
Плей-оффын эхний сюрпризийг “Нью-Орлеан Хорнетс” барьж, аваргууд буюу “Ло-Анжелес Лейкерс”-ийг талбайд нь хожсон. Харин дорнод бүсийн долдугаар байраар шалгарсан “Филадельфия-76” болон дэд аварга “Майами Хит”-ийг эхний тоглолтын эхний хагаст талбайд нь нэлээд сандаргалаа. Гэхдээ төгсгөлөө муу хийж, эхний хожигдлоо хүлээсэн билээ.
Харин өнөөдөр тус цувралын хоёр дахь тоглолт мөн л нарлаг Майамид болж өндөрлөлөө. Эхний тоглолтдоо үзүүлсэн сайн эхлэлийг зочид энэ удаад хийж чадсангүй, нэгдүгээр үеийн тоглолтод ердөө 20-хон хувьтай шидэж, тоглолтыг тааруу эхлүүлсэн. Хоёрдугаар үед ч байдал дээрдсэнгүй, талбайн эздэд олон онооны давамгайлал олж авах боломж олгосон юм. Улмаар “Майами” эхний хагасыг 49:31 харьцаатай илүүрхэн үлдсэн хоёр үед тэргүүллээ хадгалан тоглосоор 94:73 харьцаатай ээлжит хожлоо байгуулж, цувралыг 2:0 харьцаатай тэргүүлж эхэлжээ. “Хит”-ээс Леброн Жеймс 29 оноо, долоон самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт хийн жигд тоглолт үзүүлсэн бол Крис Бош 21 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар дабл-дабл хийж, багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Харин энэ тоглолтод толгойн өвчний улмаас орохгүй байж магадгүй гэгдэж байсан Двейн Уейд талбайд гарч ирэн хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна. Тэрбээр 14 оноо, зургаан самбараас бөмбөг авалт хийсэн.
Хоёр дарааллан хожигдсон зочин багаас сэлгээний залуус нь түлхүүр тоглогчдоосоо сайн тоглолт үзүүлжээ. Таддеус Ян 18 оноо, зургаан самбар, Эван Тернер 15 оноо мөн л зургаан удаагийн самбараас бөмбөг авалт хийсэн юм. Хэдийгээр “76” багийн статистик өрсөлдөгчийнхөөсөө бага гэх зүйл ажиглагдахгүй ч тэдний хожигдлын гол шалтгаан нь тааруу шидэлт нь болсон байна. Тус тоглолтод багаараа нийт 79 шидэлт гүйцэтгэж 27-г нь л цагаригт оруулсан аж. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт энэ сарын 22-нд “Филадельфия”-гийн талбайд болно.