Б.Мөнхцэлмэг: Багш нар эрх баригчдад хичээл заана

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Б.Мөнхцэлмэг: Багш нар эрх баригчдад хичээл заана

“Нийтийг шинэчлэх багш нарын холбоо” нэртэй байгууллага одоогоос нэг сарын өмнө байгуулагджээ. Нэрийг нь сонсохоор социалист нийгмийн уриа лоозон мэт сонсогдох энэ байгууллагад 80 гаруй эрдэмтэн багш нар нэгджээ. Ямар зорилготой байгуулагдсан,юу хийхээр төлөвлөж байгаа талаар нь холбооны тэргүүн  Б.Мөнхцэлмэгтэй уулзаж тодрууллаа.

-“Нийтийг шинэчлэх багш нарын холбоо”-гоо танилцуулахгүй юу?

-Нийтийг шинэчлэх багш нарын холбоо нь төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн 80 гаруй эрдэмтэн,багш нараас бүрдсэн байгууллага юм. Анхны хуралдаанаа хийж, үүсгэн байгуулагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна.

-Холбоо  цаашид ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ?

-Төр аливаа шийдвэр гаргахдаа эрдэмтдээ сонсч, санал зөвлөмжийг тусгаж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд багш эрдэмтдийн санал санаачлага, судалгаа шинжилгээний ажлыг төр засагт хүргэх, хэрэгжүүлэх тогтолцоо төдийлөн сайн байсангүй.  Ер нь анзаараад байхад багш, эрдэмтэн гэдэг үгний үнэ цэнэ үнэхээр алга болсон байна. Тэднийг зүгээр л нэг үглэгч, номлогч мэтээр хардаг болсон. Төр эрдэмтдээ сонсохгүй ажиллана гэдэг болмаш том аюул.Багш нарын гол давуу тал нь чиглэл чиглэлээр мэргэшсэнд байдаг. Жишээ нь уул урхай, эдийн засаг, инженер, банк санхүү зэрэг нийгмийн бүхий л салбарын боловсон хүчнийг багш л бэлтгэдэг. Төрөөс тэдний оюуны нөөцийг улс орны хөгжилд ашигламаар байна.  Ийм учраас бидний хийх гол ажил бол өөрсдийн санал санаачлага, судалгаа шинжилгээний ажил, эрдмийн бүтээлийг төрийн бодлогод тусгуулах, төрийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэнэ.

-Багш нарын хувьд өнөөгийн боловсролын салбарын шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хагас жил болж байна. Бидний хувьд шүүмжилмээр юм олон байсан, сайшаамаар зүйл ч их байсан. Харин энэ дундаас боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хувьд бид их сэтгэл хангалуун байгаа. Энэ салбарт шинэ салхи орж ирж байгаа нь мэдрэгдэж байна. Тэр тусмаа багшийн чанарыг сайжруулахад анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь маш зөв. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд намар ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгож чадаж байна. Энэ эрчээрээ дөрвөн жил ажиллахад их хэмжээний өөрчлөлтийг хийж чадна гэж харж байгаа. Гэхдээ сайныг дагаад саар юм үргэлж байдаг. Боловсролын яамнаас харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтны томилгоонд анхаарлаа хандуулмаар байна. Мэдээж бодлого боловсруулах байгууллага доод шатны байгууллагын ажилд нэг бүрчлэн оролцоод байх нь зохимжгүй л дээ. Гэхдээ дээрээс хичнээн зөв бодлого гаргасан ч доод шатандаа хэрэгжүүлэх нэгж нь чадамжгүй байвал бодлого бүрэн хэрэгжихгүй шүү дээ. Магадгүй бид буруу харж байж ч мэдэх юм. Гол нь үүнийг цаг хугацаа л харуулах байх. Бид маш анхааралтай ажиглаж байгаа.

-Танай холбоо гишүүнчлэлээ яаж бүрдүүлсэн юм бэ?

-Улс орны хөгжилд өндөр хувь нэмэр оруулахуйц шинэ санал санаачлага дэвшүүлж буй хэнтэй ч нэгдэж, түүнийг нь төр засгийн бодлогод тусгахын төлөө хамтарч ажиллахад бэлэн. Өөрөөр хэлбэл гишүүнчлэл нээлттэй гэсэн үг.Багш эрдэмтэд маань нийгэмд оролцоо өндөртэй байж, мэдлэгжсэн мэргэшсэн чиглэлийнхээ дагуу нэгдэж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах нь нэн чухал байна. Тун удахгүй төр засаг маань эрдэмтэн, багш нараа нягт сонсдог болж, тэд оюутнаас гадна эрх баригчидад хичээл заадаг тогтолцоо ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ч.УНДРАХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж