Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг хэлэлцэнэ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлээд байна. Хуулийн төслийг гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжлэг хүлээвэл УИХ-аар хэлэлцүүлэх ажээ. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хугацаа Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлахтай холбоотойгоор энэ хүртэл хойшлогдож байгаа талаар албаныхан мэдээллээ.

Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн заалттай адил байх ажээ. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч, шүүлт хийн зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд хайгуул хийх талбайн аймгийн Засаг даргад хүргүүлэх юм байна. Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон эсэхээ Ашигт малтмалын газарт мэдэгдэж, кадастрын бүртгэл хийлгэх ажээ. Ингэснээр тусгай зөвшөөрлүүдийн бүртгэл давхцах асуудал үүсэхгүй тухай албаныхан хэлж байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд, Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхтэйгээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгдөг зарчмаар олгох юм байна. Үндсэндээ уг хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тусгай зөвшөөрөл олгох газрыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж байх тухай заажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж