтөлбөрийг найман хувийн хүүтэйгээр үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

 
-Бид дэлхийн банктай хамтраад орон сууцны талаар судалгаа явуулж байгаа. Манай Засгийн газар орон сууцны хүүг найм дээр нэмэх, хасах гэдэг тоон дээр тогтсон.

Өөрөөр хэлбэл, жилийн найман хувийн хүүтэй хөтөлбөр байх уу, эсвэл түүнээс их, бага байх уу гэдгийг ярьж байна. Шууд жилийн найман хувийн хүүтэй хөтөлбөр гаргана гээд зарлачихвал өмнө нь зээл авсан хүмүүст асуудал үүснэ. Юм гэдэг хоёр талтай шүү дээ.

Тиймээс хүүн дээр нэлээд ярьж байна. Цаашид ямар ч Засгийн газарт бодлого шилжихэд тогтвортой байх тэр сис­темийг бий болговол иргэдэд илүү ач холбогдолтой. Яагаад найм дээр нэмэх, хасах гэж яриад байгаа гэвэл инф­ляци буураад ирвэл долоон хувьд ч хүрэх бололцоотой юм.

Зээлийн эх үүсвэрийн
талаар мэдмээр байна уу?


Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд

-Та бүхэн зээлийн эх үүс­вэрийн талаар мэд­мээр байгаа нь мэдээж. Сэтгүүлч бүр үү­нийг асууж байна.  Одоогоор зээл олгох банкууд, Монголын ипотекийн корпорацийн аль аль нь мөнгөгүй, нийгмийн даатгалын сан хасах баланстай, Засгийн газарт ч эх үүсвэр хомс байгаа. Энэ нөхцөлд Төвбанк хуульд заасны дагуу эх үүсвэрийг гаргана. Тэгэхдээ эхлэлийн санхүүжилтийн зээлийн шугамуудыг шаардлага хангасан арилжааны банкуудад нээх юм. Банкууд тэр мөнгийг болзол хангасан иргэдэд зээл болгож өгнө. Энэ тохиолдолд банк өөрийн гэсэн ипотекийн санхүүжилтийн зээлийн багцтай болчихож байгаа юм. Үүнийг нь Монголын ипотекийн корпораци өөрийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг банкуудад зарах замаар авна. Тэр үнэт цаасыг банкууд Монголбанкинд худалдана. Эцсийн дүндээ Монголбанкны эхлэлийн санхүүжилтээр гарсан мөнгө явсаар байгаад буцаж, үнэт цаас болоод ирэх нь. Энэ үнэт цаасыг Нийгмийн даатгалыг санд худалдах замаар төгрөгөө эргүүлж татах юм. Арилжааны банкуудад ч ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ.

Энэ жил хэрэгжих боломжгүй гэж харагдаж байгаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми:

-Зээлийн хүүгийн хувьд багасах боломж бий. Ихэнхдээ арилжааны банкууд гаднаас хямд эх үүсвэр олж байгаа. Тэгэхээр банк тодорхой хэмжээгээр хямд эх үүсвэр олж түүнээ зээл хэлбэрээр гаргаж дундаас нь ашиг олдог. Нөгөө талаас манай улсад зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь эрсдэл ихтэй. Орон сууцны зээлийн хүүг найман хувьд барих боломж бүрдүүлэхийн тулд санхүүгийн зах зээлд нэлээд дэмжлэг, татаас хэрэгтэй. Ингэж чадвал боломж бий. Гэхдээ эдийн засаг ийм хүнд байгаа үед орон сууцны зээлийн хүү найман хувьтай байна гэдэг энэ жилийн тухайд арай биелэгдэхгүй гэж харж байна.

Д.СУРА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №014

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж